ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI)-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч, ноён Крэйг Кастанья, Азийн сан (Asian Foundation)-гийн Хөтөлбөрийн захирал, хатагтай Тришиа Болд тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд БНОУХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Крэйг Кастанья Сонгуулийн ерөнхий хорооны шинэ удирдлагад баяр хүргэн ажлын амжилт хүсээд АНУ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжсэн “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь төслийн эхний болон 2 дахь шатны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Уг төслийн эхний шатны ажил саяхан болж өнгөрсөн Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн үеэр хэрэгжсэн бөгөөд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, Глоб интернэшнл төв, Азийн сан, Зориг сан, Сонгогчдын боловсрол төв гэх мэт байгууллагуудтай хамтран ажиллаж сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд өргөн хүрээтэй ажлуудыг амжилттай хийж ирсэн. Залуучуудын зүгээс ч сайшаалтай хүлээн авсан.

Төслийн хоёр дугаар шатанд дээрх ажлуудын үргэлжлэл болгон Азийн сантай хамтран Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Глоб интернэшнл төв, Зориг сан, Сонгогчдын боловсрол төв гэх мэт төрийн бус байгууллагуудтай ажиллах бөгөөд орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн үеэр иргэд сонгогчдыг идэвхжүүлэх, залуус иргэдэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын онцлог, ач холбогдлын талаар ойлголтыг түгээх ажлуудыг хийх талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “М анай улс хүн ам цөөн, газар нутаг том учраас тархмал суурьшилтай. Энэ нь сонгууль зохион байгуулах ажил, сонгогчдын сонгуулийн оролцоонд ч нөлөөлөх тал бий. Сонгууль болгон өөрийн гэсэн онцлогтой. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд хуулиараа ирцийн босго тогтоогоогүй ч гэсэн бид үүнд тайвширч болохгүй. Иргэд сонгогчдын оролцоог өндөр байлгах, мэдлэг мэдээлэлтэй оролцоход нь олон талт арга хэмжээ авах ёстой. Та бүхэн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тун чухал, сонгуулийн ажилд хувь нэмэр оруулж байгааг талархан дэмжиж байна. 

Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагааны талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа дурдаад уг ажлыг улс төрөөс ангид явуулахад анхаарах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Төслийн үйл ажиллагаа үе шаттайгаар 2021 оныг дуустал үргэлжлэх юм.