Анхны ардчилсан сонгууль бол бахархах сайхан түүх, ардчиллын баталгаа мөн

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.

 

Монгол Улсад анхны ардчилсан сонгууль зохион байгуулсны 25 жилийн ой энэ сард тохиож байгаа юм байна?

 

Түүхээс нь сөхвөл БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны      5 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаар зарлигаар Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12 дахь удаагийн сонгууль, аймаг, хот, хороо, район, орон нутгийн хотын Ардын Хурлын депутатуудын 16 дахь удаагийн сонгуулийг 1990 оны 7 дугаар сарын 29-ний Ням гаригт явуулахаар тогтоож, Ардын Их Хурлын депутатуудын сонгуульд бэлтгэх ажлын хэсэг, сонгуулийн нутаг дэвсгэрийн комиссыг байгуулж байжээ.Сонгуульд нийтдээ улс төрийн 6 нам оролцож, сонгуулийн зарим тойрогт 70 гаруй хүн нэр дэвшиж байсан байна. Энэ нь анхны ардчилсан сонгууль хир өрсөлдөөнтэй явагдаж байсны  нэг илрэл.

 

Тухайн сонгуулийн дүн хэрхэн гарч байсан бол?

 

Сонгуулийн  санал хураалтаар 430 тойргоос 402 депутат сонгогдсон. Харин үлдсэн 28 тойрогт 8 дугаар сарын 15-нд дахин санал хураалт явуулж сонгуулийн дүн гаргаж байжээ. Энэхүү сонгуулиарМАХН 343, МоАН 23, МҮАН 7, МСДН 4, Монголын чөлөөт хөдөлмөрийн нам 1 суудал авч, 51 бие даан нэр дэвшигч сонгогдож байв.

 

Тэр үеийн төрийн төв байгууллагын тогтолцоо  онцлогтой байж. Хоёр танхимтай Парламент өмнө нь байгаагүй шиг санагдана?

 

Хоёр танхимтай буюу нэг нь  байнгын бус ажиллагаатай Ардын Их Хурал, нөгөө нь байнгын ажиллагаатай Улсын Бага Хуралтай байсан. Ийм тогтолцоотой хууль тогтоох дээд байгууллага Монгол Улсын төрийн байгууллагын түүхэнд өмнө нь байгаагүй. Энэ анхны ардчилсан сонгуулиар бий болгосон цоо шинэ тогтолцоо байсан. Ардын Их Хуралдсум, хороо бүрээс нэг, нийт 430 депутатсонгогдож байсан. Ардын Их Хурлын анхдугаар хуралдаан 1990 оны 9 дүгээр сард болж байнгын ажиллагаатай Парламент болох Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга болон 50 гишүүнийг сонгон баталсан. Улсын Бага Хуралд МАХН 33, Монголын Ардчилсан Нам 13, Монголын Социал-Демократ Нам 4, Монголын Үндэсний Дэвшлийн Нам 3 суудал тус тус авч байв. Хоёр танхимын эрх үүргийн онцлог нь гэвэл, Ардын Их Хурлын депутатууд өөрийн сонгогдсон орон нутгийг төлөөлдөг байсан бол, байнгын ажиллагаатай Улсын Бага Хурал хууль батлах үүрэгтэй байлаа. Харин хууль хэрэгжүүлэх  үүрэг нь Засгийн газарт байсан бөгөөд Улсын Бага Хурлын өмнө ажлаа тайлагнан хариуцлага хүлээдэг тогтолцоотой болсон.

 

Өнгөрсөн  хугацаанд сонгуулийн хууль эрх зүйн орчин, тогтолцоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?

