БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬ 2020

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассамблейн сонгууль 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр явагдана. Сонгуулиар Үндэсний ассамблейн 253 гишүүнийг нэг мандаттай тойргоос мажоритар тогтолцоогоор, 47 гишүүнийг намын нэрийн жагсаалтаас пропорциональ тогтолцоогоор сонгоно. Пропорциональ буюу хувь тэнцүүлэх тогтолцоогоор сонгогдох 47 гишүүдийн  суудлыг өмнө нь дан параллель арга (parallel method)-аар хуваарилдаг байсан бол энэ удаагийн сонгуулиар суудал хуваарилах аргаа шинэчлэн 47 суудлын 30-ыг нь semi-compensatory system аргаар 17-г нь хуучин аргаараа буюу параллель аргаар хувь тэнцүүлэн хуваарилахаар болжээ.

Энэ удаагийн сонгуулийн урьдчилсан санал хураалтын үйл ажиллагаа 4 дүгээр сарын 10,11-ний өдрүүдэд 06.00-18.00 цаг (Солонгосын цагаар)-ийн хооронд улс даяар байгуулагдсан 3,508 санал авах байранд явагдав. Урьдчилсан санал хураалтыг 2014 оноос эхлэн зохион байгуулж байгаа

Тус Улсын Ерөнхийлөгч Мун Жэй Инь (Moon Jae-in) 4 дүгээр сарын 10-нд Сөүл хотод саналаа өгөхдөө амны хаалт зүүж, санал авах байранд орохоос өмнө биеийн халуунаа хэмжүүлэн, 1м-ийн зайтай зогсч, гараа ариутган санал авах байранд орсон бөгөөд саналын хуудсаа авахаас өмнө бээлий өмсчээ. Үүгээр сонгогч хэрхэн саналаа өгөхийг өөрийн биеэр үлгэрлэн харуулж, сонгогчдыг саналаа өгөхийг уриалжээ. 

Ерөнхийлөгч Мун Жэй Ин 21 дэх удаагийн Үндэсний ассамблейн сонгуульд саналаа өгөв

Үндэсний сонгуулийн комисс (ҮСК)-ын мэдээлж байгаагаар, урьдчилсан санал хураалтын эхний өдрийн үдээс хойш гэхэд сонгуулийн эрх бүхий 43,9 сая сонгогчоос 2,5 сая сонгогч буюу 49% нь саналаа өгөөд байсан нь 2016 оны сонгуулийн үеэс даруй 2 дахин их байна. Сонгогчийн ирц харьцангүй өндөр байсан тул сонгуулийн өдөр сонгогчид санал өгөхөөр олноороо ирэхгүй гэж харж байна гэжээ.

Эрүүл мэндийн байгууллагууд Ковид-19-ийн улмаас тусгаарлалтанд байгаа сонгогчдын санал өгөх эрхийг хангахын зэрэгцээ тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эрүүл мэндийн дэд сайд Ким Кан Липын хэлсэнээр, тэдгээр сонгогчдын саналыг авахдаа өөр цагт, өөр замаар явуулах зэрэг арга хэмжээ авна гэжээ.  

Солонгос Улсад явагдаж буй энэ удаагийн Парламентын сонгууль нь Ковид-19-ийн үеэр сонгогч биеэр очиж саналаа өгч байгаа анхны сонгууль болж байгаа бөгөөд ийнхүү хүнд цаг үед сонгуулиа зохион байгуулж байгаа нь Ерөнхийлөгч Мун Жэй Инийн 2022 оны сонгуульд амжилттай оролцох төлвийг харуулж байна гэж олон нийт үзэж байгаа ажээ.

Тусгай санал хураалт

Үндэсний сонгуулийн комисс Эрүүл мэндийн холбогдох эрх бүхий байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр гэрээсээ саналаа өгөх сонгогчдын хүсэлтийг хүлээн авах хугацаа 3 сарын 28-нд дууссаны дараа Ковид-19-ийн улмаас тусгаарлагдан эмчлүүлж байгаа, саналаа урьдчилан өгөх хүсэлтээ ирүүлсэн өвчтөн, эмч зэрэг сонгогчдод зориулан тусгай санал хураалтын үйл ажиллагааг мөн 2020 оны 4 сарын 10,11-ний өдрүүдэд зохион байгуулав.  

