Иргэд сонгох, сонгогдох эрхээ жинхэнэ утгаар нь эдэлж байна
Монгол Улсын сонгуулийн тогтолцооны талаарх товч мэдээллээр ярилцлагаа эхлэе.
Монгол Улсын хувьд 1992 оноос хойш УИХ-ын болон Орон нутгийн Хурлын сонгуулийг тус тус 6 удаа явуулсан. Үүний эхний 5 удаагийнх нь нэг болон олон мандаттай тойргоос мажоритар системээр УИХ-ын гишүүдийг сонгож байв. Харин 2012 оны сонгуулийг мажоритар болон пропорциональ буюу хувь тэнцүүлэх тогтолцоог хослуулан хосолмол тогтолцоогоор явууллаа. Улсын Их Хурлын 76 гишүүний 48-ыг нь мажоритар тогтолцоогоор буюу олон мандаттай томсгосон тойргоос сонгосон. Харин үлдсэн 28-ыг нь нам, эвслийн төлөө санал өгч пропорционалаар сонгодог. Хуульд зааснаар нам, эвсэл нь сонгогчдын 5-аас доошгүй хувийн санал авснаар УИХ-д суудал авах эрхтэй байдаг. Авсан саналын хувьд ноогдох суудлыг Сонгуулийн Ерөнхий Хороо хуваарилдаг.
Сонгууль дөхөж байгаа болохоор сонгуулийн тухай хууль, сонгуулийн систем, сонгуулийн санхүүжилт гэх мэт асуудлууд сөхөгдөж эхэлж байна. Сүүлийн сонгуулиас хойш дээрх асуудлаар ямар шинэ ажил хийж байна вэ?
2013 онд Улсын Их Хурлын даргын захирамжаар “Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах” ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийн гишүүнээр би ажиллаж байна. Мөн Хороон дээр нарийн бичгийн даргаар ахлуулсан хуулийн төсөлд санал боловсруулах, үүнтэй холбогдсон судалгаа хийх Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Манай Ажлын хэсэг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Нийслэлийн болон Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай дөрвөн хуулийн 835 хэсэг, зүйл заалт тус бүрээр харьцуулсан судалгаа хийж, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулахад анхаарвал зохих саналуудыг бэлтгэж Улсын Их Хурлын Ажлын хэсэгт хүргүүлээд байна.
Хамгийн маргаантай асуудал бол сонгуулийн систем. Монгол Улс 1992 оноос хойш можаритар сонгуулийн тогтолцоогоор явлаа. Гэхдээ энэ тогтолцоог шинэчлэх, холимог тогтолцооны тухай их яригдаж байна. Аль нь манай улсын онцлогт илүү тохирох бол? Таны бодол?
Ер нь сонгуулийн тогтолцоогоо ойр ойрхон өөрчлөөд байх нь тийм ч сайн зүйл биш. Манай улс мажоритар тогтолцоогоор 20-иод жил явсан, харин хосолсон тогтолцоо руу шилжээд ердөө 3 жил гаруй болж байна шүү дээ. Дэлхийн улс орнуудад сонгуулийн тогтолцооны мажоритар буюу олонхиор тооцох, пропорциональ буюу хувь тэнцүүлэх, эсвэл мажоритар, пропорциональ хосолсон гэсэн үндсэн гурван арга хэрэглэдэг. Эдгээр нь дор бүртээ олон хувилбартай. Дэлхийн 190 гаруй оронд хийсэн судалгаанаас үзэхэд 60-аад хувь нь хувь тэнцүүлсэн болон холимог, 40 гаруй хувь нь мажоритар тогтолцоогоор явуулдаг юм билээ. Тогтолцоо болгон давуу болон сул талтай. Хамгийн гол нь сонгогчийн саналыг бодитой харгалзаж суудал хуваарилах шударга арга сонгохыг зорьдог. Монгол Улсын хувьд 1992-2008 оны хооронд болсон 5 удаагийн сонгуулийг мажоритар системээр явуулсан. Эдгээр таван удаагийн сонгуулийн хоёрт нь нэг нам 70, 72 суудал тус тус авч байсан. Харин 2012 оны сонгуулийг хосолсон тогтолцоогоор зохион байгуулсан. Сонгуулийн хосолсон тогтолцоо нь олонхийн болон хувь тэнцүүлэх тогтолцооны давуу талуудыг нэгтгэх гэсэн оролдлогод тулгуурладаг. ХБНГУ, Франц, ОХУ, Япон, БНСУ зэрэг улс ийм хосолсон тогтолцоогоор сонгуулиа явуулдаг. Ер нь улс орнуудын туршлагаас үзэхэд мажоритар тогтолцоотой улсууд хосолсон руу, хосолсон тогтолцооноос хувь тэнцүүлсэн тогтолцоо руу шилжих чиг хандлага ажиглагдаж байна.
