УИХ-ЫН 76 ГИШҮҮНИЙГ ОЛОН МАНДАТТАЙ ТОЙРГООС СОНГОНО
УИХ-ын Сонгуулийн тухай хууль батлагдсандтай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцав.
-Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлагдлаа. Энэ хуулиар томосгосон мажоритар тогтолцоотой байхаар хуульчилсан. Энэ тогтолцоо ямар онцлогтой вэ?
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хоёр жил гаруй хугацаанд олон нийтээр хэлэлцүүлж баталлаа. Энэ удаагийн хууль батлах процессийн хувьд олон талын оролцоог хангасан гэж үзэж байна. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлд улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд, сонгуулийн үйл ажиллагаанд хуулиар үүрэг хүлээж оролцдог төрийн байгууллагын төлөөлүүдээс дөрвөн зуу гаруй санал ирүүлсний дийлэнхийг нь төсөлд тусгасан. Сонгуулийн тогтолцооны хувьд олон мандаттай тойргоос Улсын Их Хурлын 76 гишүүнийг сонгохоор хуульчиллаа. Энэ тогтолцоогоор 1992 онд болсон анхны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиудыг зохион байгуулж явуулж байсан. Дараа нь 2008 оны УИХ-ын сонгуулийг энэ томсгосон мажоритар тогтолцоогоор явуулсан. Монгол улс томсгосон мажоритар тогтолцоог хоёр удаа туршсан гэж үзэж болно.
-Олон мандаттай тойргоос сонгоно гэж хэллээ. Тэгэхээр сонгуулийн тойрог, мандат хэзээ тодорхой болох вэ?
Сая баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгуулийн жилийн 2 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө Улсын Их Хурал сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоог тогтоохоор заасан. Тойрог байгуулахад өмнө нь гарч байсан дутагдалтай зүйл нь энд тэндээс газар нутгийг сонгон авч тойргийн нэгдмэл байдлыг алдагдуулах боломжтой байсныг хязгаарлаж тойрог нь хилийн цэсийн хувьд нэгдмэл буюу зэргэлдээ байна гэсэн зохицуулалтыг тусгаж өгсөн.
-УИХ сонгуулийг хэзээ товлон зарлаж, санал авах вэ?
УИХ-ын сонгуулийг хоёрдугаар сарын нэгнээс өмнө товлон зарлаж санал авах өдрийг тогтооно. Санал авах өдөр нь зургаадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр байна гэж хуульчилсан. Ер нь өмнөх УИХ-ын сонгуулиудын санал авах ажиллагаа 6 сарын сүүлчээр явагддаг байсан. Энэ жишгийг хадгалсан.
-Нам, эвсэл хэзээ сонгуульд оролцох эсэх нь тодорхой болох вэ, мөн эвслийн талаар гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж байсан энэ ямар учиртай зохицуулалт тусгагдсан бэ?
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвсэл нь санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө сонгуульд оролцохоо илэрхийлсэн байх ёстой. Дөрөвдүгээр сард гэж ойлгож болно. Сонгуулийн тухай хуульд “180-аас доошгүй хоногийн өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам, эвсэл сонгуульд оролцох эрхтэй” гэж байсан. Энэ заалттай холбоотойгоор Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүнэлтийг цэц гаргасан. Үүнийг хуулийн төсөл боловсруулахдаа анхаарч Сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцох эрхтэй байхаар хуульчилж баталсан. Эвслийн тухайд Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж, эвсэлд нэгдсэн намын олонхи нь эвслээс гарвал тухайн эвслийг тарсан гэж үзэхээр хуульчдагдсан. Энэ заалт нь эвслийг харьцангуй тогтвортой байлгахад чиглэгдсэн зохицуулалт гэж ойлгож болно.
-Сонгуулийн хандив, зардалтай холбоотой ямар шинэ зохицуулалт орсон бэ?
Сонгуулийн хандивын хэмжээ нэмэгдсэн. Өмнө нь иргэн 3 сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 15 сая төгрөг хүртэл хандив нэг удаа өгч болдог байсан. Үүнийг өөрчилж иргэн 5 сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс 20 сая төгрөг хүртэл хандивыг өгч болно. Хандив өгөх нийт дүн нь энэ хэмжээнд багтаахаар хуульчилсан. Мөн сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд шаардагдах зардлын хувьд хуулиар чиг үүрэг хүлээн оролцож байгаа төрийн байгууллагуудын хувьд шаардагдах зардлаа тухайн жилийн төсөвтөө тусган батлуулдаг болох, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулиар сонгууль зохион байгуулахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргадаг байх зохицуулалтыг тусгасан байгаа.
-Сонгогчийн нэрийн жагсаалт үйлдэх ажиллагаатай холбоотойгоор ямар өөрчлөлт орсон бэ, царцааг зогсоох зохицуулалт орсон уу?
Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгахтай холбоотой харилцааг Улсын бүртгэлийн ерөнхий газар хариуцан зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана. Сонгогчийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой маргаан дагуулсан асуудлыг зогсоох зорилгоор сонгогчийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Өөрөөр хэлбэл сонгуулийн байгууллагын ажилтан, санал авах байрын аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа цагдаа, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал зэрэг албан хаагчид мөн нэр дэвшигчийн менежер, шадар туслагч гэсэн энэ хэдхэн төрлийн субьектийн л шилжихийг зөвшөөрч байгаа.
-Сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаатай холбоотой ямар зохицуулалт орсон бэ?
Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргана. Өмнө нь хэзээ дүгнэлт гаргах, ямар хугацаанд мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх гэх зэрэг процесс ажиллагааг нь зохицуулах зохицуулалтгүй байсан. Үүнийг засч нарийвчилсан зохицуулалттай болгосон. Сонгуулийн сурталчилгааны хувьд сонгуулийн зардлыг багасгахад чиглэгдсэн олон зохицуулалтууд орсон. Тухайлбал сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээ, төрлийг багасгасан.
-Сонгуулийн сурталчилгаанд цахим орчинг хязгаарлана гэж яригдаад байсан?
Хязгаарлалт хийхгүй. Сонгуулийн сурталчилгааны цахим орчинг ашиглаж болно гэж хуульчилсан. Харин нэр дэвшигч үнэмлэх авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор тухайн аймаг нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ. Цахим хаягаар сурталчилгаа явуулах тохиолдолд нам эвслийн нэр, далбаа, таних тэмдэг ашиглаж болно.
-Өмнөх сонгуулиар үнэмлэхээ аваад сурталчилгаагаа эхлүүлж болдоггүй байсан?
Өмнө нь нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөө сурталчилгаа хийж болдоггүй дөрөв хоног хүлээдэг байсан. Хуульд заасан сонгуулийн сурталчилгааны хугацаа болоогүйгээс шалтгаалан ил, далд хэлбэрээр хууль бус сурталчилгаа явагдах нөхцөл бүрдэж байсныг зогсоож Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал хураалт болохоос 22 хоногийн өмнө олгоно. Нэр дэвшигч үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхлүүлж болохоор хуульчилсан.
-Хар машиныг ашиглах уу. Хяналтын тооллого хийх үү?
УИХ 2011 онд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль баталсан. Энэ хуулиар УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, Орон нутгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулахаар хуульчилсан. Иймд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу санал авах, тоолох техник хэрэгсэл ашиглана. Санал хураалт дууссаны дараа нийт хэсгийн 50 хүртэл хувьд нь хяналтын тооллого хийх зохицуулалт байгаа. Хяналтын тооллого хийгдэх хэсгийг сонгохдоо санамсаргүй сонголтын аргаар сонгож хийнэ.
-Саналын хуудаст нэр дэвшигчийг ямар дарааллаар бичих вэ?
Саналын хуудаст нэр дэвшигчийн нэрийг бичихдээ нам, эвслийн тухайд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг баримтлана, нэр дэвшигчийн тухайд тухайд намаас нь ирүүлсэн дарааллыг баримтлана. Бие даан нэр дэвшигчийн тухайд Сонгуулийн Ерөнхий Хорооноос бүртгүүлсэн дарааллыг баримтлана.
-Маргаан гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд ямар өөрчлөлт орсон бэ?
Энэ удаагийн хуулийн нэг онцлог нь сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргаан хянан шийдвэрлэх харьяалал журмыг маш тодорхой болгож өгсөн. Цагдаа, шүүх, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, харилцаа холбооны зохицуулах хороо, тагнуул зэрэг байгууллагууд ямар зөрчлийг харьяалан шалгах харьяаллыг тодорхой хуульчилсан.
-Төрийн албан хаагч нэр дэвших бол хэзээ чөлөөлөгдөх вэ?
Төрийн жинхэнэ албан хаагч болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ээлжит сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгнээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж хуульчлагдсан. Харин ээлжит бус, дахин нөхөн сонгуульд нэр дэвших бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө чөлөөлөгдөнө.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн болон орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль хэзээ батлагдах вэ? Ямар шатандаа явж байгаа вэ?
Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хэлэлцэх эсэх шатандаа байна. Энэ удаагийн хуулийн нэг онцлог нь гурван тусдаа сонгуулийн зохион байгуулалт, харилцааг нэг хуулиар зохицуулснаас үүдэн гарч байсан зөрчил, хүндрэлийг арилгах зорилгоор Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай 3 тусдаа бие даасан хуулийн төслийг боловсруулсан.
-Сонгуулийн дүнг өмнөх шиг дэлгэцээр шууд дамжуулж хамруулах уу?
2016, 2017 онд сонгуулийн дүнг олон нийтэд дэлгэцээр шууд харуулж мэдээлсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнг дэлгэцээр шууд харуулж мэдээлнэ.
-Сонгуулийн хууль батлагдлаа, Сонгуулийн Ерөнхий Хорооноос нэн даруй хийх ажил юу байна?
Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2020 оны УИХ-ын сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох саналаа УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна. Шинэ он гарангуут Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж сонгууль зохион байгуулах төлөвлөгөөгөө, автоматжуулалтын төлөвлөгөө, сонгуулийн цаг хугацааны хуваарь хэлэлцэж батлах, журам, заавар, загвар, маягтыг батлагдсан хуульд нийцүүлэн боловсруулах, хуулиа сурталчлах гээд хийх ажил их байна.
Өнөөдөр сонин, 2019-12-23