Төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хуулиар тодорхой чиг үүрэг хүлээн сонгуулийн ажилд оролцох төрийн 16 байгууллагын удирдлага, албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалтуудыг хуваарийн дагуу зохион байгууллаа.
Үндэсний аудитын газар, Батлан хамгаалам яам, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн, харъяатын газар, Авилгатай тэмцэх газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд уулзалтад оролцож, сонгуулийн бэлтгэл ажлын талаар өөр өөрийн хариуцах чиг үүргийн дагуу хийх ажлуудынхаа талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах тал дээр санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн 2016 оны, Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулиудаар бид мэргэжлийн байгууллагуудынхаа хүчин чармайлтаар сонгуулиа амжилттай зохион байгуулж байсныг зориуд дурдаад, Та бүхэнд талархалаа илэрхийлэх нь зүйтэй. Одоо бид дахин нэг том сонгуулийн ажлын босгон дээр ирээд байна. Манай төрийн байгууллагууд бидэнтэй идэвхтэй хамтран ажиллаж байсан, цаашид ч энэ хамтын ажиллагаа улам үр өгөөжтэй болох байх гэж найдаж байна хэмээв.
Байгууллага бүр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа, байгууллагынхаа чиг үүргийн дагуу хийх ажлуудыг хариуцах ажилтнуудыг томилсон, зарим байгууллага ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос батлах нэгдсэн төлөвлөгөөнд өгөх саналаа хүргүүлэхээр тохиролцлоо.
Байгууллагууд сонгуулийн үеэр шууд харилцаж ажиллах ажилтнуудаа томилж, асуудлыг шуурхай шийдвэрлэн хамтарч ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгдэв.
Сонгуулийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудасны “УИХ-ын сонгууль 2020” цэснээс цаг алдалгүй авах боломжтой. Төрийн байгууллагууд ч мөн адил тус тусын цахим хуудсаар дамжуулан мэдээллийг шуурхай хүргэж ажиллах юм.