Сонгогч руу хандсан бүхий л үйлдэл үйл ажиллагааг хориглосон
Сонгуулийн хууль батлагдчихлаа, ойрын хугацаанд хийх ажил юу байна?
Саяхан Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж 2016 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг баталсан. 2016 оны хувьд хоёр том сонгуультай. УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль зургаан сарын сүүлийн хагаст хамт явагдана. Намар арван сард Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль явагдана. Бид төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажилдаа орсон. Энэ нэгдүгээр сардаа багтаагаад УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойргийг байгуулж тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтоохоор хуульчилсан.
Тойргийг танайх байгуулах уу?
УИХ-ын сонгуулийн тойргийг Улсын Их Хурал байгуулна, харин аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойргийг тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байгуулна.
Ямар хугацаанд байгуулах ёстой вэ?
Сонгуулийн тухай хуульд санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө гээд заачихсан. Иймд энэ нэгдүгээр сардаа багтаагаад тойргийг байгуулах ёстой.
Тойрог байгуулахаас гадна өөр ямар ажил байна?
Энэ сард багтааж хийх ёстой өөр нэг ажил бол санал авах өдрийг Улсын Их Хурал тогтоох байгаа. Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтоохоор заасан тул энэ сарын 31-нээс өмнө санал авах өдрийг тогтоох ёстой.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуулийн ажлын графикаа хэдийд гаргах вэ?
Саяхан хуралдсан Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийг хэлэлцсэн. Одоо бид санал авах өдрийг УИХ-аас тогтоохыг хүлээж байна. Санал авах өдөр тодорхой болчихвол Сонгуулийн Ерөнхий Хороо графикаа гаргаад нийтэд мэдээлнэ.
Сонгуулийн хэсгийг эрт байгуулдаггүй билүү?
Сонгуулийн тухай хуульд сонгогчдын санал авах, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид Улсын бүртгэлийн байгууллагын мэдээллийн сан, саналыг харгалзан хэсгийг санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулахаар хуульчилсан. Энэ нь хоёрдугаар сардаа багтаагаад хэсэг байгуулна гэж ойлгож болно.
Удахгүй Цагаан сар болох гэж байна. Нэр дэвшигчид, намууд золголт хийгээд, бэлэг тараагаад эхлэх байх даа.
Сонгуулийн хуульд энэ талаар маш тодорхой заачихсан. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах гэх мэт үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд хуульчилсан. Мөн хуульд бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэхийг хориглосон.
Эдгээр хориглосон заалтыг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлагыг хэн оногдуулах вэ?
Захиргааны зөрчил гарсан талаар аливаа этгээд цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах бөгөөд зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж шүүх шийдвэрлэхээр хуульчилсан байна. Эдгээр хориглосон заалтыг зөрчсөн иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгууль ногдуулахаар хуульчилсан. Мөн сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр заасан.
Өндөр настан, ахмадуудыг амралт сувилалд явуулдаг, энэ болох уу?
Болохгүй. Гадаад, дотоодод аялуулах, амралт сувилалд амраах, сувилуулах, хувь хишиг, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах ажилд оруулах амлалт авах гэх мэт сонгогч руу хандсан бүхий л үйлдэл, үйл ажиллагааг энэ оны нэгдүгээр нэгнээс хойш явуулахыг хориглосон гэж ойлгож болно.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр чансаа тогтоох судалгаа явагдаад байсан, одоо болох уу?
Сонгуулийн тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгнээс эхлэн санал хурааж дуустал хориглосон. Энэ заалтыг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд торгохоос гадна үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, цахим хуудасны хандалтыг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн харилцаа холбооны зохицуулах хороо зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх зэрэг хариуцлага ногдуулахаар хуульчилсан.