ШУДАРГА, ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотойгоор 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн агентлагийн даргын А/04 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулан ажиллаж байна. Ажлын хэсгээс дараахь ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

  1. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн МҮОНТ-ийн оройн мэдээгээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэдэгдэл гаргасан.
  2. Улс төрийн намуудад 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 1/169  дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн.
  3. Агентлагийн даргын А/11 дүгээр тушаалаар агентлагийн албан хаагчид Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах хэвлэл мэдээллийн байгууллагуудыг баталж, хяналт тавьж ажиллаж байна.
  4. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/395  дугаартай албан бичгээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн.

ШӨХТГ-аас ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш (2020.01.01-нээс 2020.04.15-ыг хүртэл) дараах зөрчлүүдийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авч байна. Үүнд:

  1. ТВ 4 телевизийн “Таны сонгосон-Төрийн түшээ” гэх нэвтрүүлгийн үеэр сонгогчдын саналыг 1900-1858 тусгай дугаараар болон “TV4 Mongolia" фэйсбүүк хуудасны шууд дамжуулалтын дор сэтгэгдэл саналаа бичгээр илэрхийлэх зэргээр Улсын Их Хурлын гишүүдийн чансаа тогтоох зорилго бүхий санал асуулга зохион байгуулсан үйлдэл нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.7 дугаар заалтыг зөрчиж байгаа тул телевизийн үйл ажиллагааг болон цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн  санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох тухай Улсын байцаагчийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд  хүргүүлэн зөрчлийг арилгуулсан.

  2. Цахим орон зай ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий “Баянхонгор аймаг, Сонгууль Баянхонгор, Сонгууль Баянхонгорт гэх нэртэй фэйсбүүк хаягуудад эдгээр хүмүүс нэр дэвших магадлалтай байна та хэнийг нь дэмжих вэ” гэсэн санал асуулга явуулсан үйлдэлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.7 дугаар заалтыг зөрчиж байгаа тул цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн  санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох тухай Улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн.
  3. Цахим орон зай ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий “Хөвсгөлчүүд гэх нэртэй фэйсбүүк хаягт та хэнийг сонгох вэ” гэсэн санал асуулга явуулсан үйлдэлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.7 дугаар заалтыг зөрчиж байгаа тул цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн  санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох тухай Улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн.

  4. Цахим орон зай ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий “Гэр хорооллынхон гэх нэртэй фэйсбүүк хаягт  зовлогтой золиос, сонгож болохгүй” гэсэн улс төрийн чансаа тогтоох бүхий үйлдэлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.7 дугаар заалтыг зөрчиж байгаа тул цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн  санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох тухай Улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд  хүргүүлсэн.

  5. Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар нь намын мөрийн хөтөлбөр болон бусад мэдээллийг фейсбүүк хуудаснаа 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шууд бичлэг хийж энэхүү бичлэгээ ТВ 10 телевизээр шууд дамжуулалт хийсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн шинжтэй байсан тул харьяалалын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт зөрчлийг шалган шийдвэрлүүлэхээр 2020 оны 4 дүгээр сарын 7 -ны өдрийн 05 дугаар тогтоолоор шилжүүлсэн.
  6. Улсын байцаагчид 2020 оны 4 дүгээр сарын 13-15-ны өдрүүдийн хяналт, мониторингоор Монгол үндэсний олон нийтийн MNB телевизийн “Шинэ тооллын 100” гэх нэртэй хөрөг нэвтрүүлэг нь  сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байхад улс төрийн шинж бүхий агуулгатай байгаа тул Харилцаа холбооны зохицуулах хороонд харьяалалын дагуу хяналт тавьж ажиллах талаар мэдээлэл хүргүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар