Ард нийтийн санал асуулгыг ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах боломжтой

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.

Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах тухай яриад байна. Эрх зүйн хувьд боломжтой юу?

 

Боломжтой. Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2016 онд УИХ-д санал хүргүүлж Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан. Энэ хуулиар ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах хууль, эрх зүйн орчныг Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудад нийцүүлж өгсөн. Санал асуулгыг сонгуультай хамт явуулах зохицуулалтыг ч энэ хуульд оруулсан. Иймд ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахад ямар нэг хүндрэл бэрхшээл гарахгүй. Харин Улсын Их Хурал ард нийтийн санал асуулгыг товлон зарлахаасаа өмнө хуульд хугацаатай холбоотой ганц нэг өөрчлөлт хийх ёстой.

 

Хугацаатай холбоотой ямар өөрчлөлт вэ?

 

Ард нийтийн санал асуулгыг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлахаар хуульчилсан. Энэ хугацааг богиносгож 30 хоног болгож өөрчилбөл болно.


Нэг сарын хугацаанд сонгуулийн хороод бэлтгэлээ хийж амжих уу?

 

Амжина. Хамт явагдахын нэг давуу тал нь энэ. Бид Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл дээрээ тулгуурлаад санал асуулгаа зохион байгуулна гэсэн үг. Нэмэлт хугацаа шаардсан ажил гарахгүй. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах бол сонгуулийн байгууллага эрхлэн явуулна гээд хуульчилсан. Иймд Сонгуулийн Ерөнхий Хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод зохион байгуулалтыг хариуцаж ажиллана гэсэн үг. Сонгуулийн хороод бүгд байгуулагдаад бэлтгэлээ хангаад явж байна.

 

Хэрэв санал асуулга сонгуультай хамт явагдвал гадаадад байгаа иргэд оролцох уу?

 

Гадаад улсад байгаа Монгол Улсын 18 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэн санал асуулгад оролцож саналаа өгөх эрхтэй. Гадаад улсад байгаа иргэдийн саналыг авах Төв, салбар комиссууд байгуулагдаад Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлээ хангаж ажиллаж байна. Эдгээр комисс санал асуулгыг тухайн улс орондоо зохион байгуулах боломжтой.

 

Санал асуулга явуулах төсөв, зардлын хувьд нэмж батлуулах уу?

 

Хэрэв ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулбал ямар ч нэмэлт төсөв, зардал шаардагдахгүйгээр зохион байгуулж болно. Саналын хуудас гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудасны нэг талд нь хэвлэнэ. Санал авах, тоолох болон сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг програмчлах, зөөж тээвэрлэх, хадгалах, хамгаалах, сонгуулийн хороод, санал авах байр, бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд, тагнуул, цагдаагийн албан хаагчид, мэдээллийн технологийн баг, даамлуудын ажлын хөлс урамшуулалд нэмж төсөв шаардахгүйгээр сонгуулийн зардлаас зохицуулж болно. Хамт явуулбал зардал хэмнэнэ гэж ойлгож болно. Харин ард нийтийн санал асуулгыг дангаар нь тусад нь явуулбал сонгуультай адил хэмжээний төсөв, зардал гарна.

           

Арав гаруй тэрбумын зардал гарна гэсэн үг үү?

 

Тийм. Яагаад гэвэл бүх зүйл шинээр эхэлнэ гэсэн үг. Хоёр сая гаруй сонгогчдын саналыг авахын тулд саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, техник хэрэгслийг програмчлах, тээвэрлэх, 20 гаруй мянган төрийн албан хаагчдыг ажиллуулсны хөлс урамшуулал, сонгуулийн хороодын зардал гээд бүх ажил эхнээсээ шинээр хийгдэнэ.

 

Санал асуулгын асуулт нь ямар байх ёстой вэ?

 

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд зааснаар санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулна гэж хуульчилсан байгаа. Санал асуулга явуулах асуулт, түүнд өгөх хариултын хувилбарыг Улсын Их Хурал хэлэлцэж батална. Санал асуулгын асуулт, хариултыг хоёрдмол утгагүй, товч, тодорхой, ойлгомжтой томъёолсон байх зэрэг шаардлага хуулиар тавигдсан.

 

Санал асуулгыг сонгуультай хамт явуулж байгаа тохиолдолд дүн мэдээ гаргах, нэгтгэх үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл үүсэх үү?


Дүн гаргах үйл ажиллагаанд ямар нэгэн хүрдрэл үүсэхгүй, харин ч асуулгын хариу хурдан шуурхай гарна. Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглаж байгаа гол давуу тал нь энэ юм. Санал асуулгын үр дүнгийн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 16-д Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ гэж тодорхойлж өгсөн.

 

Санал асуулгын дүнг сонгуулийн дүнтэй хамт өргөн мэдүүлэх үү?

 

Өргөн мэдүүлэх хугацааны хувьд өөр өөр зохицуулалттай. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг санал хураалт дууссан өдрөөс хойш арав хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлэхээр хуульчилсан. Харин ард нийтийн санал асуулгын дүнг Сонгуулийн Ерөнхий Хороо хүлээн авснаас хойш хоёр хоногийн дотор өргөн мэдүүлэхээр хуульчилсан. Иймд хамт явуулсан тохиолдолд сонгуулийн дүн, ард нийтийн санал асуулгын дүнг тус тусад нь хуульд заасан хугацаанд өргөн мэдүүлнэ.  

 

“Өдрийн сонин”. 2017.05.04, № 100. Э.Энх