Тусгай санал хураалтын 8 байрыг Сөүл хот, Гёнги муж, Тэгү хот, Умард Гёнсан мужид халамжийн төвүүдэд байгуулан 5-8 цагийн турш (10.00-18.00; 13.00-18.00) санал хураалт явуулах ба нийт 900 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн.  

Санал хураалтын явцад сонгогчид хоорондоо зай барих, санал хураалт дууссаны дараа ашигласан тоног төхөөрөмж, саналын хайрцаг, дугтуй зэргийг ариутгаж, буцаан тээвэрлэхэд ариутгал, аюулгүй байдалд тусгайлан анхаарал хандуулсан гэж ҮСК мэдээлэв.

Урьдчилсан санал хураалт өмнө байгаагүй хамгийн өндөр буюу 26,7% сонгогчийн ирцтэй явагдаж дууслаа. Нийт 11.742,677 сая сонгогч саналаа өгсөн нь өмнөх сонгуулиас даруй хоёр дахин их байжээ.  

Санал хураалтын явцыг ҮСК-оос шууд дамжуулан дэлгэцээр үзүүлж, бичлэгийг цагийн хуваарийн дагуу Youtube.com сувгаар цацав.

Урьдчилсан санал хураалтаар саналаа өгсөн сонгогчдын саналын хуудас бүхий хайрцгийг хот/дүүрэг/мужийн холбогдох сонгуулийн байгууллагуудад камер суурилуулсан тусгай агуулахад хадгалж байна. Тэдгээр агуулах бүрийг Үндэсний сонгуулийн комисс төв байрнаасаа камерын тусламжтайгаар 24 цагийн турш хянана. Харин сонгогчийн саналын хуудсыг 4-р сарын 15-ны Лхагва гаригт явагдах сонгуулийн өдрийн санал хураалт дууссаны дараа 18.00 цагт бусад саналын хуудсын хамт тоолох юм.  

ҮСК-оос шуудангаар саналаа өгөхөөр хүсэлт гаргасан, оршин суугаа газраасаа өөр газар саналаа өгөх, гэрээсээ саналаа өгөх сонгогчдод саналын хуудсыг нь хүргүүлсэн ба шуудангаар ирүүлсэн саналын хуудсыг мөн холбогдох сонгуулийн байгууллагуудад тусгай бэлтгэсэн агуулахад хадгалан, хянахдаа ажиглагчдыг байлцуулж байна.

Сонгуулийн өдрийн санал авах байр

БНСУ-ын 21 дэх удаагийн Үндэсний ассамблейн сонгуулиар нийт 14,330 санал авах байр байгуулагдав. Сонгогчид хэрхэн саналаа өгөх тухай мэдээлэл, холбогдох нэр дэвшигч, улс төрийн намын тухай сонгуулийн материалыг ҮСК бүх айл өрхөд хүргүүлжээ. Мөн гэрээсээ саналаа өгөхөөр бүртгүүлсэн 100,529 сонгогчдод саналын хуудсыг хүргүүлсэн байна. Цэргийн хуаран, штаб дээр ажиллаж байгаа нийт 254,100 цэрэг, цагдаагийн ажилтнуудад тэдний хүсэлтийн дагуу сонгуулийн мэдээллийг тэдний гэрт хүргүүлэв. 

Сонгогчдыг санал авах байранд саадгүй нэвтрүүлэх үүднээс нийт 14,330 санал авах байрны 99.1% буюу 14,201 байрыг 1 давхарт эсвэл цахилгаан шаттай байранд байгуулжээ. Ковид-19-ийн хяналт хийх хэсэгтэй байлгах үүднээс зарим санал авах байрны байршлыг өөрчилсөн байна. Хэрвээ 7 дахь удаагийн Үндэсний ассамблейн сонгуулиас хойш тухайн санал авах байрны байршил өөрчлөгдсөн бол санал авах байрны шинэ байрлалыг хуучин байрны үүдэнд хаягийн хамт бичиж тавина.

Сонгогчид санал өгөх байрны хаягийг мөн ҮСК-ын цахим хуудаст байршуулсан “Find my polling station” хэсэгт орж өөрийн нэр, төрсөн он, сараа оруулсанаар газрын зураг хэлбэрээр харах боломжтой. Мөн айл өрхүүдэд хүргүүлсэн санал өгөх мэдээлэл, сонгуулийн материалыг цахим хуудаснаас харж болно. 

