Гадаадаас 500 орчим ажиглагч ирнэ
Сонгуулийг хуулийн дагуу, шударга зохион байгуулах, нээлттэй, ил тод болгоход ажиглагчийн үүрэг улам нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй уулзаж ажиглагчийн эрх үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн орчны талаар ярилцав.
Зөвхөн 1 байгууллагаас 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй гадаадын ажиглагчид богино ба урт хугацаагаар ирж байгаа, гадаадын ажиглагчид СЕХ-ны хуралдааны явцыг анх удаа ажиглав гэх содон мэдээлэл цацагдсан. Гадаадын ажиглагчид олноор ирэх болсныг юутай холбож болох вэ?
Монгол Улсад сонгуулийн ардчилал бодитой хэрэгжиж буйг, түүний дотор гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах болон иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж, түүнийг хангах талаар авч буй арга хэмжээ, сонгуулийн эрх зүйн орчныг шинэчилж буй байдал, сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлсэн зэрэг нь гадаадынхны анхаарлыг зүй ёсоор татаж байна. Манай улс 57 гишүүн оронтой Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад нэгдэн орсон. Гишүүн улсуудын сонгуулийг ажиглах, ардчилал, хүний эрхийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх асуудал энэ байгууллагын эрх, үүрэгт ордог. Тэд Монгол Улсад анх удаа сонгууль ажиглаж байна. Хөндлөнгийн ажиглагчдын мэргэжлийн үнэлгээ сонгуулийг шударга, чөлөөтэй, ил тод явуулахад маш чухал. Олон жилийн сонгуулийн туршлагатай Европын орнуудын улс төрч, судлаач эрдэмтэд, хэвлэл мэдээллийн ажилтнуудаас бүрдсэн 24 орны 26 урт хугацааны ажиглагч ирж ажлаа эхлээд байна. Богино хугацааны 300 хүний бүрэлдэхүүнтэй том баг сонгууль дөхүүлээд ирнэ. Энэ бүгд Монголын ардчилал, сонгуулийн үнэлэмж гадаадад өсч байгаатай холбоотой.
Гадаадын ажиглагчид Монгол Улсад ажилласан тухайгаа танай Хороонд мэдээлдэг үү?
Тайлангаа манайд ирүүлдэг. Гадаадын ажиглагчид сонгууль ажигласан тухай материалаа боловсруулж, тайлан бичихэд хариуцлагатай ханддаг юм билээ. Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, дараагийн сонгуулийг зохион байгуулахад хэрэг болохоор сургамж, зөвлөмжийг тайландаа тусгасан байдаг. Сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалтын талаар ч дүгнэлт хийсэн байдаг.
Өмнөх сонгуулиудын талаар юу гэж дүгнэсэн байна вэ?
Тухайлбал, НҮБ-ын бие даасан зөвлөх Пол Гуэрины тайланд 2012 онд шинэ хуулийн орчин, автоматжуулалт гээд сонгуулийн байгууллагын чадавхийг сорьсон сонгууль болж өнгөрсөн. Хугацаа бага байсан ч Сонгуулийн Ерөнхий Хороо эдгээр сорилтыг даван туулж, сонгуулийг амжилттай зохион байгуулж чадсан гэж дүгнэсэн.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хичнээн ажиглагч ажиллах бол?
ЕАБХАБ-ын ажиглагчдыг оролцуулаад гадаадаас нийт 500 орчим ажиглагч ирэх байх гэсэн төсөөлөлтэй байна. Ажиглагчдын туслах, орчуулагчид оролцоод энэ тоо бараг 2 дахин нэмэгдэх байх. Санал авах 1900 гаруй байранд ажиллах дотоодын ажиглагчдыг оролцуулбал нэлээд том тоо гарна.
Ажиглагч гэж чухам хэнийг хэлэх тухай хуульд юу гэж заасан байдаг вэ? Ажиглагчаар ажиллах хүнд ямар нэг шалгуур тавьдаг уу?
Арван найман нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн ажиглагчаар ажиллах эрхтэй. Ажиглагчийг томилох эрх нь намын сонгууль эрхэлсэн байгууллага, мөн төрийн бус байгууллагад бий. Харин нэр дэвшигч өөрөө, мөн төрийн албан хаагч ажиглагч байхыг хориглосон.
Ажиглагч ямар эрхтэй вэ?
Иргэн хүн сонгох, сонгогдох эрхээ бүрэн эдэлж чадаж байна уу, сонгуулийн хороодын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавих эрх, үүрэгтэй. Тэд санал авах, тоолох ажлыг ажиглахаас гадна сонгогчдын нэрийн жагсаалт, саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарь, явцтай танилцах эрхтэй. Түүнээс гадна санал бэлтгэх бүхээг, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, санал тоолох төхөөрөмж болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах эрхийг эдэлнэ.
Ажиглагчийн тоонд хязгаар бий юу? Өмнө нь хэсгийн хорооны байр багтаамж муутай зэргээс шалтгаалан ажиглагчид хэвийн ажиллах нөхцөл бүрдээгүй гэсэн шүүмжлэл гардаг байсан.
Тооны хувьд хязгаарлалт бий. Намын сонгууль эрхэлсэн байгууллагаас 1 хэсэгт 4 хүртэл, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаанд 2 хүртэл ажиглагчийг эрх бүхий этгээд томилж ажиллуулж болно.
Зөрчил илэрсэн тохиолдолд ажиглагч хэнд хандах вэ?
Санал авах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хорооны даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх эрхтэй. Түүнээс гадна зөрчлийн талаар тэмдэглэл хөтөлж, баримтжуулах, гэрчээр гарын үсэг зуруулах, дуу болон дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан сонгуулийн үйл явцыг баримтжуулах бүрэн эрхтэй. Сонгуулийн үйл явцыг төдийгүй сонгуулийн хорооны хуралдааныг ажиглах, хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах эрх нь нээлттэй. Түүнчлэн хуульд зааснаар саналын хуудасны зурган болон тоон үзүүлэлтийг дотоодын ажиглагчид цахим хэлбэрээр хуулбарлан авах эрхийг нь хуульчилж өгсөн байгаа. Эцэст нь хэлэхэд, тэдэнд ажиглалтын тайлангаа нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх эрх бий.
Ажиглагчдад юуг хориглосон байдаг вэ?
Хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл тараах зэргээр хууль бус арга хэрэглэж хэсгийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцохыг хориглосон. Мөн нэр дэвшигчийн шадар туслагч, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан ажиглагчаар томилогдсон бол сонгуулийн хорооны ажиллах байр болон санал авах байранд сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон.
Тэгвэл үүргээ хэрэгжүүлэхэд нь ажиглагчдад саад учруулсан тохиолдолд яах вэ?
Хуульд заасан хугацаанд хэсгийн хороонд ажиглагч бүртгүүлэх, ажиглагчийг үнэмлэх авахад болон эрхээ эдлэхэд нь хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглосон хуулийн заалттай. Энэ заалтыг зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулна.
“Өнөөдөр” сонин. 2013.05.24. Р.Жаргалант