ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН 21 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛЬ ЯВАГДАЖ ДУУСАВ
БНСУ-ын Үндэсний Ассамблейн 21 дэх удаагийн сонгуулийн санал хураалт 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 06.00 цагаас 18.00 цагийн хооронд явагдав.
Мажоритар системээр сонгуулийн 253 тойрогт 21 улс төрийн намаас 1118 нэр дэвшигч, пропорциональ системээр 47 суудалд 35 намын 301 нэр дэвшигч намын жагсаалтаар нэр дэвшиж тус тус өрсөлдөв. Энэ удаагийн сонгуульд нийт 41 улс төрийн нам оролцлоо. Сонгуулийн өдрийн 18.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 66.2 хувьтай байсан нь 1992 оноос хойш 28 жилийн түүхэнд байгаагүй хамгийн өндөр ирц боллоо. Нийт 43 сая 990 мянган бүртгэлтэй сонгогчоос 29 сая 120 мянган сонгогч саналаа өгсөн байна.
Энэ удаагийн сонгууль нийт 300 суудлаас 253 нь мажоритар системийн тойргоос сонгох, үлдсэн 47 суудал нь нэрсийн жагсаалтаар сонгогдох журмаар явагдав. Тойргийн санал хураалтын тооллогоор урьдчилсан байдлаар Ардчилсан намын эвсэл 163 суудал, сөрөг хүчин буюу Нэгдсэн ирээдүй нам /Мирэ тунхаб/-ын тэргүүлсэн консерватив эвсэл 84 суудал тус тус авав. Пропорциональ буюу намын жагсаалтын системийн санал хураалтын тооллого 92.7 хувьтай байгаа бөгөөд урьдчилсан байдлаар Нэгдсэн ирээдүй намын консерватив эвсэлд 19 суудал, эрх баригч Ардчилсан намын эвсэлд 17 суудал тус тус ногдож байна. Ингэснээр эрх баригч Ардчилсан нам 16 жилийн дараа парламентын сонгуульд 180 суудал буюу дийлэнх олонхийн санал авч түүхэн ялалт байгуулав. Харин сөрөг хүчний Нэгдсэн ирээдүй намын хувьд нийт 103 суудал авч ялагдал хүлээв. Сонгуулийн өнгийг тодорхойлдог сонгуулийн 1 номерийн тойрог (Сөүл хотын Жонру дүүрэг)-т Нэгдсэн ирээдүй намын дарга Хван Гё Ан /42 хувь/ түүний эсрэг нэр дэвшиж өрсөлдсөн Ардчилсан намын сонгуулийн штабын дарга, Ерөнхий сайд асан Ли Наг Ён /58 хувь/ ялагдал хүлээсэн нь ард иргэдийн зүгээс Ардчилсан намд өндөр итгэл хүлээлгэн дэмжиж буйн илрэл болов. Умард Солонгосын дүрвэгч Тэ Ен Хо сөрөг хүчин Нэгдсэн ирээдүй намаас нэр дэвшиж сонгогдсон нь энэ удаагийн сонгуулийн нэг онцлог болж байна.
Сонгуульд нэр дэвшигчдийн зарим үзүүлэлтийг авч үзвэл: хүйсийн хувьд 905 эрэгтэй, 213 эмэгтэй, насны ангилалын хувьд 50 хувь нь 50-60 нас, дундаж нас 54 нас, хамгийн залуу нь 25 нас, хамгийн ахмад нь 83 настай нэр дэвшигч, боловсролын хувьд нийт нэр дэвшигчдийн 38 хувь нь магистр, доктрын зэрэгтэй байв. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь нэр дэвшигчдийн тооноос хамааран саналын хуудас түүхэнд хамгийн урт буюу 48.1 см болж автомат машинаар тоолох боломжгүй болсон тул гар тооллогыг явууллаа.
Сонгуулийн ирц өндөр гарсан нь ард иргэдийн зүгээс коронавируст халдварын цар тахлын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа үр дүнтэй болсон гэж үзэж цаашид эрх баригч намд итгэл хүлээлгэн дэмжиж, цар тахлын эсрэг хамтдаа хүчээ нэгтгэн тэмцэх иргэдийн улс төрийн идэвхи өндөр байсантай холбон тайлбарлаж байна. Мөн Сонгуулийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр санал өгөх сонгогчийн насны босгыг 19 наснаас 18 нас болгосон нь сонгуулийн ирцэд зохих хэмжээнд нөлөөлөв.
Үндэсний сонгуулийн комисс /ҮСК/ энэ удаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд 4 дүгээр сарын 1-нд тусгайлсан журам шинээр баталж, онцгой хяналт тавин ажилласны зэрэгцээ иргэдийн зүгээс үүрэг, хариуцлагаа ухамсарлаж идэвхтэй дэмжиж оролцов. Уг журмаар санал өгөх сонгогчдыг 1 метр зайтай зогсоон, биеийн халуун үзэж, гар ариутган нэг удаагийн бээлий өмсгөж, санал авах байранд нэвтрүүлсний зэрэгцээ бүх сонгогчид амны хаалт зүүж ирсэн байх, хоорондоо ярихгүй байх зэрэг шаардлага тавьж байв. 37.5-аас дээш хэмийн халуунтай байвал тусгай санал өгөх бүхээгт оруулж санал өгөхөөр зохицуулав. Мөн сонгуулийн өдөр эмийн сангуудад амны хаалт олголттой холбоотой өдрийн хязгаарлалтыг түр зогсоож, амны хаалтгүй иргэд ойрхон эмийн сангаас авах боломжийг бүрдүүлэв. Түүнчлэн ҮСК коронавируст халдварын цар тахлын тусгаарлалт, хөл хорионд байгаа 59918 иргэнээс сонгуулийн насны 13642 иргэн санал өгөх хүсэлтээ илэрхийлж урьдчилан бүртгүүлсэн бөгөөд сонгуулийн өдөр 17:20-19:30 цагийн хооронд тухайн сонгогч урьдчилан тогтоосон зохих хяналтын маршрутын дагуу 30 минутаас 1 цаг дотор саналаа өгч, иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэх нөхцлийг бүрдүүлж ажиллав.
БНСУ-ын Засгийн газар энэ удаагийн сонгууль нь коронавируст халдварын хүнд нөхцөлд иргэдийн сонгох, сонгогдох эрхийн ардчилсан агуулгыг алдагдуулахгүйгээр хэрхэн хэрэгжүүлж болохыг дэлхийн улс орнуудад харуулсан үлгэр жишээ, сайн туршлага болно гэж үзэж байна.
Эх сурвалж: National Election Commission, YTN, Yonhap, SBS агентлаг.
https://www.nec.go.kr/engvote_2013/07_inact/07_04.jsp
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