Сонгуулийн хуульд оруулах 50 гаруй санал хүргүүлсэн

СЕХ-ноос энэ оныг сонгуулийн бэлтгэл жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд ямар ажил хийж буй талаар тус Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.

 

Сонгуулийн бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

 

Нэг сонгууль дууссанаар дараагийнх нь бэлтгэл ажил эхэлдэг. Энэ жил бид хуулийг дагаж мөрдөх олон журам, заавар, загвар маягтын төслийг шинэчлэн боловсруулж, хэлэлцэн батлах ёстой. Хамгийн гол нь шинэ хууль, дүрэм, журмаа хэрэгжүүлэх, тэдгээрийг сурталчлах, сонгогчдод тайлбарлан таниулах ажилд илүү анхаарах болно. 2014 онд дахин болон нөхөн сонгууль цөөнгүй болсон. Сонгуулийн дөрвөн хуулийн харьцуулсан судалгаа хийж, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах УИХ-ын ажлын хэсэгт саналаа хүргүүлээд байна. Сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслүүдэд засвар үйлчилгээ хийж, дараагийн сонгуулиудад бэлтгэж байгаа.

 

Хаана дахин болон нөхөн сонгууль болсныг тодруулаач?

 

Аймаг, нийслэл, сум, дүүргүүдэд нөхөн, дахин сонгуулиуд байнга л болж байна. Зөвхөн 2014 онд гэхэд л 40 гаруй удаагийн нөхөн, дахин сонгууль боллоо. 2015 он гарсаар Говьсүмбэр аймагт нөхөн сонгууль зарлаад байна. Мөн Дархан-Уул аймагт нөхөн сонгуультай. СЕХ хуульд заасны дагуу мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. Хуульд орон гарсан суудлыг нөхөх, нөхөн болон дахин сонгууль явуулах заалт бий. Тухайлбал эрүүл мэндийн байдал, нас барсан, өөр ажилд шилжсэн, хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн зэргээс тухайн хуралд орон гарах нөхцөл үүсдэг. Нөхөн сонгууль явуулах хугацааны талаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой заасан. Харин Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд энэ талаар заагаагүй. Тиймээс ИТХ-аас нөхөн сонгуулиа зарлахгүй, асуудлыг удаашруулж, цаг хугацаа алдаж байна. УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд бүрэн эрх дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй гэсэн заалт бий.

 

Сонгуулийн хуулийн төсөл боловсруулахад танай Хороо ямар байдлаар оролцож байна вэ?

 

Манай төлөөлөл Ажлын хэсэгт багтсан. Мөн Хороон дээрээ нарийн бичгийн даргаар ахлуулсан санал боловсруулах, судалгаа хийх Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Манай Ажлын хэсэг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Нийслэлийн болон Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай дөрвөн хуулийн 835 хэсэг, зүйл, заалт тус бүрээр харьцуулсан судалгаа хийж Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулахад анхаарвал зохих 50 гаруй саналаа УИХ-ын Ажлын хэсэгт хүргүүлээд байна. Дахин, нөхөн сонгуулийн талаар ч тодорхой санал өгсөн.

 

Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл үндсэндээ бэлэн болсон сураг байна. СЕХ-нд тэр төслөө ирүүлсэн үү?

 

Одоогоор ирүүлээгүй байна. Хуулийн төслийг өргөн барихаар бид дахин албан ёсоор санал хүргүүлнэ. Сонгуулийн хуулийн төслийн зүйл, заалт бүр нь хоорондоо уялдаатай, цаг хугацааны хувьд зөрчилдөхгүй, хэрэгжих боломжтой эсэхийг бид хүснэгт гаргаж үздэг. Үүний үндсэн дээр саналаа боловсруулж хүргүүлнэ.

 

Сонгуулийн систем ямар байвал зүгээр вэ? Энэ талаар эцсийн шийдэлд Ажлын хэсэг хүрээгүй байгаа гэсэн.

 

Бид сонгуулийн системийн талаар санал өгөөгүй. Энэ бол УИХ-ын бүрэн эрх. Ер нь сонгуулийн тогтолцоогоо ойр ойрхон өөрчлөөд байх нь тийм ч сайн зүйл биш. Манай улс мажоритар тогтолцоогоор 20-иод жил явсан, харин хосолсон тогтолцоо руу шилжээд ердөө 3 жил гаруй болж байна шүү дээ. Дэлхийн улс орнуудад сонгуулийн тогтолцооны мажоритар буюу олонхиор тооцох, пропорциональ буюу хувь тэнцүүлэх, эсвэл мажоритар, пропорциональ хосолсон гэсэн үндсэн гурван арга хэрэглэдэг. Эдгээр нь дор бүртээ олон хувилбартай. Дэлхийн 190 гаруй оронд хийсэн судалгаанаас үзэхэд 60-аад хувь нь хувь тэнцүүлсэн болон холимог, 40 гаруй хувь нь мажоритар тогтолцоогоор явуулдаг юм билээ. Тогтолцоо болгон давуу болон сул талтай. Хамгийн гол нь сонгогчийн саналыг бодитой харгалзаж суудал хуваарилах шударга арга сонгохыг зорьдог. Монгол Улсын хувьд 1992 оноос УИХ-ын болон Орон нутгийн Хурлын сонгуулийг 6 удаа явуулсан. 1992-2008 оны хооронд болсон 5 удаагийн сонгуулийг мажоритар системээр явуулсан. Эдгээрийн хоёрт нь нэг нам 76-гаас 70, 72 суудал тус тус авч байсан. Харин 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Сонгуулийн хосолсон тогтолцоо нь олонхийн болон хувь тэнцүүлэх тогтолцооны давуу талуудыг нэгтгэх гэсэн оролдлогод тулгуурладаг. ХБНГУ, Франц, ОХУ, Япон, БНСУ зэрэг улс ийм холимог тогтолцоотой. Ер нь улс орнуудын туршлагаас үзэхэд мажоритар тогтолцоотой улсууд холимог руу, холимогоос хувь тэнцүүлсэн тогтолцоо руу шилжих чиг хандлага  ажиглагдаж байна.

