Нэр дэвшигчид сурталчилгаагаа энэ сарын 22-ноос хийж болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж дуусаад, тэднийг бүртгэх ажил эхэлсэнтэй холбогдуулан СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцав.    

                                   

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн нэр нэгэнт тодорхой боллоо. Тэд танайд материалаа ирүүлэв үү?

 

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ, Н.Удвал нар эрүүл мэндийн үзлэгт орж, “эрүүл байна” гэсэн дүгнэлт авсан байна. Энэ 7 хоногт багтаан намууд нэр дэвшигчдийнхээ материалыг ирүүлнэ. Үүнийг 5 сарын 13-17-нд гэж ойлгож болно.

 

Ямар ямар материал ирүүлэх ёстой вэ?

           

Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн тухай намын төв байгууллагын шийдвэр, тэмдэглэл, сонгуулийн мөрийн хөтөлбөр, намын дүрэм болон нэр дэвшүүлэх асуудлаарх намын дотоод журам зэрэг намаас бүрдүүлэх материалууд байна. Мөн дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, намтар, хөрөнгө орлогын мэдүүлэг, төрсний гэрчилгээ, эцэг, эхийнх нь иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг гэх мэт өөртэй нь шууд холбоотой материалууд байдаг. Эцэст нь холбогдох байгууллагаас нэр дэвшигчийн талаар гаргасан тодорхойлолт, дүгнэлт байх ёстой. Тухайлбал, нэр дэвшигчийн эрүүл болохыг нотлох эмнэлгийн дүгнэлт, ялгүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй болох тухай эрх бүхий байгууллагын тодорхойлолт авсан байх ёстой.

 

Танай Хороо баримт бичгүүдийг хүлээж аваад нягтлан шалгахдаа юунд гол анхаарлаа хандуулах ёстой вэ?

 

Нягталж шалгах ажиллагааг 3 үндсэн чиглэлээр хийнэ. Намаас ирүүлсэн бичиг баримт үнэн зөв, гүйцэд эсэхийг шалгана. Мөн баримт бичгийн бүрдүүлэлт хуульд заасны дагуу гүйцэд байна уу гэдгийг нягтална. Үүнээс гадна нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана. Сонгуулийн Ерөнхий Хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор нэр дэвшигчээр бүртгэх эсэх тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж шийдвэр гаргана.

 

Нэр дэвшигчийг нам нь татах, эсвэл өөрөө татгалзаж болох уу?

 

Нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш нам нь тухайн нэр дэвшигчийг татах, нэр дэвшигч өөрөө нэр дэвшихээс татгалзахыг хориглоно гэж хуульд заасан.

 

Нэр дэвшигчээ татаад, нөхөн нэр дэвшүүлж болохгүй гэсэн үг үү?

 

Үндсэндээ тийм гэж ойлгож болно. Харин нэр дэвшигч нь нас нөгчсөн, эсвэл шүүхээр ял шийтгүүлсэн 2 тохиолдолд өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно. Гэхдээ санал авах өдрөөс 30 хоногийн өмнө энэ тухай шийдвэрээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлж бүртгүүлэх ёстой.

 

Нэр дэвшигчийг бүртгэхгүй байх ямар үндэслэл бий вэ?

 

Хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, баримт бичиг нь дутуу, эсвэл хуурамч байвал нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзана гэсэн заалт хуульд бий.

 

Нэр дэвшигч нь сурталчилгаагаа хэзээ эхлүүлэх вэ?

 

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхээ СЕХ-ноос авсан өдрөөс эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж болно. Энэ өдөр нь 5 дугаар сарын 22 юм. Сурталчилгаа хийхдээ нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, холбогдох байгууллагаас шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрхтэй.

 

Нэр дэвшигчийг хамгаалалтад авна, авахгүй, зардал төсөв хүнд байна гээд байсан, юу болсон бэ?

 

Нэр дэвшигчийг хамгаалалтад авахаар хуульчлагдсан. Хамгаалалтын зардлыг улсын төсвөөс гаргана. Төсөв нь батлагдсан. 

 

“Өнөөдөр” сонин. 2013.05.15, № 113. Р.Жаргалант