УИХ-ын 2012 оны сонгуулиар нэрсийн жагсаалтаар сонгогдох асуудал шинээр гарч ирсэн. Энэ нь манай сонгуулийн хуулийг зөрсөн гэж зарим эрдэмтэд үздэг. Энэ сонголтыг дараа жилийн сонгуульд дахин хэрэглэх үү?
Сонгуулийн ямар тогтолцоогоор явуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх нь зөвхөн Улсын Их Хуралд байдаг. Одоо боловсруулагдсан төсөлд тусгагдсанаар нэрсийн жагсаалтаар сонгогдох буюу пропорциональ тогтолцоо, мажоритар тогтолцоог хосолсон байдлаар хэрэглэхээр тусгагдсан байгаа. Сонгуулийг хосолсон тогтолцоогоор явуулахаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт Үндсэн хуулийн цэц гаргаагүй байна.
Сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарласан тохиолдол, ялангуяа УИХ-ын сүүлийн сонгуулиарих гарсан. 3 жил өнгөрлөө, бүх маргаан дуусгавар болж чадсан уу, дараагийн сонгуульд юуг анхаарвал зохих вэ?
Сонгуультай холбоотой маш олон гомдол, маргаан гардаг. Эдгээр гомдол, маргаан нь шүүх, Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлэгдэх гэж дараагийн сонгууль хүртэл үргэлжилдэг. Сонгуулиар гарсан маргаан, гомдлуудад үндэслэн хуулийн зохицуулалтуудыг нь илүү сайжруулах, нарийвчлан зохицуулах шаардлагатай харилцаа болгонд манай Хорооны зүгээс санал боловсруулж ажилласан. Ер нь сонгууль бол өөрөө өвөрмөц онцлогтой үйл явц, тухайн онцлогт нь тохирсон маргаан шийдвэрлэх процедуртай байх ёстой. Сонгуулийн холбогдолтой гомдол маргааныг шийдвэрлэх харьяалал, маргаан шийдвэрлэх процедур, хүлээлгэх хариуцлагын төрөл зэргийг нарийвчлан авч үзэх шаардлагатай. Тухайлбал сонгуулийн хороод бол зөвхөн сонгууль зохион байгуулах ажлыг тухайн нутаг дэвсгэртээ зохион байгуулахаар түр байгуулагдсан байдаг, гэтэл хууль зөрчсөн үйлдэл цаашлаад тэрхүү үйлдэл нь эрүүгийн хууль, захиргааны хариуцлагын тухай хуульд заасан гэмт хэрэг, зөрчил мөн эсэхийг сонгуулийн хороод шийдвэрлэж чадахгүй. Тийм ч учраас сонгуулийн хороод зөвхөн сонгууль зохион байгуулалтын асуудлаар гаргасан гомдлыг харъяалан шийдвэрлэх, бусад зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй юм.
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа олон арван мянган Монгол иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хэрхэн яаж хангаж буй талаар тодруулж өгнө үү?
2012 оны Улсын Их Хурлын сонгуулиас эхлэн гадаад улсад амьдарч байгаа иргэд-сонгогчид маань нам, эвслийн төлөө саналаа өгч байна.
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэйг хуульчилсан. СЕХ-ноос гадаадад байгаа иргэдийн саналыг авах комисс байгуулж иргэдийнхээ сонгох эрхийг хангах тал дээр анхаарч, тэдгээрт чиглэсэн ухуулга сурталчилгааны ажлууд ч хийдэг. Гадаад улсад нийт зуу гаруй мянган Монгол Улсын иргэн ажиллаж амьдарч, сурч байна гэсэн албан бус судалгаа бий. Улсын Их Хурлын 2012 оны сонгуулиар нийт дөрвөн мянга гаруй иргэн сонгуульд оролцохоор бүртгүүлснээс хоёр мянга долоон зуу гаруй сонгогч саналаа өгсөн. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаад улсад байгаа нийт зургаан мянга гаруй иргэн сонгуульд оролцож саналаа өгөхөөр бүртгүүлснээс дөрвөн мянга гаруй сонгогч сонгуульд оролцож саналаа өгсөн. Ирэх сонгуульд саналаа өгөх сонгогчдын тоо ч өснө байх гэж бодож байна.
Сонгуулийг мажоритар, пропроциональ системийг хослуулан явуулснаар гадаад улсад байгаа Монгол улсынхаа иргэдийн сонгох эрхийг эдлүүлэх боломж бүрдсэн, өөрөөр хэлбэл Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад суугаа Монгол улсын иргэн пропорциональ системээр санал хураалтад оролцож сонгох эрхээ эдэлсэн.
Монгол Улс өргөн уудам нутагтай, хүн ам их сийрэг, тиймээс алс хол нутагт амьдардаг хүмүүсийн санал өгөх эрхийг хэрхэн яаж хангаж байна?
Монгол Улсын нутаг дэвсгэр өөрөө сонгуулийн нутаг дэвсгэр болдог. Сонгуулийн нутаг дэвсгэрийн хамгийн бага нэгж нь хэсэг байдаг. Сонгогчдын санал авч тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн оршин суугчдын мэдээллийн санг үндэслэн хэсэг байгуулдаг. Сонгуулиар нийт мянга есөн зуугаас хоёр мянган хэсгийн хороо байгуулагдан ажилладаг юм. Хөдөө орон нутагт байгуулагдаж байгаа хэсгүүд тухайн орон нутагт оршин суудаг сонгогчдод аль болох ойр байрладаг, мөн өвлийн цагт зам даваа хаагдах, зун үер усанд боогдож саналаа өгч чадахгүйд хүрэх хүндхэн нөхцөл байдлууд үүсдэг. Сонгуулийн байгууллага иргэний сонгох эрхээ эдлэхэд нь тулгарч буй тухайн нөхцөл байдалд нь тохирох шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг. Тухайлбал, цас зудтай, үер устай үед онцгой байдлын албаны хүн хүч, техник хэрэгслийг дайчлан ажиллуулах, сонгуулийн хороод машин, автобус гарган иргэдийг сонгох эрхээ эдлэхэд нь туслах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Ер нь улс төрийн хэдэн нам сонгуульд оролцдог вэ? Маш олон жижиг намууд сонгуульд төдий л амжилт үзүүлж чаддгүйн шалтгаанааныг та хэрхэн, яаж үзэж тайлбарлах вэ?