Сонгуулийн материалд нэр дэвшигчийн улс төрийн үзэл баримтлал, амлалт, хөрөнгийн мэдээлэл, цэргийн алба хаасан тухай, татвар төлсөн мэдээлэл, өр авлагын мэдээлэл, гэмт хэргийн лавлагаа зэргийг багтаасан. Мөн санал өгөх мэдээлэл сонгогчийн нэр, сонгогчийн нэрийн жагсаалт дахь бүртгэлийн дугаар, урьдчилсан санал хураалт болон сонгуулийн өдөр саналаа хэрхэн өгөх тухай (санал хураалтын цаг, байрлал) мэдээллийг багтаасан.

Парламентын сонгуульд пропорциональ тогтолцоогоор сонгогдохоор нэр дэвшигчээ бүртгүүлсэн 35-н намаас 20 намын сонгуулийн материалыг ҮСК сонгогчдод хүргүүлээд байна. Харин нэр дэвшигчийн сонгуулийн амлалт, бодлогыг ҮСК-ийн цахим хуудсаар үзэж болно.

ҮСК-оос сонгогчдод нэр дэвшигчдийн материалтай сайтар танилцах, санал өгөх байрны хаягаа интернетээр сайтар нягтлан харах, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сонгогчдод  зориулсан заавар, мэдээлэл

Сонгогчдод зориулсан санал өгөх заавар бүхий видео, зурган мэдээлэл зэргийг ҮСК-оос хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд түгээж байна.  

  1. Видео: “Come and Vote safely”-ийн агуулгад санал авах байрны дотор, гадна хийгдэх ариутгал халдваргүйжүүлэлт, сонгогч саналаа өгөх алхам дараалал, шинж тэмдэг илэрсэн сонгогчийн санал өгөх ажиллагаа

Youtube холбоос: • Урьдчилсан санал хураалт 

Сонгуулийн өдөр:

2. Зурагт хуудас

Хэрвээ сонгогчийн биеийн халуун 37.5-аас доош хэмтэй бол:

Амны хаалт зүүж–Гараа ариутган–Бээлий өмсөн–Сонгогч хоорондоо 1м зай барих- Бүртгэл хийлгэхдээ маскаа доошлуулах эсвэл авч таниулна – Саналын хуудсаа аваад – Бүхээгт саналаа тэмдэглээрэй– Тэмдэглэсэн саналын хуудсаа саналын хайрцагт хийнэ.
 
Хэрвээ сонгогчийн биеийн халуун 37.5 хэмээс дээш эсвэл өвчний аливаа шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түр санал авах байранд саналаа өгнө.
  1. Гараа ариутгаж - Бээлий өмсөнө
  1. Сонгогч иргэний үнэмлэхээ үзүүлж, бүртгэлийн маягтад гарын үсэг зурна.
  2. Санал авах байрны ажилтан сонгогчийн үнэмлэхийг, бүртгэлийн маягтын хамт бүртгэлийн хэсэгт бүртгүүлнэ.  ​ 
 
  1. Санал авах байрны ажилтан сонгогчийн иргэний үнэмлэхийг шалгана.
  1. Сонгогч түр санал авах байранд очно.
  2. Санал авах байрны ажилтан ажиглагчдын хамт түр санал авах байранд очно. 
  3. Сонгуулийн ажилтан саналын дугтуйг, саналын хуудасны хамт сонгогчид өгнө.
  1. Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэн, дугтуйнд хийн, лацдана.
  2. Дугтуйлан, лацадсан саналын хуудсыг сонгуулийн ажилтанд өгнө.
  3. Санал авах байрны ажилтан ажиглагчдын хамт санал авах байр руу эргэн очно.
  1. Сонгуулийн ажилтан түр санал авах байранд өгсөн саналын хуудас бүхий дугтуйг санал авах байрны менежерт өгнө.
  2. Санал авах байрны ажилтан дугтуйг саналын хайрцагт хийнэ.
  1. Сонгогч бээлийгээ хогийн саванд хаяна. Саналын бүхээг, санал тэмдэглэсэн үзэг, төхөөрөмжийг ариутгана.
    Эх сурвалж:
  • Солонгосын Үндэсний сонгуулийн комиссын цахим хуудас
  • The Korea Herald цахим мэдээ