 

25 жилийн хугацаанд сонгуулийн хууль эрх зүйн орчин, сонгуулийн тогтолцоо цоо шинээр бий болж бүрдсэн. 1990 онд Монгол Улсад анх удаа ардчилсан чөлөөт сонгууль болж Ардын Их Хурлыг, түүнээс Улсын Бага Хурлыг байгуулснаар ардчилсан сонгуулийн шинэ үе эхэлж сонгуулийн байгууллагын тулгын чулуу тавигдсан гэж үзэж болно. Үүнээс хойш Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль тус бүр 6 удаа явагдааад байна. Ардчиллын үнэт зүйлс болсон иргэний сонгох, сонгогдох эрх баталгаажиж, хууль эрх зүйн орчны хувьд өөрчлөлт шинэчлэл байнга хийгдэж ирсэн. Ингэснээр ардчилал түүний дотор сонгуулийн ардчиллыг жинхэнэ утгаар нь  бодитой хэрэгжүүлж, олон улсын түвшинд үнэлэхүйц сонгууль зохион байгуулдаг туршлагатай боллоо. Тодруулж дурдвал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 1992, 2005, 2011 онд тус тус шинэчлэн батлагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 1993 онд батлагдаж улмаар түүнд 2001, 2005, 2006, 2008, 2009, 2011 онуудад тус тус нийт 6 удаа нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд 2012 онд шинэчилсэн найруулга нь батлагдсан юм.

Харин сонгуулийн тогтолцооны хувьд гэвэл, 1992 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар Улсын Их Хурлын сонгуулийг олон мандаттай, томсгосон тойргоор буюу мажоритар тогтолцоогоор Сонгуулийн Ерөнхий Хороо зохион байгуулж явуулахаар хуульчилсан. Харин Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын 1996, 2000, 2004 оны сонгуулиудыг нэг мандат бүхий 76 тойргоор зохион байгуулан явуулж ирсэн. Гэвч Улсын Их Хурлын сонгуульд баримталж ирсэн мажоритар буюу олонхыг төлөөлөх арга нь Монголын нөхцөлд тохирохгүй гэсэн санал шүүмжлэлийг улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, олон нийт, сонгогчдын зүгээс гаргаж, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2005 онд баталсан. Энэ хуулиар Улсын Их Хурлын гишүүнийг олон мандаттай томсгосон тойргоос сонгохоор хуульчилсан. 2008 оны Улсын Их Хурлын сонгуулийг олон мандаттай, томсгосон тойргоор зохион байгуулж явуулсан билээ. 2011 онд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг дахин шинээр боловсруулж улмаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Ингэснээр Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийг хууль, эрх зүйн шинэ орчинд, хосолсон тогтолцоогоор анх удаа зохион байгуулав. Мөн анх удаа гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэд сонгуульд оролцох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг санал өгөх боломжоор хангасан зэрэг нь сонгуулийн түүхэнд бичигдэж үлдэх нь лавтай.

 

Эрх зүйн орчин, тогтолцоо өөрчлөгдөхийн зэрэгцээ сонгуулийн байгууллагын эрх үүрэг  нь яаж өөрчлөгдөв ?

 

1990 онд шинэ Үндсэн хууль батлагдсаны дараахан Монгол Улсын Бага Хурлаас 18 тоот тогтоол гаргаж, Монгол Улсад сонгуулийг улсын хэмжээгээр эрхлэн явуулах үүрэгтэй байнгын ажиллагаатай, төв байгууллага болох Сонгуулийн Ерөнхий Хороог 15 гишүүний бүрэлдэхүүнтэй анх байгуулсан юм.            Тухайн үед Сонгуулийн Ерөнхий Хорооны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг Сонгуулийн тухай хууль болон Ард нийтийн санал асуулгын тухай хуулиар зохицуулж байсан.

Хожим 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хурал анх удаа Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг баталсан юм. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг уг хуулиар зохицуулж байна. Одоогоор Сонгуулийн Ерөнхий Хороо нь 9 гишүүнтэй, бие даасан, хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Сонгуульд шинэ техник, технологийг богино хугацаанд нэвтрүүлэх болсон шаардлага юу байсан бэ?

 

Анхны ардчилсан сонгууль явагдсанаас хойшх хугацаанд Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийг шударга, элдэв зөрчил, маргаангүй явуулах үүднээс сонгуулийн үйл ажиллагаанд шинэ техник,  дэвшилтэт технологи нэвтрүүлэх тал дээр байнга шинийг эрэлхийлэн ажиллаж ирсэн билээ.

