МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ СОНГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу амжилттай зохион байгуулж явууллаа.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, нийт 35772 төрийн албан хаагч ажиллалаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав.
Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангах талаар Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажилласан юм.
Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийжээ.
2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2,003,969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1,475,780 нь буюу нийт бүртгэлтэй сонгогчдын 73.6 хувь нь оролцож саналаа өгсөн нь 2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо.
Санал хураалт дууссаны дараа нийт 2070 хэсгийн хорооноос 846 хэсгийн хороонд буюу 41 хувьд нь гар аргаар хяналтын тооллогыг хууль тогтоомжид заасны дагуу нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн томилсон ажиглагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан нээлттэй, ил тод зохион байгуулсан бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгээс зөрүүгүй гарсан.
Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын Намаас - 62, Ардчилсан Намаас - 11, “Та бидний эвсэл”-ээс /МАХН-ИЗНН-МҮАН/ - 1, “Зөв хүн электорат” эвслээс - 1, бие даан нэр дэвшигч - 1 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй байна.
Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар сонгуулийн дүнг нэтгэж, тойрогтоо хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү буюу нийт 76 нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн юм.