Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг аудит хянаж байна
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим асуултад хариу авлаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ямар байна вэ?
Сонгуулийн бэлтгэл ажилтай Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд танилцсан. Хуульд заасан хугацааны дагуу явж байна. Тухайлбал, өнгөрсөн 2 дугаар сард 1896 хэсгийн хороо байгуулж, 3 дугаар сард нь зардлын дээд хэмжээг тогтоолоо. Нэр дэвшигч 3, нам 5 тэрбум төгрөг хүртэлх зардлын дээд хэмжээтэй. Мөн сонгогчдын нэрийн жагсаалтыг бүртгэлийн байгууллагаас гаргаж өгсний дагуу цахим хуудастаа байршууллаа. Түүнээс гадна гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах салбар комиссыг байгуулах учиртай. Эхний ээлжинд ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийнхэн ирэх 7 хоногт хуралдаад комиссын зохион байгуулалтад орж бэлтгэл ажилдаа ханцуй шамлах нь гарцаагүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжих суурьших хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос эхлэн 6 дугаар сарын 26-ны өдрийг дуустал улсын хэмжээгээр түр зогсоосон.
УИХ-аас батлуулсан танай Хорооны төсөвт аудитын шалгалт хийж байгаа гэсэн үү?
УИХ-аар Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал хийт 17.2 тэрбум төгрөг гэж тооцсон байдаг. Харин манай Хорооны зүгээс бууруулж 15.8 тэрбум төгрөгийн санал оруулж батлуулсан. Одоо төсвөө орон нутагт хуваарилах журмаа өнгөрсөн 7 хоногт хэлэлцээд баталлаа. Баталсан төсвийг удахгүй аймаг, сум, дүүрэг, нийслэлд хуваарилна. Гэхдээ хуваарилахаас нь өмнө аудитад хүсэлт өгөөд хянуулж байна. УИХ-аас баталж өгөхдөө аудитаар хянуул гэсэн үүрэг өгсөн юм. Ирэх сарын эхээр аймаг, нийслэлийн хороогоо байгуулна. Үүнд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид хамаарна.
УИХ-д суудалтай намууд нэр дэвшигчээ хэзээ өргөн мэдүүлэх вэ?
Нэр дэвшүүлэх ажиллагаагаа ирэх 7 хоногт эхлүүлнэ. 5 дугаар сарын 3-12-ныг хүртэл гэсэн үг. Намууд нэр дэвшигчээ энэ хугацаанд тодруулчихаад 5 хоногийн дараа манайд мэдүүлэх ёстой. Сонгуулийн Ерөнхий Хорооны зүгээс УИХ-д суудалтай намуудад зөвлөмж хүргүүлсэн. Энэ нь нэр дэвшүүлэхдээ анхаарах зүйлсийн жагсаалт юм.
Гадаадаас санал өгөх иргэдийн тоо гарсан уу?
Одоогоор судалгаа авч байна. Бүртгэж дууссаны дараа тодорхой болно.
УИХ-аар сонгуулийн зардал хэлэлцэх үеэр төрийн албан хаагчдын урамшууллыг нэмсэн гэж шүүмжилж байсан. Үүнийг бууруулах уу?
УИХ дээр баталж өгсөн 15.8 тэрбум төгрөгийн 8 тэрбумыг нь хасах хэрэгтэй гэсэн шүүмжлэл байсан. Найман тэрбум нь сонгуульд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын урамшуулал юм. Хуульдаа мөнгөн урамшуулал олгоно гээд биччихсэн. Энэ дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо саналаа хүргүүлсэн. Ер нь нэг албан хаагчид ногдох 250 мянган төгрөг нь тэдний 40-50 ажиллах хоолны мөнгө шүү дээ. Ажиллуулж чадаж байгаа юм бол ядаж хоолны мөнгийг нь өгөх нь зүйн хэрэг юм. Гэхдээ одоо аудитынхан хянаж байна. Тэд урамшууллыг нь олго гэвэл өгнө, олгох шаардлагагүй гэвэл хасч таарна.
Сонгинохайрхан дүүрэгт ялалт байгуулсан Д.Сумъяабазарын нэрийг УИХ-д хэзээ өргөн мэдүүлэх вэ?
Ирэх 7 хоногт мэдүүлж таарах байх.
Өвөрхангайн тойргийн маргаан хэзээ эцэслэгдэх вэ? Хэн нь УИХ-ын гишүүн болох нь тодорхойгүй байна?
Сонгуулийн Ерөнхий Хорооноос ялалт байгуулсан нэр дэвшигчийг аль хэдийнээ өргөн барьсан. Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг мэдүүлснээс Г.Батхүү нь тангараг өргөөд ажлаа хийж байна. Нөгөөх нь тангаргаа өргөх эсэх нь УИХ-ын Тамгын газраас хамаарах асуудал. Манай Хороонд энэ асуудал хамаагүй болсон.
Шүүхийн маргаантай байгаа шүү дээ?
Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан. Эцсийн шийдвэр нь Улсын Дээд шүүхээс гардаг биз дээ.
“Зууны мэдээ” сонин. 2013.04.25, № 104. Д.Болор