Саяхан болтол нэг сонгогч-нэг санал гэдэг зарчмыг хэрэгжүүлэхийн тулд хуруун дээр тэмдэглэгээ хийдэг бэхийг хэрэглэж байлаа. Мөн сонгогчдын нэрийн жагсаалтад сонгогч давхардан бүртгэгдэхээс сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт 2010 онд явагдсан нөхөн сонгуулийн үеэр сонгогчийн бүртгэлийн програмыг туршиж хэрэглэсэн нь амжилттай болсон юм. Түүнчлэн санал тоолох, дүн гаргах ажиллагааны үеэр ил тод байдлыг хангах, санал тооллогын үеэр ажиглагчдад саналын хуудсан дахь тэмдэглэгээг тодорхой харуулах, ажиглуулах үүднээс 2004 оны УИХ-ын сонгуулиас эхлэн 2 удаагийн ээлжит сонгуулиудын үеэр Улаанбаатар хотын бүх хэсгийн хороод, аймгийн төвүүдийн, сумын бүх хэсгийн хороод дээр хяналтын дүрс бичлэгийн камер ашиглаж байна.

2011 онд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль батлагдаж Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болон Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулахад сонгогчийн бүртгэл, сонгогчийн санал авах, тоолох үйл ажиллагаанд автоматжуулсан техник хэрэгсэл ашиглах үндэс суурь нь тавигдсан. Энэ талаар багагүй туршлага хуримтлууллаа.

Бусдад үлгэр загвар болохуйц орчин үеийн дэвшилтэт техник, технологийг богино хугацаанд нэвтрүүлсэн нь олон улсын сонгуулийн байгууллагууд, ажиглагчдын өндөр үнэлгээг авсан. Лондонд төвтэй Олон улсын парламентын судалгааны төвөөс жил бүр олгодог Олон улсын “Сонгогчдод ээлтэй сонгууль зохион байгуулагч” 2013 оны шагналыг манай Сонгуулийн Ерөнхий Хороонд хүртээсэн. Энэхүү шагналыг Монгол Улс сонгуулийн үйл явцыг богино хугацаанд боловсронгуй болгож, сонгуулийн ардчиллын үнэт зүйлсийг сонгогчдод хүртээсэн, түүний дотор сонгуулийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, сонгуулийг амжилттай зохион байгуулсан хэмээн үнэлж олгосон юм.

 

90-ээд оноос өмнөх, түүнээс хойших сонгуулийг хооронд нь харьцуулбал тэс өөр дүр зураг харагдана?

 

Монгол Улсад сонгууль нь анхны Үндсэн хууль батлагдсанаас хойш 1951 оныг хүртэл бүх нийтийн биш, саналаа илээр гаргадаг, нэг нам жолоодон чиглүүлдэг, шууд бус буюу олон шаттай сонгуультай байсан. 1951 оноос 1990 оны дунд үе хүртэл шууд тэгш эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох, бүх нийтэд сонгуулийн эрх олгосон ч социалист хэв маягтай, өрсөлдөх, мэтгэлцэх, маргах эрх байхгүй, өөр хүний нэр дэвшүүлэх эрхгүй, захиргаадалтын дэглэм нэвтэрсэн, намаас шат шатанд нь нэр заан албан ёсоор дэмжүүлсэн нэг хүний төлөө, намынхаа захиасаар саналаа өгч заншсан байсан.

Чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх, жинхэнэ утгаар нь сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байсан тэр үе тун саяхан. Тиймээс 1990-ээд оноос хойших сонгуулийг тэр үеийн сонгуультай харьцуулахад Монгол Улс түүхийн асар богино хугацаанд сонгох, сонгогдох эрхийн хувьд үсрэнгүй том алхам хийсэн нь мадаггүй үнэн.

Монгол Улс сонгуулийн ардчиллын олон жилийн түүх, уламжлалттай улс орнуудтай эн зэрэгцэн сонгуулийг ардчилсан зарчмаар зохион байгуулан хөгжүүлж байна.

“Өдрийн сонин”. 2015.07.08. № 169