Санал авах өдрийг тогтоох хуулийн хугацаа энэ долоо хоногт дуусна
Ээлжит сонгуулийн санал авах өдрийн талаар мэдээлэл өгнө үү.
Саяхан батлагдсан Сонгуулийн тухай хууль санал авах өдрийг эрт тогтоох заалт орсон. Эрт гэдэг нь санал авах өдрөөс 150 хоногийн өмнө буюу таван сарын өмнө санал авах өдөр тодорхой болно гэсэн үг.
Өмнө нь эрт тогтоодог байсан билүү?
Үгүй. Өмнөх хуулиудад санал авах өдрийг тогтоох тухай заалт байгаагүй. Харин санал авах өдөр нь зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын аль нэг өдөр байна гэсэн заалт байсан.
Тэгээд санал авах өдрөө яаж тогтоож байсан юм бэ?
Өмнөх хуулиар сонгуулийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлаж тогтоол гаргадаг байсан. Энэ товлон зарлах тухай тогтоолдоо санал авах өдрөө заагаад өгчихдөг байсан.
Ялгаа нь юу байна?
Ялгаа нь гэвэл шинэ хуулиараа санал авах өдрийг таван сарын өмнө тогтоож байна. Хуучин хуулиар бол хоёр сарын өмнө тогтоодог байсан. Нэг ёсондоо санал авах өдөр нь эрт тодорхой болж байна гэсэн үг.
УИХ-д танай Хороо санал хүргүүлсэн үү?
Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаад УИХ-д саналаа хоёр долоо хоногийн өмнө хүргүүлсэн. Энэ сарын 31-нээс өмнө санал авах өдөр тогтоох тухай тогтоол гаргах ёстой. Хуулийн хугацаа нь 31-нээр дуусч байна гэж ойлгож болно. Гэхдээ энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагийн аль нэг өдөр санал авах өдрөө тогтоохгүй бол шийдвэр гаргах боломжгүй болно. Учир нь 30, 31-ний өдөр бол амралтын өдөр байгаа юм.
Өөр хуулийн хугацаа тулчихсан асуудал юу байна вэ?
Өөр хугацаа нь тулчихсан хоёр асуудал байна. Нэгдүгээрт, УИХ-ын тойрог байгуулж, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтоох, хоёрдугаарт, аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тойргийг байгуулах зэрэг асуудлаар энэ сарын 31-нээс өмнө шийдвэр гаргах ёстой.
Тойргуудыг хаанаас байгуулах вэ?
УИХ-ын сонгуулийн тойргийг Улсын Их Хурал байгуулна. Харин аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойргийг тухайн аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулахаар хуульчилсан.
СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ш.Энхбаатар