Манай байгууллага олон улсад үнэлэгдэхүйц арга барил, технологитой болсон

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.

 

Анхны ардчилсан, чөлөөт сонгуулийн 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Таны ширээн дээр байгаа 1990 оны сонгуулийг зохион байгуулсан комиссын тайлан, илтгэл сонирхол татаад байна?

 

1990 оны 7 дугаар сарын 29-нд анхны ардчилсан, чөлөөт сонгуулийг улсын хэмжээнд зохион байгуулсан. Сонгуулийн Ерөнхий Хороо гэдэг байгууллага сураг ч үгүй байсан үе шүү дээ. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 22 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж байв. Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын холбоо, Эвлэлийн төв хороо, Үйлдвэрчний эвлэл гэх мэт олон нийтийн байгууллагын төлөөлөл орсон уг комиссыг сансрын нисгэгч Ж.Гүррагчаа даргалж, анхны ардчилсан сонгуулийг явуулсан нь түүх болж үлджээ. Монголчууд ганц намын тогтолцооноос олон намын тогтолцоонд шилжсэн, хүчээр нэг хүний төлөө санал өгөх биш олон хүнээс сонголтоо хийх, дэмжихийг хүссэн хүнээ сонгох эрхээ эдэлсэн анхны сонгууль учраас ач холбогдол өгч, Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэх ёстой гэж үзэж байгаа юм.

Тухайн үед нөхцөл байдал ямархуу байсан, энэ сонгуулийг хэрхэн явуулсан талаар судалмаар санагдаад энэ тайлан илтгэлийг нэлээд сонирхож уншлаа. Сонирхол татахаар зүйлүүд ч их байна.

 

Тухайлбал?

 

430 тойрогт 2400 гаруй хүн нэр дэвшсэн, зарим тойрогт 70 гаруй хүн нэр дэвшиж байж. 1992 оноос хойших сонгуульд дээд тал нь 700-800 хүн өрсөлддөг гээд бодохоор 1990 оны сонгуульд маш олон хүн нэр дэвшсэн байгаа биз. Улс төрийн намуудаас гадна олон нийтийн байгууллагууд, албан газрууд хүртэл нэр дэвшүүлэх эрхтэй байсан болохоор ийм олон хүн өрсөлдсөн хэрэг.

Сонгогчдын ирц 98 хувьтай байж. Хүн бүр сонгуульд оролцож санал өгөх ёстой гэсэн өмнөх нийгмийн сэтгэхүй үүнд нөлөөлсөн байх. Дарханд тойргийн хорооны дарга нь өөрөө нэр дэвшчихсэн тууж явж, өөр нэг хүн сум, аймаг, Их Хуралд гээд гурван шатны сонгуульд зэрэг нэр дэвшсэн тохиолдол гарч байж. Хууль эрх зүй, зохион байгуулах туршлага гээд бүх зүйл дутмаг байсан тэр үед анхны сонгууль маань алдаа оноотой л болж.

Энэ бүхэн нь зохион байгуулах комиссын тайланд үлджээ. “Цаашид сонгууль зохион байгуулдаг бие даасан, намуудаас хараат бус байгууллага байх хэрэгтэй, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох хэрэгтэй байна, ойлгомжгүй зүйл их байна, санал хураалтын дүн мэдээ авах, түүнийг боловсруулж мэдээлэлд ашиглах нь үнэхээр учир дутагдалтай болох нь харагдав. Иймээс дараагийн сонгуулийн үеэр дүн мэдээ авах, боловсруулах, албан ажилд ашиглах боломж бүхий удирдлагын автоматжуулсан системд шилжих шаардлагатай” гэхчилэн уг тайланд бичсэн нь маш оновчтой дүгнэлтүүд байж.

 

Өнгөрсөн хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороо хэмээх байгууллага хэр бэхжиж төлөвшив?

 

Сонгууль зохион байгуулах үүрэг бүхий бие даасан байгууллага хэрэгтэй нь анхны сонгуулиар харагдсан тул 1992 онд Сонгуулийн Ерөнхий Хороог байгуулсан. Үүнээс хойш манай байгууллага үүргээ гүйцэтгэж, сонгууль явуулах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохын төлөө тасралтгүй ажиллаж байна. Үүний үр дүн гарч, эрх зүйн орчин жилээс жилд боловсронгуй болж, манай байгууллага Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуулийг зохион байгуулдаг, орон нутгийн сонгуульд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлдэг бие даасан, хараат бус мэргэжлийн байгууллага болж бэхжсэн.

