Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлөх, шинэ гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус нийт 7 гишүүний гурвынх нь бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн нь өөр ажилд томилогдсон байсан учраас бүрэн эрхийнх нь хугацаа дууссан гишүүдийг чөлөөлөх, зарим гишүүдийг шинээр томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Бямбажавын Ганбатыг, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Гочоосүрэнгийн Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Эрдэнэбилэгийн Батболд нарыг, Улсын дээд шүүхээс Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Дугардоржийн Баяндүүрэн, Одонмажигийн Амгаланбаатар нарыг нэр дэвшүүлсэн юм.

            Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, саналт гараагүй бөгөөд Хорооны гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Түүнчлэн бүрэн эрхийн хугацаа нь дууссан Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжив.

 

Ийнхүү дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр тогтсон юм.