76 гишүүний эрх ашгийг тусгана гэдэг боломжгүй
Сонгуулийн Ерөнхий Хорооноос оруулж ирсэн тогтоолынтөсөлд Байнгын хороо хэрөөрчлөлт оруулсан бэ? Нэлээд л маргаан дагууллаа?
Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-д тойрог байгуулах, тойргийн төв, дугаар, мандатын тоог хуваарилах санал оруулсныг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн чуулганаар орсон. Байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж байхад зарим тойрог дээр зарчмын зөрүүтэй саналууд гарсан. Үндсэндээ зарчмын зөрүүтэй саналуудаас бусад Сонгуулийн Ерөнхий Хорооны оруулж ирсэн санал дэмжигдлээ. Тойрог байгуулах, мандатын тоог тогтоох тулгамдсан асуудал байлаа. Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуультай холбогдох хувь тэнцүүлсэн тогтолцоог түдгэлзүүлсэн учир хуульд өөрчлөлт оруулж, 150 хоногийн өмнө тойрог, мандатыг тогтоодог байсныг 45-аас доошгүй гэж өөрчилсөн. Тиймээс энэ хугацаанд орж ирж байгаа юм. 45-аас доошгүй хоногт гэдэг нь ирэх Бямба гаригт дуусч байгаа. Энэ хугацаанд шийдвэрээ гаргахгүй бол хууль зөрчинө.
Тойргоо баталж чадахгүй бол сонгууль хойшилно гэсэн үг үү?
Үндсэн хуульд зааснаар энэ боломжгүй. Учир нь сонгууль хойшлуулах ганц л заалт бий. Тэр нь дайн дажин, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гамшиг тохиолдсон үед хойшлуулна. Бусад үед ээлжит сонгуулийг 4 жил тутамд, хуулийн хугацаанд явуулна гэсэн заалттай.
Сонгуулийн Ерөнхий Хорооны захиалгаар мандатын хуваарилалтыг оруулж ирлээ гэж МАН-ын гишүүд хэлж байна. Энэ тухайд Та юу хэлэх вэ?
Захиалгаар хийсэн гэж ярих нь буруу л даа. Төрийн байгууллагыг ингэж хэлж болохгүй. Сонгуулийн Ерөнхий Хороо хараат бус байгууллага. Хүсэлтүүд ирсэн. МАН-ын бүлэг болон зарим аймаг, сум, УИХ-ын гишүүн, Засаг дарга нараас ирсэн. Тэр болгоныг харгалзаж үзэх боломжгүй. 76 гишүүний эрх ашгийг тэнд тусгана гэдэг боломжгүй. Зарим нь гомдолтой байгаа бол нөгөө хэсэг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Булган аймгийг нэг мандаттай болгосныг шүүмжилж байгаа. Өмнөговь аймагтай харьцуулан ярьж байсан. Сумдаас тооцсон гэдгийг Та тодотгож өгөхгүй юу?
Үндсэндээ 28 мандат хуваарилж байгаа үйл явцыг ойлгох хэрэгтэй. 76-г дахин хуваарилаагүй. Илүү гарсан 28 мандатыг хот, хөдөөд хэдийг хуваарилах тухай л яригдаж байгаа. Монгол Улс 21 аймагтай. Тиймээс бүх аймагт мандат нэмэх боломжгүй.
Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа хэдийнээс эхлэх вэ?
5 дугаар сарын 23-наас нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлнэ. Энэ үйл ажиллагаа тав хоногийн хугацаанд үргэлжилнэ. Үүний дараа 3 хоногийн дотор Сонгуулийн Ерөнхий Хороонд материалаа ирүүлнэ. Бүртгэх эсэхийг Сонгуулийн Ерөнхий Хороо 5 хоногт багтаан гаргана. Тэгэхээр нэр дэвшүүлснээс хойш 13 хоногийн хугацаа байна.
Гадаадад байгаа монголчууд саналаа өгөх боломжгүй боллоо хэмээн нэлээд шүүмжилж байна. Энэ тал дээр ямар нэгэн зохицуулалт хийх үү?
Үндсэн хуулийн цэцээс пропорциональ тогтолцоотой холбоотой хэсгийг түдгэлзүүлсэн. Энэ тогтолцоонд гадаадад байгаа иргэдийн саналыг авах заалт байсан юм. Үүнийг нь Улсын Их Хурал хүлээж аваад хүчингүй болгочихсон. Тэгэхээр хуулиараа бол санал өгөх боломжгүй.
Шилжилт хөдөлгөөний улмаас 14 мянган иргэн санал өгөх боломжгүй боллоо гэдэг мэдээлэл гараад байна. Ийм олон иргэний асуудлыг яах ёстой вэ?
Хуулиараа сонгогчийн бүртгэлийг улсын бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна гэж заасан. Тэнд бүх бүртгэл явагдаж байгаа.
ИЗНН захидал бичиж, шүүхээр асуудлаа шийднэ гэдэг зүйл ярьсан. Тийм боломж бий юу?
ИЗНН 2 тогтоол ирүүлсэн. Нэг нь С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг нарын гарын үсэгтэй “энэ удаагийн ээлжит сонгуульд манай нам оролцохгүй, АН-ыг дэмжиж оролцоно” гэсэн тогтоол ирүүлсэн. Харин 2 дахь нь Ц.Ганхуягийн гарын үсэгтэй тогтоол ирсэн. Түүн дээрээ сонгуульд оролцоно гэсэн байсан. Ц.Ганхуягийн тогтоол дээр С.Оюуны гарын үсгийг дуурайлган зурсан байна гэж өөрөө тайлбар өгсөн. Тиймээс хуулиараа боломжгүй гэсэн үг. Бичиг баримт дутуу, хуурамч бол бүртгэхээс татгалзана гэдэг заалт бий.
“Өдрийн сонин”. 2016.05.13, № 114. Э.Энх