Улс төрийн намын тухай хуулинд зааснаар намууд Улсын Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлдэг. Одоогийн байдлаар бүртгэгдсэн нийт 22 нам байна. УИХ-ын 2012 оны сонгуульд 11 нам, 2 эвсэл оролцсон. Улс төрийн зарим намууд сонгуульд амжилт гаргахгүй байгаа дараах хэд хэдэн үндсэн шалтгаан байна гэж харж байна. Нэгдүгээрт, шинээр буй болсон эсхүл нийгэм, улс төрийн хүрээнд төдийлөн байр суурь, үзэл баримтлалаа таниулж чадаагүй, хоёрдугаарт, улс төрийн намыг төрийн бодлогоор дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй, гуравдугаарт, үйл ажиллагаагаа тогтмол явуулдаггүй, дөрөвдүгээрт, намын үзэл баримтлалаа иргэд, сонгогчдод төдийлөн сайн тайлбарлан таниулах үйл ажиллагаа явуулахгүй байгаа зэрэг олон шалтгаан байгаа болов уу. Сонгуульд амжилт үзүүлж чадахгүй байгаа шалтгаанаа намууд өөрсдөө дүгнэж тайлбарлах нь илүү оновчтой байх гэж бодож байна.
Танай Хороо намуудын сонгуулийн санхүүжилтэд хэрхэн хяналт тавьдаг вэ?
Улс төрийн намын санхүүжилтийн асуудал Улс төрийн намын тухай хуулиар, харин сонгуулийн санхүүжилтийн асуудал сонгуулийн хууль тогтоомжуудаар зохицуулагдаж байна. Сонгуулийн үйл ажиллагаанд зориулсан хөрөнгийг тусгай дансанд байршуулж, зарцуулалтын тайланг хэрхэн хаана гаргахыг сонгуулийн хуульд заасан байдаг. Сонгуулийн Ерөнхий Хорооны хувьд нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож өгдөг. Мөн сонгуульд зарцуулах мөнгөн хөрөнгийг хэрхэн төвлөрүүлэх, зарцуулах, зардлын данс нээх, хаах, бүртгэл тайлан хөтлөх, зардлын тайлан гаргах зэрэг асуудалд зөвлөгөө өгч ажилладаг. Санал хураалт дууссанаас хойш 3 хоногт батгаан сонгуульд оролцсон нэр дэвшигч, нам, эсвэл сонгуулийн зардлын тайлангаа манай хороонд ирүүлдэг. Үүнийг нь бид олон нийтэд ил тод мэдээлдэг. Намуудын сонгуулийн санхүүжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох эрх Сонгуулийн Ерөнхий Хороонд хуулиар олгогдоогүй юм.
Бие даан нэр дэвшиж байгаа хүмүүс цөөнгүй. Сонгогчид ч тэднийг харин илүү дэмждэг болсон мэт санагдах юм. Бие даан нэр дэвшигч зохион байгуулалтай намуудын сонгуульд оролцох журмаар л сонгуульд оролцох уу?
Бие даан нэр дэвшигч сонгуульд хэрхэн нэр дэвших, түүнийг хэрхэн бүртгэх асуудал нь сонгуулийн хуулиар зохицуулагддаг. Монгол Улсын Их Хурлын болон Нийслэлийн, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар бие даан нэрээ дэвшүүлэгч нь 801-ээс доошгүй дэмжигч-сонгогчдын гарын үсэг цуглуулж, дэмжлэг авсан нөхцөлд нэрээ дэвшүүлэх эрхтэй байхыг шаарддаг онцлогтой. 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихээр нийт 544 хүн бүртгүүлснээс 26 хүн нь бие даан нэр дэвшигч байсан. Ер нь 1992 оноос хойш Улсын Их Хурлын 6 удаагийн сонгуульд 139 иргэн бие даан нэр дэвшиж байжээ. Бие даагч нь бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш нам, эвслийн нэр дэвшигчдийн адил сонгуульд оролцдог.
