Сонгуулиас сонгуульд туршлагажиж байгаа баг, хамт олонд ажлын амжилт хүслээ
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, мөн Байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Содбилэг, Ж.Батзандан нар Сонгуулийн ерөнхий хороон дээр ажиллаж, ирэх сонгуулийн бэлтгэл ажилтай танилцлаа. Энэ үеэр сонгуулийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, сонгуулийн бэлтгэлийг хангахад анхаарах асуудлуудын талаар, түүнчлэн тулгамдаж буй асуудлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагаас асуулт асууж, тодорхой хариулт авч санал солилцлоо.
Уулзалтын үеэр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Сонгуулийн ерөнхий хороо бол 1992 оноос хойш шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан төрийн ууган байгууллагуудын нэг. Үе үеийн сонгуулиудыг сайн зохион байгуулж ирсэн. 2006 онд Сонгуулийн төв байгууллагын тухай хууль батлагдаж төв байгууллага болсон, 2012 оноос Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу сонгогчийн санал авах төхөөрөмжийг санал авах ажиллагаанд хэрэглэж ирсэн, үүнээс хойшхи ялангуяа 2016, 2017 оны сонгуулиудыг маш амжилттай зохион байгуулж, элдэв маргаан будлиангүй явуулсан, сонгуулиас сонгуульд туршлагажиж байгаа баг, хамт олон гэж ойлгодог. Тиймээс танай хамт олон 2020 оны сонгуулиудыг амжилттай зохион байгуулах тал дээр гол анхаарлаа хандуулан сайн ажиллаж, ирэх сонгуулийн үйл ажиллагаа амжилттай явагдана гэж найдаж байна.
Жилээс жилд сонгуулийн зохион байгуулалт, сонгуульд оролцогчдын гаргаж буй үйлдэл, үйл ажиллагаа улам нарийн төвөгтэй болж байгаа, тэдгээр нөхцөл байдлыг урьдчилан харж, зохицуулах тал дээр анхаарч ажиллах ёстой.” хэмээв.
Дараа нь УИХ-ын гишүүд сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцсан юм.