Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүдийг томилж, чөлөөлөв
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаатай томилохоор заасан. Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ, улс төрөөс хараат бус байж, хуулийн хүрээнд ажиллахыг онцгойлон анхааруулж байлаа.
Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээс Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг чөлөөлж, орон тооны бус гишүүнээр С.Баатаржав, Б.Баасандоржийг нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Эх сурвалж: Монгол Улсын Их Хурлын www.parliament.mn цахим хуудас