63 мянган хүн тутамд нэг мандат ноогдоно

Сонгуулийн Ерөнхий Хорооноос УИХ-д хүргүүлсэн саналын талаар намууд маргаж байна. Мандатын тоог юуг үндэслэж тогтоосон бэ?

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны хувьд УИХ-д саналаа хүргүүлэх үүрэгтэй тул саналаа хүргүүлсэн. Сонгуулийн тухай хуульд мандатын тоог тогтоох 3 үндэслэл байгаа. Нэгдүгээрт, сонгуулийн тогтолцоог харгалзахаар заасан. Сонгуулийн тухай хуульд 48 гишүүнийг 26 тойргоос сонгоно гэж заасныг харгалзсан. Хоёрдугаарт, аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн амын тоог харгалзахаар заасан.Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд 2015 оны жилийн эцсийн хүн амын урьдчилсан тоог ирүүлсэн. 3061599 болсон байна. Энэ тоог харгалзан мандатын тоог тогтоох саналаа УИХ-д хүргүүлсэн. Гуравдугаарт, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт өөрчлөлт ороогүй тул хэвээр нь авч үзсэн.

 

Хүн амын тоо хаана илүү байна тэнд мандат нэмэх үү?

 

Хуулийн дагуу хүнамын тоог харгалзан тооцоход өссөн дээр нь нэмэгдэх, багассанаас нь хасагдах тооцоо гарч байгаа. Хүн амын тооны өсөлт хотод аймгуудын дунджаас 2 дахин их байгаа. Мандатын тоог өмнөх сонгуулиудаар нэг л аргачлалаар тогтоож ирсэн. Их энгийн л дээ. Нийт хүн амын тоогоо нийт мандатын тоондоо хуваахаар нэг мандатад ноогдох хүн амын тоо гарна. 3061000 хүнээ 48 мандатад хуваахаар 63 мянга гэсэн тоо гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, 63000 хүн тутамд нэг мандат ноогдоно гэсэн үг. Энэ тоогоо аймаг, дүүргийн хүн амын тоотой харьцуулаад тухайн аймаг, дүүргийн мандатын тоо гарна. Сонгуулийн Ерөнхий Хороо өмнөх сонгуулиудаар мандатын тоог тогтоохдоо энэ л аргачлалаар тооцож ирсэн. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тооцоход улсын дундаж 63000 хүн ам тутамд нэг мандат, нийслэлийн болон аймгуудын дундаж адил 63000 байгаа. Ингэхээр 2 мандаттай байсан 8 аймаг 1 болж, нийслэлд 22 мандат ногдож байна.

 

Тэгвэл урьд нь яагаад мандат хуваарилах дээр маргаан гарч байгаагүй юм бэ?

           

Хүчингүй болсон УИХ-ын сонгуулийн тухай хуульд энэ маргаан гарахгүй байх үндэслэл бүхий нэг заалт байсныг шинэ хууль батлахдаа хасчихсан юм. Тэр нь тойрог байгуулах хүн амын тооны улсын дунджийг аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтооно гэсэн заалт байсан. Аймаг, нийслэлд ялгавартайгаар тогтооно гэсэн энэ заалт байхад маргаан гардаггүй байлаа. Тухайн үед аймагт 40 гаруй, нийслэлд 80 гаруй мянган хүн тутамд 1 мандат хуваарилагдаж байсан. Одоогийн хуулиар тооцоход хүн амын дундаж нь улс, аймаг, нийслэлд адил болоод байгаа юм. Тийм болохоор улсын дунджийг барихаас аргагүй болсон. Сонгуулийн Ерөнхий Хороо хуулиа барина.

 

Тойрог байгуулах, мандатын тоог тогтоох хуучин тогтоол байгаа, энэ тогтоолоороо явж болох уу?

 

Болохгүй. Яагаад гэвэл 2011 онд гарсан УИХ-ын тойрог байгуулах, мандатын тоо тогтоох тогтоол нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн гарсан. Энэ заалт нь хуультайгаа хамт хүчингүй болсон. Иймд Сонгуулийн тухай хуульдаа нийцүүлээд тогтоол гаргах ёстой.  

           

Хүчингүй болсон энэ заалтаа сэргээж болохгүй юу?

           

Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Тэгээд ч хуульд өөрчлөлт оруулах нь цаг хугацааны хувьд боломжгүй. Сонгуулийн Ерөнхий Хорооны хувьд хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах ёстой байгууллага. Хуульд заасны дагуу л саналаа хүргүүлсэн.

 

Твиттер, фэйсбүүкийг сонгуулийн өмнөх 14 хоног хориглоно гэсэн яриа байна. Тэр үнэн үү?

 

Тийм зүйл хуульд байхгүй шүү дээ.

“Өдрийн сонин”. 2016.01.28, № 023, Ж.Баяр