Онцгой нөхцөл байдалд явагдаж буй сонгуулиудын талаар мэдээ ирүүллээ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

ТАНИЛЦУУЛАХ МЭДЭЭ

2020 оны 5 дугаар сарын 06                   Дугаар                                   Улаанбаатар хот

 

Онцгой байдлын үед сонгууль явуулах тухай

     COVID-19 халдвараас үүдэлтэй цар тахал дэлхий дахинд тархаж, улс орнууд олон хүнд сорилттой тулгараад байна.Эдгээр тулгамдаж буй асуудлын нэг нь сонгуульявуулах эсэх асуудал юм.Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэнгийн тооцоогоор 2020 онд дэлхийн дахинд 70 гаруй сонгууль болохоор төлөвлөж байсны дийлэнх нь цар тахалын дэгдэлтийн улмаас тодорхойгүй байдалтай байна[1]. Тодруулбал, дээрх 70 гаруй төлөвлөгдсөн сонгуулиас 45 нь хугацаа хойшлуулаад байгаа бол 24 сонгууль цар тахалын үед буюу 2020 оны 2 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд зохион байгуулагджээ[2].

      Дэлхийн хэмжээнд тархаад байгаа энэ аюулт цар тахлын үед сонгууль явуулах зайлшгүй шаардлагатай юу гэдэг асуулт зүй ёсных байх. Нөгөө талаар Үндсэн хуулийн дагуу сонгуулиа явуулж, иргэдийн эрх чөлөөг эдлүүлж, ардчиллын үнэт зүйлс, зарчмуудыг хэрэгжүүлэх шаардлага байна. Ингэснээр иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлж, төрийн тогтвортой байдлыг хангах учиртай юм. Цаашлаад сонгууль нь засгийн эрх барьж байгаа хүчний үйл ажиллагааг дүгнэх боломж болдог учир иргэдийн эрхийг эдлүүлэх шаардлага гарч ирнэ. Аливаа онц байдлын үед төрийн эрх мэдэл гүйцэтгэх засаглалд төвлөрдөг учраас иргэдийн эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлс, зарчмуудыг зөрчих сөрөг талтай байдаг. Тиймээс АНУ-ын Үндсэн хуулийн эцэг хэмээгддэг Жэймс Мадисон хэлсэн “...сонгууль зогсвол дарангуйлал эхэлдэг[3]” үгийг санахад илүүдэхгүй болов уу.

      Цар тахалын үеэр амжилттай сонгууль зохион байгуулах боломжтой гэдгийг 2014 онд эбола вирусын халдварын үед Либера Улс харуулсан[4].Эбола вирусын халдвараар тус улсад 10678 хүн өвчилж, 4810 нь нас барж байсан. Олон жил иргэний дайнд туйлдсан тус улсад сонгууль явуулах нь ихээхэн ач холбогдолтой байсан. Тус улс олон улсын хамтын нийгэмлэг, тус улсын төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд сонгуулийг маш хүнд нөхцөлд амжилттай зохион байгуулжээ. Цар тахлын үеэр сонгууль явуулах боломжтойг баталсан хамгийн ойрын жишээ бол хэдхэн долоо хоногийн өмнө болсон БНСУ-ын Парламентын сонгууль юм[5]. Тус улс сонгуулиа амжилттай явуулахын зэрэгцээ сонгогчдын ирц сүүлийн 28 жил байгаагүй өндөр байсан нь олон улсын анхаарлыг татсан. Эдгээр хоёр сонгууль  бол COVID-19 вирусын цар тахлын үед болсон 20 гаруй сонгуулийн тодорхой жишээнүүд. Онцгой нөхцөлд сонгууль явуулах тодорхой зөвлөмж бүхий материалыг Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн, Сонгуулийн тогтолцооны олон улсын сан (International Foundation for Electoral Systems) зэрэг байгууллагаас судалгаа, зөвлөмжүүдийг тогтмол гаргаж байна[6].

     Онцгой байдлын үед сонгууль явуулах эсэхээр шийдвэр гаргах нь олон хүчин зүйлээс хамааралтай юм. Юуны өмнө сонгууль явуулах эсэх эсвэл хойшлуулах эсэх шийдвэрийг тухайн улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудтай зөвшилцөж гаргах нь ардчиллын зарчимд нийцэх аж[7]. Нөгөө талаар энэхүү шийдвэр нь онцгой байдлын нөхцөл байдал, аюул заналын түвшингээс ихээхэн хамааралтай. Тиймээс эрсдэлийн үнэлгээ иж бүрэн байдлаар зохион байгуулах шаардлагатай байна. Тухайлбал, улс төрийн, санхүүгийн, үйл ажиллагааны, эрх зүйн (гаргах шийдвэр хууль тогтоомж зөрчиж байгаа эсэх) гэх зэргээр тал бүрээс нь нарийвчлан эрсдэлийн үнэлгээгхийхийг зөвлөж байна[8].

      Цар тахалын үед сонгууль явуулахад үйл ажиллагааны аюулгүй байдал онцгой ач холбогдолтой гэдэг нь хамгийн сүүлд зохион байгуулсан БНСУ-ын сонгуулиас харж болно. Нэр дэвшигчдийг бүртгэх, сонгуулийн кампанит ажил явуулах, бүртгэлийн ажилтнуудыг сонгож сургах, сонгуулийн маргаан шийдвэрлэх гэх мэт сонгуулийн бүхий л шатанд халдваргүйжүүлэлт, аюулгүй ажиллагаа өндөр түвшинд хийх шаардлага гарна.