Хар хайрцаг гэгчийн асуудал намууд болон Сонгуулийн Ерөнхий хооронд гол маргааны буюу хэрүүлийн алим болж байгаа биш байгаадаа гэж олон хүмүүс, намууд ч үздэг юм. Дэлхийн хамгийн том ардчиллын орон Энэтхэг улс 1.3 орчим тэрбум хүн амтай, түүнээс 814.5 сая хүн сонгуулийн насных. Бас дэлхийн эртний ардчилсан орны нэг Англид саяхан парламентын сонгууль болж өнгөрсөн. Тэнд 19.5 сая сонгуульд оролцох насны хүмүүс оролцсон. Эдгээр болон олон улс орнуудад сонгодог уламжлалт аргаар буюу гараар санал тоолж байна. Гэтэл Монголд сонгуулийн насны 1.8 сая л хүмүүс байгаа хэрнээ гар аргаар тоолж сонгуулийн дүнг гаргаж болдоггүй юм болов уу? Яагаад автоматжуулах хэрэг байв?
Улсын Их Хурлын 2008 оны ээлжит сонгуулийн дараа санал хураалтын дүн гаргахгүй удах, намууд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэх зэрэг алдаа дутагдал гарч улмаар иргэдийн жагсаал цуглаан даамжирч нийтийг хамарсан үймээн болсон нь томоохон сургамж болсон. Энэ үймээний дараа УИХ-д суудалтай намууд ярилцаад 2011 онд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль баталсан. Энэ хуулийн дагуу Монгол Улс анх удаа сонгогчдын санал авах, тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл-хяналтын үйл ажиллагаанд автоматжуулсан техник хэрэгсэл ашигласан. Улсын Их Хурлын болон Нийслэл, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2012 оны сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийг автоматжуулсан системээр амжилттай зохион байгуулсан. Хуульд заасны дагуу хяналтын тооллого хийж, автоматжуулсан тоног төхөөрөмж үнэн зөв ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулсан. Бүх сум, дүүрэгт хийсэн хяналтын тооллогонд улс төрийн нам, нэр дэвшигчдийн ажиглагчид, гадаадын ажиглагчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон. Автоматжуулсан төхөөрөмжийн үйл ажиллагааны талаар ямарваа нэгэн алдаа, зөрчил гараагүй. Сонгуулийн үйл ажиллагаанд автомат техник хэрэгсэл ашигласан нь хүнээс хамаарах сөрөг үр дагаваруудыг арилгаж, сонгуулийг будлиантуулах гэсэн аливаа хууль бус, субъектив нөлөөг бүрэн хааж сонгуулийг шинэ шатанд гаргасан. Сонгуульд шинэ техник, төхөөрөмж хэрэглэсэн нь дэвшил болсон, үүнийг үгүйсгэх аргагүй юм. Монгол Улсад амжилттай хэрэгжсэн сонгуулийн шинэчлэлийг дэлхийн ардчилсан улс орнууд анхааралтай ажиглан, сайнаар үнэлж байна. Ер нь сонгууль нь хэр шударга явагдаж байна гэдгээр нь тухайн улсад ардчилал хэр хөгжсөнийг үнэлдэг. Тиймээс хүн амын тоо олон цөөндөө бус, сонгуулиа хэр шударга явуулахад л гол ач холбогдол нь байгаа болов уу гэж бодож байна.
Манай улсын сонгуульд гадаадын ажиглагчид оролцож сонгуулийн үйл явцыг хянадаг. Ер нь манай сонгуулийг шударга, ил тод болж байгаа гэдэг дээр гадаадын ажиглагчид ямар үзэл бодол, байр суурьтай байдаг вэ? Ямар улсын ажиглагчид гол төлөв манай сонгуулийн үйл явцыг сонирхож ажиглахаар ирдэг вэ?
