Олон улсын байгууллагын сонгууль ажиглах багийн тухай
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн алба (АИХЭА) нь өөрийн гишүүн орнуудад явагдаж буй сонгуулийн үйл ажиллагаа ардчилсан сонгуулийн зарчим, хууль тогтоомжийн хүрээнд, шударга явагдаж байгаа эсэх, олон улсын хэм хэмжээ, стандартад хэрхэн нийцэж байгааг ажиглан, бие даасан тайлан, зөвлөмжөө гарган ажилладаг сонгуулийн ажиглалтаар мэргэшсэн олон улсын байгууллага юм.
Монгол Улсад явагдсан сүүлийн 3 удаагийн сонгуулийг АИХЭА-ны сонгуулийн урт болон богино хугацааны ажиглагчдын өргөн бүрэлдэхүүнтэй баг ажигласан бөгөөд энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийг ажиглахаар төлөвлөн ажиллаж байсан билээ.
Гэвч Ковид-19 цар тахын халдварын тархалтыг зогсоох чиглэлээр гадаад улс орнуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөлгөөний хязгаарлалтууд төдийгүй Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр буюу агаарын тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг 6 дугаар сарын 30-н хүртэл сунгасан зэрэг нөхцөл байдлын улмаас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг энэ удаад ажиглахгүй байх шийдвэр гаргасан тухай ноот бичгийг Монгол Улсын Гадаад харилцааны яаманд ирүүлжээ. Ноот бичигт Монгол Улсын сонгуулийн тогтолцоог илүү боловсронгуй болгох, санал-зөвлөмж гаргах зэргээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллахад тус байгууллага бэлэн байгаагаа нотолсон байна.
ЕАБХАБ-ын АИХЭА нь Монгол Улсад 2013 оноос хойш явагдсан УИХ-ын болон Ерөнхийлөгчийн 3 удаагийн сонгуулийг ажиглаад бүхэлд нь эерэг хэмээн дүгнэж, холбогдох санал, зөвлөмжүүдийг гаргаж байсан юм. Монгол Улс ч тус байгууллагын гишүүний үүргээ биелүүлэн өөрийн оронд хэрэгжүүлэх боломжтой зөвлөмжүүдийг хууль эрх зүйн баримт бичигтээ тусгах, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг авч идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Сонгууль ажигласан тухай тайлан, зөвлөмжийг дараах холбоосоор орж үзэх боломжтой.