Сонгуулийн хэсгийг энэ сард багтааж байгуулна
Энэ сард сонгуультай холбоотой ямар ажлууд хийх вэ?
Сонгуулийн тухай хуульд заасны дагуу хоёрдугаар сард сонгуулийн хэсэг байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах, нам, эвсэл, нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох юм. Эдгээр ажлыг 3 дугаар сарын 1-нээс өмнө хийх ёстой.
Сонгуулийн хэсгийг хаанаас хэрхэн байгуулах вэ?
Сонгуулийн хэсгийг улсын бүртгэлийн байгууллагын санал болон тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулдаг. Хэсэг байгуулах ажиллагаа нь тодорхой хуулийн хугацаатай. Тухайлбал, сонгуулийн хэсгийг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлах ёстой. Хэсэг байгуулсан тухай мэдээллээ тав хоногийн дотор тухайн аймаг, нийслэл дэх салбар нэгжид, эдгээр нэгж нь тав хоногийн дотор Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт хүргүүлэхээр хуульчилсан.
Сонгуулийн Ерөнхий Хорооны хувьд сонгуулийн хэсгийг хуульд заасан хугацаанд байгуулах талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Сонгуулийн хэсгийг сонгогчдын тооноос хамаараад аймаг, сум, дүүрэгт ялгаатай тогтоодог. Тухайлбал, нэг хэсэг нь суманд 2000-аас, аймгийн төвд 2500-аас, дүүрэгт 3000-аас дээшгүй сонгогчтой байхаар хуульд заасан.
Баг, хороог нэгтгэж хэсэг байгуулж болох уу?
Болохгүй. Баг, хороог бусад баг, хороотой нийлүүлж хэсэг байгуулахыг хуулиар хориглосон. Харин сонгогчдын тооноос хамааран баг, хороог хуваан хэсэг байгуулж болно. Ээлжит сонгуулиар байгуулагдсан хэсгийг дараагийн ээлжит сонгууль хүртэл өөрчилдөггүй.
Ер нь УИХ-ын сонгуулиар хэдэн хэсэг байгуулж байсан бэ?
Сонгуулийн хэсгийн тоо сонгогчдын тоотой шууд хамааралтай байдаг. Сонгогчдын тоо нэмэгдэх тутам хэсгийн тоо нь нэмэгддэг. 1992 онд 1500 гаруй хэсэгтэй байсан бол 2012 оны сонгуулиар 1900 гаруй хэсэг байгуулагдсан.
Сонгогчдын нэрийн жагсаалтыг ямар байгууллага эрхлэн гаргах вэ?
Сонгогчдын нэрийн жагсаалтыг 2012 оноос хойш улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан гаргаж байна. Сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, сонгуулийн хэсэг тус бүрээр нэгтгэн гаргаж гуравдугаар сарын нэгнээс өмнө цахим хуудсандаа байрлуулах ёстой.
Сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотойгоор иргэдийн болон сонгогчдын шилжилт хөдөлгөөн, гадаад улсад байгаа иргэдийн бүртгэл, эрх зүйн чадамжгүй болон ял эдэлж байгаа сонгуулийн насны иргэдийн мэдээлэл, цэргийн алба хааж байгаа сонгогчдын мэдээллийг гаргаж холбогдох байгууллагад хүргүүлэх гэх мэт олон ажлыг санал авах өдөр хүртэл хуульд заасан хугацаанд нь амжуулах ёстой.
Гадаад улсад байгаа иргэд заавал өөрийн биеэр очиж бүртгүүлдэг байсан. Энэ удаад яах вэ?
Энэ удаагийн сонгуулиар ийм шаардлага тавихгүй. Гадаад улсад байгаа сонгуулийн насны иргэд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт шуудангаар, цахимаар, факсаар бүртгүүлж болно.
Зардлын дээд хэмжээг Сонгуулийн Ерөнхий Хороо тогтоож байсан байхаа?
Өмнөх сонгуулиудаар зардлын дээд хэмжээг манайх тогтоож байсан. Сонгуулийн тухай шинэчилсэн хуулиар Үндэсний аудитын газар тогтооно. Манай Хорооны зүгээс мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байна. Зардлын дээд хэмжээг тогтоохдоо уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалздаг. Харин орон нутгийн Хурлын сонгуулийн тухайд тухайн орон нутаг дахь төрийн аудитын салбар байгууллага нь тогтооно. Хугацааны хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч болон нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө буюу 3 дугаар сарын 1-ний, орон нутгийн Хурлын сонгуулийн хувьд 90-ээс доошгүй хоногийн өмнө буюу 3 дугаар сарын 31-ний дотор тогтоохоор хуульчилсан.
“Өнөөдөр” сонин. 2016.02.18, № 039