Өөрийн оронд төдийгүй бүс нутгийн хэмжээнд туршлага хуваалцах хэмжээнд хүрснийг олон улсын байгууллагууд үнэлж байгаа. Техник тоног төхөөрөмжийн хувьд ч олон улсын түвшнээс нэг их хоцроогүй болов уу. 1990 онд сонгогчид цонхон дээр очиж саналын хуудсаа бөглөөд хайрцагт хийдэг, орой нь хайрцагтай саналын хуудсыг шалан дээр асгаж байгаад тоолдог байлаа. Тэгээд саналын хуудас алга боллоо, баланс барихгүй байна гэсэн асуудал гарна. Одоо бол тийм зүйл байхгүй. Сонгогчдыг бүртгэхээс эхлээд санал тоолох хүртэл автоматжуулсан системээр явж байгаа. Хууль эрх зүйн орчин сайжирсан, мэдлэг чадвар, туршлагатай ажиллах боловсон хүчин хангалттай байна. Олон улсын хэмжээнд үнэлэгдэхүйц арга барил, технологитой болсон.

 

Олон улсад үнэлэгдэж байгаа гэдэг чинь сайхан сонсогдож байна?

 

Олон улсын Парламент судлалын төв гэж Лондонд төвтэй байгууллага байдаг. Тэр байгууллагаас дэлхийн сонгуулийн байгууллагуудаас нэгийг шилдгээр шалгаруулж, нэрэмжит шагналаа өгдөг юм. 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулиа сайн зохион байгуулсан учраас уг шагналыг авсан. Гурван үе шаттай явуулсан шалгаруулалтад 140 орны сонгуулийн байгууллагатай өрсөлдөн шалгарч, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайттай хамт уг шагналыг хүртсэн.

Ирэх жил УИХ-ын болон Орон нутгийн сонгууль болно. Бэлтгэлээ хэр хангаж байна вэ?

 

Өмнөх сонгууль дуусаад л дараагийн сонгуулийн бэлтгэлд орсон. Манай ажилтнууд энэ зун амраагүй ажиллаж байгаа. Сүүлийн сонгуулиудад гадаадын олон ажиглагч ирсэн. Тэд сонгуульд хийсэн ажиглалтаараа тайлан гаргаж, үнэлгээ, заавар, зөвлөмж өгдөг. Тэр зөвлөмжийн дагуу хууль эрх зүй, заавар журамдаа өөрчлөлт оруулж, үйл ажиллагаагаа улам сайжруулахын төлөө ажиллаж байгаа. Сонгуулийн хуулийг өөрчлөх Ажлын хэсэгт СЕХ-ноос төлөөлөл оруулан, шаардлагатай баримт материалыг гаргаж, Сонгуулийн хуулийн төсөлд оруулах саналаа хүргүүлсэн. Орон нутагт интернет, цахилгаа, гар утасны сүлжээгүй газар цөөнгүй. Тийм газруудаас санал хураалтын дүн мэдээг аймаг, сум руу машинаар зөөж цаг алдалгүй хурдан шуурхай авах боломжийг судалж байна.

 

Өнгөрсөн 25 жилд Сонгуулийн Ерөнхий Хороо маш сайн бэхжсэн юм байна гэж Таны ярианаас ойлголоо. Гэхдээ сонгууль бүрийн дараа л танай байгууллага руу дайрч давшилсан, үл итгэсэн, хардаж сэрдсэн мэдээлэл гардаг?

 

УИХ-ын сонгуульд 700-800-гаад хүн өрсөлддөг. Тэдний 76 нь л сонгогдоно. Үлдсэн хэсэг нь сэтгэл дундуур үлдэх нь тодорхой. Унасан хүн ууртай, унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шүү дээ. Тэгээд л СЕХ-ноос болоод сонгогдож чадсангүй гэсэн яриа гаргана, маргаан үүсгэнэ.

Олон улсын туршлагаас харахад сонгуулийн дараа гомдол, маргаан гарахгүй байна гэж байдаггүй юм билээ. Дэлхийн болон Азийн сонгуулийн байгууллагын хурал зөвлөгөөнд очиход нэр дэвшигчдийн гомдол, маргаантай холбоотой асуудал ярианы том сэдэв болдог.

“Үндэсний шуудан” сонин. 2015.07.29. № 141