       Хөл хорио тогтоосон үед сонгогчдын хөдөлгөөнийг хязгаарладаг. Тиймээс сонгуулийн уламжлалт хэлбэр болох биеэр очиж санал өгөхөөс гадна бусад боломжит хувилбарыг улс орнууд сонгууль явуулахдаа сонгон ашиглах хандлага нэмэгдэж байна. Тухайлбал, ХБНГУ-ын Бавари муж энэ оны 3 дугаар сарын 29-нд болсон орон нутгийн сонгуулийн хоёрдугаар шатанд нийт сонгогч нь саналаа шуудангаар өгчээ. Түүнчлэн Шинэ Зеланд Улс 2020 оны 9 дүгээр сарын 19-нд болох Парламентын сонгуульд өөрийн биеэр очиж санал өгч чадахгүй иргэдэд шуудангаар, цахимаар эсвэл утсаар санал өгөх боломжийг нээж өгчээ[9].

       Үүний зэрэгцээ онцгой байдлын үед сонгууль явуулахад бөөгнөрөл үүсгэхгүй байх, зай барин дараалан зогсоох, биеийн халууныг хэмжих, иргэний үнэмлэх шалгах, саналын хуудас олгох, санал тэмдэглэх үзэг, бусад эд материал болон санал авах байрыг тогтмол халдваргүйжүүлэх гэх мэт нэмэлт зохион байгуулалтын ажил гарна. Мөн нэмэлт санхүүжилт зайлшгүй шаардагдана. Онцгой комисс, эрүүл мэндийн байгууллагууд, цагдаа, онцгой байдлын байгууллага зэрэг холбогдох бүхий л байгууллагын ажлын уялдаа, хамтын ажиллагаа нь сонгуулийг амжилттай зохион байгуулахад чухал байсныг БНСУ-ын туршлагаас суралцаж болох юм. Эдгээрээс гадна онцгой байдлын үед сонгууль зохион байгуулж буй учраас урьдчилан тооцоогүй саад бэрхшээлүүдийг давах чадвартай, бэлтгэлтэй байхыг өмнөх туршлагууд харуулж байна.

            Дүгнэлт

       Цар тахлын үед иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд тэргүүн зэргийн асуудал байдаг. Хэдий тийм боловч онцгой байдлын үед ардчилалын үнэт зүйлс, зарчмууд, эрх зүйт ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах асуудал ч чухлаар тавигдаж байна. Энэ утгаараа COVID-19 вирусын цар тахлын үеэр 20 гаруй сонгууль зохион байгуулагджээ.

       Дээрх сонгуулийн жишээ нь онцгой байдлын үед сонгууль зохион байгуулах боломжтойг харуулж байгаагийн зэрэгцээ олон зүйлийг харгалзан үзэх шаардлагатай болж байна.      

           

Эх сурвалж:

 

Хувийг:

  • Сонгуулийн ерөнхий хороо,
  • ГХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газар,
  • Стокхольм дахь ЭСЯ,
  • Нью-Йорк дахь БТГ,
  • Женев дэх БТГ/ЭСЯ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ

ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

[1]Elections During COVID-19: Considerations on How to Proceed with Caution, (2020.03.18), International IDEA, https://www.idea.int/news-media/news/elections-during-covid-19-considerations-how-proceed-caution

[2]Global Overview of COVID-19: Impact on Elections, (2020.03.18), International IDEA,  https://www.idea.int/news-media/multimedia-reports/global-overview-covid-19-impact-elections#POSTPONED%20ELECTIONS%20DUE%20TO%20COVID-19

[3]Elections and COVID-19 – What we Learned from Ebola, (2020.04.08), https://constitutingamerica.org/blogger-marc-lampkin-partner-at-quinn-gillespie-and-graduate-of-boston-college-law-school/

[4]https://www.devex.com/news/opinion-elections-and-covid-19-what-we-learned-from-ebola-96903

[5]South Korea Sees the Largest Turnout in Almost 30 Years in Election Held During Coronavirus Outbreak (2020.04.16), CNN, https://edition.cnn.com/2020/04/15/asia/south-korea-election-intl-hnk/index.html

[6]https://www.idea.int/sites/default/files/publications/elections-and-covid-19.pdf;https://www.idea.int/news-media/multimedia-reports/global-overview-covid-19-impact-elections#POSTPONED%20ELECTIONS%20DUE%20TO%20COVID-19; https://www.ifes.org/publications/global-impact-covid-19-elections; Elliot Bulmer, Emergency Powers, International IDEA Constitution-Building Primer 18, (2018), https://www.idea.int/sites/default/files/publications/emergency-powers-primer.pdf

[7]Elections and COVID-19, International IDEA, Technical Paper 1/2020, https://www.idea.int/sites/default/files/publications/elections-and-covid-19.pdf

[8]Elections and COVID-19, International IDEA, Technical Paper 1/2020, https://www.idea.int/sites/default/files/publications/elections-and-covid-19.pdf

[9]2020 General Election COVID-19 and the 2020 General Election, the electorial Commission, New Zealand, https://vote.nz/elections-and-more/all-events/2020/2020-general-election/covid-19-and-the-2020-general-election/