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсэг Улсын Их Хурал дээр ажиллаж байна. Энэ өөрчлөлтийг Сонгуулийн хуулиа шинэчилсний дараа хийх нь зөв гэсэн байр суурь бий. Таны хувьд ямар бодолтой байна вэ?

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүлээвэл хугацаа алдана. Ирэх жил сонгуультай тул хуулийн шинэчлэлийг даруйхан хийгээд бэлтгэл ажилдаа орох хэрэгтэй байна. Хуулийг дагаж мөрдөх журам, заавар, загвар, маягт боловсруулах, хуулиа сурталчлах, програмаа боловсруулах, техникээ бэлтгэх, турших гээд бэлтгэл хангах хугацаа бидэнд хэрэгтэй. Гэхдээ Үндсэн хуульд сонгуультай холбоотой эргэж харах заалтууд бий. Тухайлбал, Үндсэн хуульд УИХ-ын сонгуулийн, аймаг, нийслэлийн ИТХ-ын болон сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно гэж заасан. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэсэн заалт байдаггүй. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна гээд Үндсэн хуульд заачихсан. Анхан шатны сонгуулийн талаар заалтууд байдаг ч хоёр дахь шатны сонгуулийн талаар юу ч байдаггүй.

 

Сонгогчдын ирц жилээс жилд буурч байна, энэ талаар Таны бодол?

 

Сонгогчдын ирц буурч байгаа нь үнэн. Судалгаанаас үзэхэд 1990-ээд онд болсон сонгуулиуд 90 гаруй хувийн ирцтэй байсан. 2000 оноос хойш ирц 70-80 гаруй хувьтай, 2010 оноос хойш 60 гаруй хувь болж буурсан. Ер нь манай улсад сонгуульд саналаа өгдөг нэг сая гаруйхан хүн байдаг. Энэ тоо 20-иод жилийн турш нэг их өөрчлөгдөөгүй. Сонгуулийн насны хүний тоо нэмэгдээд байдаг, санал өгдөг хүний тоо нэг их нэмэгддэггүй. Үүнд л гол шалтгаан нь байгаа юм. Нөгөө талаар ирцэд нөлөөлдөг нэг зүйл нь сонгуулийн насны олон иргэн гадаадад сурч, ажиллаж, амьдарч байна. Тэд Монголд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй ч санал өгдөггүй. Энэ асуудлыг сонгууль бүрээр ярьдаг боловч сонгогчдын нэрийн жагсаалтаас хасч чаддаггүй. Зарим улс оронд сонгогчдын ирцийг нэмэгдүүлэхийн тулд урамшуулал өгөх, торгох зэрэг арга хэмжээ авдаг. Манайд алийг нь ч хэрэглэдэггүй. Австралид иргэн сонгуульд оролцож саналаа өгөөгүй бол 10 долларын торгууль төлдөг. Мөн ОХУ-д сонгуульд шинээр оролцож байгаа иргэддээ Үндсэн хуулийн ном болон соёлын зүйлс бэлэглэдэг туршлага байна. Бусад орны жишгээр цаашдаа сонгогчдыг ирсэн ирцээр нь тооцдог болбол эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Ингэснээр дахин санал хураалт, дахин сонгууль явуулж зардал чирэгдэл болохгүй.

 

Ирц хүрэхгүйгээс болж хэд хэдэн удаа дахин сонгууль хийсэн байхаа?

 

2008 оны Орон нутгийн сонгуулиар нийслэлийн сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүйн улмаас дахин сонгууль явуулж байсан. Мөн 2012 онд ирц хүрээгүйн улмаас Орон нутгийн сонгуулиар аймаг, дүүргийн олон хэсэгт дахин санал хураалт явуулсан. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 2012 оны УИХ-ын сонгуулиар дахин санал хураалт явуулсан. Гэхдээ энэ нь ирцээс хамаараагүй. Хуульд нэр дэвшигч 28 ба түүнээс дээш хувийн санал авч байж УИХ-ын гишүүнээр сонгогдох заалттай, энэ хэмжээнд хүрээгүй учир дахин санал хураалт явагдсан. Бас л нэмэгдэл зардал, чирэгдэл гарсан. Иймд 28 хувийг бууруулж, өмнөх хуульд байсан нэр дэвшигч 25 ба түүнээс дээш хувийн санал авч байж сонгогддог заалтыг сэргээж өөрчлөх талаар бодууштай.

