Хороодод дахин санал хураалт болно

Дахин санал хураалтаар ялалт байгуулсан Д.Арвинг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхээр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад өргөн мэдүүлэв. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс дараах зүйлийг тодруулсан юм.

 

Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Арвиныг УИХ-ын гишүүнд сонгогдсонд тооцож, УИХ-д өргөн мэдүүллээ. Нэр дэвшигч Д.Арвин хэдэн хувийн санал авсан талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

 

УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт дахин санал хураалт явагдлаа СЕХ дахин санал хураалтын дүнгийн талаар хуралдаж  хамгийн олон санал авсан Д.Арвинг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ удаагийн дахин санал хураалтад Д.Арвин 43,1 хувийн, Д.Батзориг 40 хувийн санал тус тус авсан байна. Ирц ямар байх нь хамаагүй.

 

Тэгэхээр дахин санал хураалтад ирцийн босго хувь гэж байхгүй гэсэн үг үү?

 

Байхгүй. Хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялагчаар тооцно. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн болон 28 ба түүнээс дээш хувийн санал аваагүй бол дахин санал хураалт явуулах хуультай байдаг бол дахин санал хураалтаас хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүн болно гэж заасан байдаг. Энэ дагуу нэр дэвшигчийг өргөн мэдүүлж байна.

 

МАХН-аас жагсаалтаар Их Хуралд сонгогдсон Ц.Оюунбаатартай холбоотой маргаан байгаа учраас тангараг өргүүлэх эсэхэд эргэлзээ байгаа гэх. Энэ үнэн үү?

 

Түүнтэй холбоотой маргаан СЕХ-нд ирсэн. СЕХ тэр асуудлыг хэлэлцээд өмнө гаргасан шийдвэр хэвээрээ гэж үзсэн болохоор Ц.Оюунбаатар тангараг өргөнө гэсэн үг.

 

Орон нутгийн сонгуулийн ирцийн мэдээг өнөөдрийг болтол нэгтгэж дуусаагүй байгаа юм уу?

 

Өнөөдөр /өчигдөр/ өглөөнөөс эхлэн тойрог, хэсгийн хороодын мэдээллийг авч байна. Ажлын цаг дуусахаас өмнө дүнг нэгтгэн авч, хичнээнтойрогт санал хураах талаар нэгдсэн дүн гарна. Бүх аймагт ирц хүрсэн. Харин нийслэлийн 1-6 хэсгийн хороонд ирц бүрдээгүй гэсэн мэдээ бий.

 

Орон нутгийн сонгуулийн дүнг танилцуулах хугацаа бараг боллоо. Гэтэл ирцээ ч нэгтгэж дуусаагүй байдаг?

 

Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо санал хураалт дууссанаас хойш тавхоногийн дотор дүнгээ нэгтгээд Иргэдийн хуралдаа өгрөн мэдүүлэх заалттай. СЕХ-нд мэдүүлэхээсээ өмнө гэсэн үг. Төлөөлөгчөөр сонгогдсон түр үнэмлэхийг Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо олгоно. Өргөн мэдүүлснийхээ дараа Иргэдийн хурал нь тухайн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана. Нэг ёсондоо Аймаг, сум, дүүргийн төлөөлөгчөө зөвшөөрсөн шийдвэр гаргана. Үүний дараа долоо хоногийн дотор СЕХ олон нийтэд мэдээлнэ.

 

Ирц нь хүрээгүй дээрх дүүргүүдийн хороодод хэзээ дахин санал хураалт явуулах вэ?

 

Дахин санал хураах хэсгийн хороодын мэдээллийг нэгтгээд бэлтгэл ажлаа хийнэ. Орон нутгийн сонгуулийн тухай хуульд зааснаар дахин санал хураалтыг долоо хоногийн дотор зарлаж, санал хураана гэж заасан байгаа. Дахин санал хураалтад ирц хамаарахгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, дахин санал хураалт ирц хүрэхгүй байсан ч хамгийн их санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцоод явах юм.

 

Ирц хүрээгүйтэй холбоотойгоор гадаад дахь монголчуудын саналыг хураана гэсэн мэдээлэл бий. Үүнийг тайлбарлахгүй юу?

           

Ийм мэдээлэл гарч байна лээ. Энэ асуудал нь үнэний ортой гэж үзэж байгаа. Сонгуулийн тухайн хуульд тухайн орон нутагтаа 180 болон түүнээс дээш хугацаагаар амьдарч байгаа иргэнийг сонгогч гэж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутагтаа 180 хоногоос дээш хугацаагаар амьдраагүй бол сонгогч гэж үзэхгүй гэсэн заалттай.

 

Нэг саналын хуудсыг ойролцоогоор хэдэн төгрөгөөр хэвлэж байна вэ? Дахин санал хураалтаар багагүй зардал гарах байх?


Энэ талаар хэвлэх үйлдвэртэй ярьж шийднэ. Үүнийг хэлэхэд хэцүү байна. Дахин саналхураалт явуулах хэсэгт саналын хуудсыг хэвлэнэ. Өнөөдөр бид хэсгүүдээс мэдээ авч байна. Аль хэсэг хичнээн сонгогчтой байгаа тооцоог гаргасны дараа мэдээлнэ.

Л.Нинж. 2012.11.27, № 230