Зөөврийн хайрцгаар санал өгөх иргэд маргаашийн дотор хүсэлтгээ гаргах хэрэгтэй

СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга П.Наранбаттай зөөврийн битүүмжилсэн хайрцаар санал авах ажлын талаар ярилцлаа.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход цөөхөн хоног үлдлээ. Санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогчдын саналыг хэзээ авах вэ?

 

Энэ сарын 25-ны мягмар гаригийн 09.00-20.00 цагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна. Нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогч, хил хамгаалалтыг удирдах төрийн захиргааны төв байгууллагын харъяа тусгай анги, салбарт алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогч, мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлтэй сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахаар хуульчилсан. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ сонгогчид энэ сарын 21-ний дотор харъяа хэсгийн хороондоо бичгээр гаргах ёстой. Эрүүл мэндийн шалтгаантай иргэд эмчийн магадлагааг хавсаргана. Мөн хүсэлт гаргахдаа овог, нэр, оршин суугаа газрын тодорхой хаяг, утасны дугаар, гарын үсэг, эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, утасны дугаар, гарын үсэг, санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй шалтгаан зэргээ тодорхой бичих ёстой юм. Харин санал авах өдөр нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогчдын тодорхойлолтыг баг, хорооны Засаг дарга нь, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сонгогчдын тодорхойлолтыг цагдаагийн байгууллага, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчдын тодорхойлолтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, зэвсэгт хүчний цэргийн анги, нэгтгэл, хил хамгаалах тусгай анги, салбарт алба хааж байгаа сонгогчдын тодорхойлолтыг тухайн цэргийн анги, нэгтгэл, тусгай анги, салбар тус тус өөрийн харъяа нутаг дэвсгэрт байрлаж байгаа сонгуулийн хэсгийн хороонд дээрх хугацааны дотор хүргүүлнэ. Сонгогчдын хүсэлтийг хэсгийн хорооны хуралдаа-наар хэлэлцээд хариуг нь нэн даруй мэдэгдэнэ. Хэсгийн хороо зөөврийн битүүмжил-сэн саналын хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргадаг.

 

Зөөврийн хайрцгаар санал авахтай холбоотой хардлага багагүй гардаг. Энэ ажиллагаанд яаж хяналт тавих вэ?

 

Хэсгийн хорооноос зөөврийн хайрцгаар санал авах иргэдийн хуваарь, чиглэлийг гаргадаг. Ингэхдээ чиглэл тус бүрээр санал өгөх сонгогч, саналын хуудасны болон хайрцагны тоо, лацны дугаар, хэсгийн хорооны гишүүн, тээврийн хэрэгслийн нэр, улсын дугаарыг нэг бүрчлэн бичиж үйлддэг. Ингээд энэ сарын 25-ны 09.00 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөлөл, ажиглагчдыг байлцуулан санал авах зөөврийн хайрцгийг нээж харуулан, шалган битүүмжилж лацадсаны дараа тэмдэглэл үйлдээд, хэсгийн хорооны бүх гишүүн гарын үсгээ зурна. Сонгуульд оролцож буй намууд ажиглагчаа оролцуулж хяналт тавих боломжтой.

 

Өмнөх сонгуулиудаар зарим хэсгийн хорооны гишүүн унаанд сууж явахдаа сонгуулийн дүнд нөлөөлөх оролдлого хийдэг гэсэн хардлага гарч байсан?


Сонгогчдын саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах ажлыг хэсгийн хороо өөрийн унаагаар гүйцэтгэдэг. Элдэв хардлага, сэрдлэг гаргахгүйн тулд хэсгийн хорооны гишүүдийг унаанд сууж, буухдаа зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, лац, саналын хуудас, сонгогчдын нэрийн жагсаалт зэргийг ажиглагчдад харуулж, хянуулж байх талаар журамласан. Саналаа өгч байгаа газар нь санал авах байр биш ч хэсгийн хорооны гишүүд тухайн сонгогчийн саналаа нууцаар гаргах боломжийг хангасан санал тэмдэглэх бүхээгийг бэлтгэн авч очих ёстой. Гэрт нь очиж санал авах бол тэр үед  гэр бүлийн гишүүн, тухайн газар нь эмнэлэг бол хүнд өвчтөн хажууд нь байхыг зөвшөөрөх бөгөөд бусад зөвшөөрөлгүй этгээд, нэр дэвшигч байхыг хориглосныг анхаарах хэрэгтэй.

 

Тэдний саналыг хэзээ тоолох вэ?

 

Сонгуулийн санал авах өдөр буюу зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг энэ сарын 26-ны 07.00 цагт нээж, саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийнэ. Ингээд 22.00 цагт санал хураалт дууссаны дараа санал тоолох төхөөрөмжөөс санал хураалтын дүнг хэвлэн авч хэсгийн хэмжээнд дүнг гаргана.

 

С.Туул. Өнөөдөр. 2013.06.20, № 142