Манай сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар гадаад орнуудын сонгуулийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид, гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид ирж Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлэн ажигладаг. Ажиглалтын тайлангаа ч бидэнд ирүүлдэг, бид ажиглалтын тайланд тусгагдсан санал зөвлөмжүүдийг нь судалж, хууль эрх зүйн орчиноо боловсронгуй болгоход анхаарч ажилладаг. Манай улс сонгуулийн үйл ажиллагаандаа автоматжуулсан систем ашигласанаас хойшхи сонгуулиудад гадаадын ажиглагчид олноороо ирэх болсон. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар ЕАБХАБ-ын урт болон богино хугацааны ажиглагчид, түүнчлэн ОХУ, БНСУ, АНУ, Швед, Канад, ХБНГУ, Австрали, Франц, Дани, Норвеги, Швейцарь зэрэг 36 орноос болон олон улсын байгууллагаас 400 гаруй ажиглагч сонгуулийн үйл ажиллагааг ажигласан. ЕАБХАБ-ын Ардчилалын институци, хүний эрхийн газрын сонгуулийн ажиглагчдын баг сонгууль ажигласан талаарх дүгнэлтдээ: “Сонгуулийн санал авах байранд сонгогчид саналаа чөлөөтэй өгсөн бөгөөд ажиглалт хийгдсэн сонгуулийн хороодын 99 хувь нь эерэг үнэлгээ авлаа” гэсэн юм. Түүнчлэн бүх шатны сонгуулийн хороод сонгуулийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдсан бөгөөд сонгуульд оролцогч талуудын итгэлийг хүлээсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн байсан.
Саяхан Мьянмарын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин Монгол Улсын Сонгуулийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлахаар ирсэн. Монгол Улсын сонгуулийн тогтолцоо нь хуучин социалист чиг баримжаатай, мөн чанга дэглэмтэй бусад орнуудтай харьцуулбал ямар давуу талтай, сул тал нь юу байж болох уу?
Мьянмар Улсаас өндөр дээд хэмжээний зочид ирж сонгуулийн туршлага судалж байсан. Тухайлбал, Мьянмарын Үндэсний Ассамблейн дарга, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд, яамдын сайд, удирдах албан тушаалтнууд нь ирж байсан. Саяхан Мьянмарын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин Монгол Улсын Сонгуулийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан. Ганц Мьянмар гэлтгүй сүүлийн жилүүдэд автоматжуулсан системээр сонгууль явуулдаг туршлагыг ХБНГУ, Киргиз, БНСУ, ОХУ, Австрали зэрэг олон орноос ирж судалсан. Мөн зарим орноос техник хэрэгслээ түрээслээч, инженерүүдээ ирүүлж хамтарч ажиллана уу гэсэн хүсэлт ирдэг. Саяхан ОХУ-ын Сонгуулийн төв комиссын урилгаар манай инженерүүд автоматжуулсан системээ ОХУ-д танилцуулаад ирсэн. Ингэснээр Монгол Улсын сонгуулийн байгууллагын нэр хүнд, олон улсын үнэлэмж, сонгууль ажиглах сонирхол үлэмж нэмэгдсэн гэдгийг онцолж хэлмээр байна. Монголын сонгуулийг ажиглах, судалгаа хийх олон улсын ажиглагчид, судлаачдын тоо нэмэгдэхээс гадна бид ч гэсэн олон улсын сонгуулийг удаан буюу богино хугацаагаар ажиглах эрх авлаа. Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг даган цаасан дээр хийж гүйцэтгэж байгаа сонгуулийн бүхий лүйл ажиллагаа цахим технологи руу шилжиж байна. Европ, Америк, Азийн олон оронд интернетээр саналаа өгдөг болсон. Манай улсад ашиглаж буй санал тоолох төхөөрөмж саналын хуудас уншиж дүн мэдээгээ дамжуулдгаараа онцлогтой. Энэхүү төхөөрөмж нь хос санах ойд хадгалагдсан зурган файл, саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийн тайлан гэх мэт олон баримт үлдээдэг давуу талтай. Санал тэмдэглэсэн хуудас үлдэж байгаа нь гараар дахин тоолох боломжтой гол нотлох баримт шүү дээ. Монгол Улс социалист чиг баримжаагаар 70 орчим жил явж ирсэн. Тэр үед манайд сонгууль явагддаг л байсан. Гол ялгаа нь гэвэл тухайн үед нэг намын тогтолцоотой байсан тул зөвхөн нэг намаас сонгогдсон, нэг хүний төлөө саналаа өгөх, санал өгөх эрх нь эрх гэхээсээ илүүтэй үүрэг болж, сонгогчид чөлөөтэй, хэний ч дарамт шахалтанд орохгүйгээр саналаа өгөх эрх нь хязгаарлагдмал байсан гэхэд болно. Хуучин манайх шиг социалист байсан орнууд бүгд л бие даасан хараат бус, байнгын ажиллагаатай сонгуулийн байгууллагатай болсон. Монгол Улсын хувьд 1990 онд ардчилсан хувьсгал ялснаар шинэ Үндсэн хуулиа баталж, 1992 онд анхны бие даасан, хараат бус Сонгуулийн Ерөнхий Хороог байгуулснаар Монгол Улсын иргэд сонгох, сонгогдох эрхээ жинхэнэ утгаар эдэлж, сонгуулийн ил тод, чөлөөт, сонгогч саналаа нууцаар, хөндлөнгийн дарамт шахалтгүй илэрхийлэх ардчилсан зарчим хэрэгжиж эхэлсэн юм.
Хэрэв намууд сонгуулийн сурталчилгааны үер холбогдох хууль тогтоомжийг зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ? Ийм тохиолдол урьд өмнө гарч байсан уу?
Сонгуулийн сурталчилгааг ямар арга хэлбэрээр явуулж болох, ямар арга хэлбэрээр явуулж болохгүйг сонгуулийн хуулиудад тусгайлан зааж өгсөн байгаа. Үндсэндээ зөвшөөрснөөс бусдыг хориглох зарчимд үндэслэдэг. Ганц сурталчилгаа ч гэлтгүй сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэл нь захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх л хэрэгжүүлнэ. Энэ ч утгаараа сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тухайн үйлдэл, эс үйлдэл нь гэмт хэргийн шинж чанартай бол холбогдох хуулийн байгууллага шалгаж, шүүх гэм буруутай үйлдлийг тогтоодог.
Ирэх онд болох УИХ-ын сонгуулиар хэдэн улс төрийн намууд оролцох бол? Танай хороо бэлтгэл ажилдаа орсон уу?
Сонгуулийн Ерөнхий Хорооны хувьд 2013 онд явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас эхлэн ирэх 2016 онд болох Улсын Их Хурлын сонгуулийн бэлтгэл ажилдаа ороод явж байна. Бэлтгэл ажлын хүрээнд өмнөх сонгуулиудын тайлан, баримт материалыг цэгцлэн архивт хүлээлгэн өгөх, сонгуулийн техник хэрэгслийг дараагийн сонгуульд бэлтгэх, засвар үйлчилгээ хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, хуулийн төсөлд санал, зөвлөмж боловсруулж өгөх зэрэг ажлуудыг хийж байна. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн нам сонгуульд оролцох эрхтэй байдаг. Мөн хоёр буюу хэд хэдэн намууд сонгуульд эвсэл болон оролцох эрхтэй. Одоогийн байдлаар Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 22 нам сонгуульд оролцох эрхтэй гэж ойлгож болно. Гэхдээ сонгуульд оролцох эсэхээ намууд хуралдаанаараа шийдвэрлэдэг. Мөн түүнчлэн хуульд заасан баримт бичгийг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлснийг бид хянаад хуулийн шаардлага хангасан тохиолдолд сонгуульд оролцуулахаар бүртгэж авдаг юм. Ингэж бүртгэж авсны дараа л тухайн сонгуульд хэдэн нам оролцох талаарх мэдээллийг мэдэх боломжтой юм.
Цаг гарган дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд талархал илэрхийлж, та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
2015. The Mongolian Observer сэтгүүл. Бүрэнбаяр