Энэтхэгийн Сонгуулийн комиссын төлөөлөгч СЕХ-нд зочлов
Өнөөдөр, 2019 оны 12-р сарын 06-ны өдөр Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Сонгуулийн комиссын Санхүүгийн хэлтсийн орлогч дарга, ноён Викра Батраг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн Энэтхэг Улсын Сонгуулийн комисстой харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байгаадаа баяртай байгаагаа дурдаад, Монгол Улсад сонгуулийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж явуулдаг талаар товч танилцуулав.
Энэтхэгийн төлөөлөгч ноён Викра Батра 2019 оны 12-р сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Улс төрийн намын санхүүжилтийн хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд уулзалтын үеэр өөрийн орны сонгуулийн туршлагаас хуваалцав.
Энэтхэг Улс нийт 900 сая бүртгэлтэй сонгогчтой, үүнээс дунджаар 600 сая сонгогч сонгуульд оролцож саналаа өгдөг ба сонгогчдын ирц нь хэдийгээр 66-67% байдаг ч хот суурин газрын залуу сонгогчдын ирц улам буурч байгааг дурдлаа.
Уулзалтын төгсгөлд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ажлыг хоёр талын харилцан тохиролцсон айлчлалын үеэр зохион байгуулахаар тохиролцов. Тэрээр Монгол Улсад сонгогчийн санал авах ажиллагаанд ашиглагддаг сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагаатай танилцлаа.