Ч.Содномцэрэн: Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг орон даяар онлайнаар шууд дамжуулна

Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургадугаар сарын 26-нд явуулахаар УИХ-аас тов батлаад буй: Уг сонгуультай холбоотой зарим зүйлийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарлагдлаа.

 

Сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг 150-иас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал тогтоохоор хуульчилсны дагуу Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг нэгдүгээр сарын 16-ны өдрөөс товлон зарлаж, санал авах ажиллагааг 6 дугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоолоо. Сонгууль товлон зарлагдаж, санал авах өдөр тодорхой болсноор хуульд заасан хугацаатай ажлууд хийгдэж эхэлнэ.

 

Сонгууль товлон зарлагдсанаас хойш ямар ажлууд хийгдэх вэ?


Хуульд сар, хоногоор заасан хугацаатай ажлууд байдаг. Энэ ажлууд хийгдэнэ. Тухайлбал, хэсэг байгуулах ажил санал авах өдрөөс 120 хоногийн өмнө хийгдэнэ. Энэ 2 дугаар сард багтаагаад сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэсгээ байгуулж хэсгийн нутаг дэвсгэр, төвийг нийтэд зарлах ёстой. Хэсэг байгуулах дээд хязгаарыг суманд 2000, аймгийн төвд 2500, нийслэлийн дүүрэгт 3000-аас дээшгүй сонгогчтой байхаар хуульчилсан. Хоёрдугаар сард хийгдэх ёстой нэг ажил гэвэл зардлын дээд хэмжээг тогтоох асуудал байгаа. Үндэсний аудитын газар 2 дугаар сарын 26-наас өмнө нам, нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтооно. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг боловсруулж батлах зэрэг ажлууд байгаа.

 

Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуулийн ажлын цаг хугацааны хуваарийг хэзээ батлах вэ?

 

Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарийг сонгуулийн төв байгууллага гаргаж мөрдүүлнэ гэж заасан. Ойрын үед Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах ажлын төлөвлөгөө, цаг хугацааны хуваарийг хэлэлцэж батална.

 

Цаг хугацааны хуваариа товчхон танилцуулахгүй юу?

 

Сонгуулийн тухай хуульд сонгууль зохион байгуулахтай холбоотой асуудлыг өдөр, хоногоор нь тодорхой заасан. Энэ заалтуудыг нэгдсэн хуваарьт оруулж нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлдэг. Мөн нэр дэвшигчид, намууд, сонгогчидтой холбоотой хугацаатай заалтуудыг хуваарьт тусгаж өгнө. Товчхон хэлэхэд нэгдүгээр сард санал авах өдрийг тогтоох, сонгууль товлон зарлах, хоёрдугаар сард хэсэг байгуулах, зардлын дээд хэмжээг тогтоох, цаг хугацааны хуваарь гаргах, гуравдугаар сард сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж цахим хуудаст байршуулах, журам, заавар, загвар, маягт боловсруулж батлах, сургалт зохион байгуулах, дөрөвдүгээр сард сонгуулийн хороод, комиссуудыг байгуулж ажилд нь оруулах, тавдугаар сард нам, хамтарсан намууд, нэр дэвшүүлэх, нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа явагдана, зургаадугаар сард сонгуулийн сурталчилгаа, саналын хуудас хэвлүүлэх, техник хэрэгслийг хүргүүлэх, санал авах, дүн мэдээ гаргах ажиллагаа хийгдэнэ.Энэ бүхнийг хуулийн зүйл заалтын дагуу тусгасан цаг хугацааны хуваарь гаргаж мөрдүүлнэ.

 

Гадаад улсад байгаа иргэдийн саналыг авах уу?

 

Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд авна. Гадаад улсад байгаа иргэдийн саналыг авах төв комиссыг Гадаад харилцааны яаман дээр, салбар комиссуудыг дипломат төлөөлөгчдийн газруудад байгуулна. Сонгогчдын саналыг битүүмжилсэн дугтуйд хийж авна. Саналыг Сонгуулийн Ерөнхий Хороон дээр 6 дугаар сарын 26-ны орой 22 цагт ажиглагчид, хэвлэл мэдээллийнхнийг байлцуулан санал тоолох төхөөрөмжөөр тоолж, дүнг нийтэд ил тод танилцуулна.

 

Сонгуулийн дүнг 2016 онд шууд дамжуулсан нь олон нийтийн талархлыг хүлээсэн. Энэ жил дамжуулах уу?

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Сонгуулийн Ерөнхий Хорооны төв серверээс шууд дамжуулж үзүүлнэ. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дүнг орон даяар онлайнаар шууд дамжуулж үзүүлэх бэлтгэлээ Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс хийж байна. Нэр дэвшигчдийн зураг, овог нэр, нам зэрэг мэдээллийг оруулна.


Зардал батлагдсан уу? Сонгуульд хэр их мөнгө зарцуулах вэ?

 

2017 оны төсвийн тухай хуулиар Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зардлыг 14.9 тэрбум төгрөгөөр баталж өгсөн. Энэ нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаас тэрбум орчим төгрөгөөр бага гэсэн үг. Мөн автоматжуулалтын зардал 2012 онтой харьцуулахад 10 дахин багассан. Манай инженерүүд програм хангамж, техник үйлчилгээгээ өөрсдөө хийж зардлаа бууруулж байна. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад төсөв зардал буурч байгаа.

 

Гараар тоолж баталгаажуулах уу?

 

Өмнөх бүх сонгуулиудаар гараар тоолж баталгаажуулах ажлыг хийж байсан. 2012, 2013 оны сонгуульд хяналтын тооллого, 2016 оны сонгуульд техникийн тооллого нэрээр гараар тоолж баталгаажуулсан. Ямар нэгэн зөрчил, гомдол гарч байгаагүй. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар хуульд заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар харъяа хэсгийн 50 хүртэл хувийг сонгож техникийн тооллого хийнэ. Техникийн тооллого хийхдээ нам, нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулдаг.      

 

Орон нутгийн сонгуулиар дахин санал хураалт болсон. Ерөнхийлөгчийн сонгуульд ийм заалт бий юу?

 

Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар нэлээд нарийвчилсан зохицуулалтууд байдаг. Тухайлбал, нэр дэвшигч нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авч байж сонгогдохооор заасан. Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оролцуулна гэж Үндсэн хуульд заасан. Ийм учраас аль нэг нэр дэвшигч нь олонхийн санал авч байж сонгогдоно гэж ойлгох хэрэгтэй. Орон нутгийн сонгуулийн тухайд сонгогдогчдын ирц нь хүрээгүй хэсэгт дахин санал хураалт явуулдаг. Гэхдээ өмнөх 6 сонгуульд дахин санал хураалт болж байгаагүй. 

“Өнөөдөр” сонин. 2017.01.31, № 025. С.Уул