Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн санаачлан боловсруулж, өнгөрсөн оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн барьсан билээ.

Сонгуулийн хуулиудын төслийг боловсруулж эхэлсэн цагаасаа эхлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэнээс гадна цахим хуудсанд нээлттэй байршуулан  олон нийтэд танилцуулж, иргэдээс болон сонгуулийн үйл ажиллагаанд хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагууд болох Үндэсний аудитын газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Гадаадын иргэн харьяатын газар, Улсын дээд шүүх, МҮОНРТ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн намуудаас ирүүлсэн санал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас 2016, 2017 оны сонгуулиудыг ажиглаад өгсөн зөвлөмжийг тусгасан гэдгийг хууль санаачлагчид онцлон дурдав.

 “Сонгуулийн тухай нэгдмэл хууль 2015 онд батлагдсан. Хуулийг хэрэгжүүлэх явцад зарим хүндрэл, бэрхшээл үүсэж байгаа талаар сонгуулийг зохион байгуулж явуулдаг байгууллага, улс төрийн намууд, нэр дэвшигч, сонгогчдоос санал бодол, байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн байдаг. Иймээс Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сонгуулийн хуулиудыг бие даасан төслүүд болгож, тус тусад нь төсөл боловсруулснаас Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталж, мөрдөж эхлээд байна. Ингэхдээ Улсын Их Хурлын сонгуультай холбоотой заалтуудыг Сонгуулийн тухай хуулиас хасаж хүчингүй болгосон. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслүүд батлагдсанаар Сонгуулийн тухай хууль бүхэлдээ хүчингүй болно” хэмээн Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэллээ.
Ингээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхээр болов.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогоомжийг нийцүүлэх хуваарьт Монгол Улсын Их Хурлын тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын болон шинэчилсэн найруулгын төслүүд, холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 22 хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль зэрэг нийт 7 хуулийн төсөл, нийтдээ 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