СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Ээлжит сонгуулийн жил эхэлсэнтэй холбоотой Сонгуулийн ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулах үйл явцад хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагуудтай хамтран хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Хэвлэлийн хуралд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага оролцсоноос гадна Үндэсний аудитын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл оролцож шинээр батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хүрээнд сонгуулийг зохион байгуулж явуулахад анхаарвал зохих гол гол асуудлуудаар мэдээлэл хийсэн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд туссан онцлог зохицуулалтуудын талаар товч мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад төрийн байгууллагуудын төлөөлөл тус тусын хариуцах ажлын чиглэлээр тодорхой хариулт өглөө.
Сонгуулийн ерөнхий хороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодтой байнга хамтран ажиллаж, тэдгээр иргэдийн сонгуулийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд талаар тодорхой ажлуудыг зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ ажилд бас нэгэн ахиц гаргахаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ялангуяа сонсголын бэрхшээлтэй иргэддээ мэдээллийг шууд хүргэхээр хамтран ажиллаж байна.