 

Нэгдсэн хуулийн төсөлд хариуцлагын талаар танайхаас ямар санал хүргүүлсэн бэ?

 

Сонгуультай холбоотой гомдол маргааныг аль болох хурдан шийддэг байх талаас нь саналаа хүргүүлсэн. Ийм маргаан дараагийн сонгууль хүртэл 4 жил үргэлжилсэн тохиолдол байна. 2012 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуультай холбоотой гомдол маргааныг шүүх, цагдаад шалгаж дуусаагүй л явж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийн гомдол маргаантай холбоотой асуудлаар цагдаа, шүүх, Үндсэн хуулийн цэцэд тайлбар, мэдээлэл гаргаж өгдөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулдаг. Гэтэл Швейцарьт ийм маргааныг 16, ХБНГУ-д 20 хоногт багтаан шийдэж байна. Манайх хуульдаа энэ төрлийн маргааныг сонгуулийн жилд нь багтаан дуусгаж байхаар хуульчилмаар байна.

 

Автомат машинтай холбоотой эргэлзээ, шүүмжлэл их байна. Үүнийг дахин ашиглахгүй байя, эсвэл гараар давхар тоолъё гэсэн санал нэлээд гарч байх шиг?

 

Сонгуульд автоматжуулсан систем хэрэглэх, ашиглах эсэхийг Улсын Их Хурал шийдвэрлэдэг. 2011 онд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль баталсан. Үүний дагуу 2012 оны Улсын Их Хурлын болон Орон нутгийн, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулсан. Сонгуулийн Ерөнхий Хороо нь Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нийцүүлэн сонгууль зохион байгуулах үүрэгтэй. Сонгуульд автоматжуулсан систем, техник хэрэгсэл нэвтрүүлсэн нь маргаангүй том дэвшил болсон. Элдэв хөндлөнгийн хардлага, сэрдлэг, эцэс төгсгөлгүй маргаан будлиан гарахаас сэргийлэхийн хамт сонгуулийн зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох, санал хураалтын дүнг хүний хүчин зүйлээс үл хамааран шуурхай, бодитой гаргах, олон нийтэд хүргэх зэргээр сонгуулийг  илүү нээлттэй, ил тод болгож чадсан.  Энэ тухай  ч гадаад, дотоодын ажиглагчид, хэвлэл мэдээллийнхэн олон удаа дүгнэн бичсэн байдаг. Автоматжуулсан системээр сонгууль явуулдаг туршлагыг ХБНГУ, Киргиз, БНСУ, ОХУ, Австрали зэрэг олон орноос ирж судалсан. Мөн зарим орноос техник хэрэгслээ түрээслээч, инженерүүдээ ирүүлж хамтарч ажиллана уу гэсэн хүсэлт ирдэг. Саяхан ОХУ-ын Сонгуулийн төв комиссын урилгаар манай инженерүүд автоматжуулсан системээ танилцуулаад ирсэн. Ингэснээр Монгол Улсын сонгуулийн нэр хүнд, олон улсын үнэлэмж, сонгууль ажиглах сонирхол үлэмж нэмэгдсэн гэдгийг онцолж хэлмээр байна. Монголын сонгуулийг ажиглах, судалгаа хийх олон улсын ажиглагчид, судлаачдын тоо нэмэгдэхээс гадна бид ч гэсэн олон улсын сонгуулийг удаан буюу богино хугацаагаар ажиглах эрх авлаа. Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг даган цаасан дээр хийж гүйцэтгэж байгаа сонгуулийн бүхий лүйл ажиллагаа цахим технологи руу шилжиж байна. Европ, Америк, Азийн олон оронд интернетээр саналаа өгдөг болсон. Манай улсад ашиглаж буй санал тоолох төхөөрөмж саналын хуудас уншиж дүн мэдээгээ дамжуулдгаараа онцлогтой. Энэхүү төхөөрөмж нь хос санах ойд хадгалагдсан зурган файл, саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийн тайлан гэх мэт олон баримт үлдээдэг давуу талтай. Санал тэмдэглэсэн хуудас үлдэж байгаа нь гараар дахин тоолох боломжтой гол нотлох баримт шүү дээ. Төхөөрөмж зөв тоолсон эсэхийг саналын хуудастай нь тулган хяналтын тооллогыг хуульд заасны дагуу хийдэг. Гэхдээ саналын хуудсыг гараар тоолоход тодорхой шалгуур хэрэгтэй. Нэр дэвшигчийн хоорондын саналын зөрүү хэд байх, хэсэгт дахин тоолох гомдлыг ямар субъект гаргах гээд хуулиар зохицуулах асуудал бий.

“Өнөөдөр” сонин. 2015.04.06, № 081. С.Уул