Дахин санал хураалт болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулна

СЕХ-ны нарийн бичгийн дарга асан Ч.Содномцэрэн өчигдөр СЕХ-ны даргын албаа авлаа. Түүнээс дараахь тодруулгыг авав.

 

СЕХ-ны нарийн бичгийн даргаас дарга болон дэвшиж тангаргаа өргөлөө. Та энэ салбарыг яаж удирдаж, хэрхэн шинэчилж ажиллах вэ?

 

Манай байгууллагын үйл ажиллагаа ямар хуваарийн дагуу хэрхэн явагдах нь хуультай байдаг. Аливаа сонгууль ч хуулийн дагуу л явагддаг. Тэгэхээр бүх ажлыг хуулийн дагуу хийх болно. Шинэчлэлийн тухайд олон дэвшилттэй хууль, журмууд гарч байгаа. Энэ дагуу л ажиллах болно.

 

Таныг АН-ын угшилтай хүн учраас намаа ялсан үед байгууллагынхаа дарга боллоо гэсэн шүүмж гараад байна?

 

Би хэдэн жилийн өмнө намаасаа түдгэлзэж Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад тангаргаа өргөчихсөн хүн. Энэ асуудалд “Чиний аав эсэргүү байсан” гэдгээр хандаж байгаа нь ардчилсан тогтолцоот нийгэмд яригдахад ойлгомжгүй асуудал юм.

 

Та УИХ-ын бүрэн бүтэн байдалд яаж анхаарлаа хандуулах гэж байна. Таныг Г.Батхүү гишүүнтэй найз учраас 10 дугаар тойргийн асуудлыг гацааж байгаа гэх тайлбар гарч байгаа?

 

Г.Батхүүтэй нэг Засгийн газар, нэг УИХ-д байсан уу гэвэл байсан. Тэр байтугай одоогийн УИХ-д надтай нэг Засгийн газар, УИХ-д ажиллаж байсан гишүүд олон байна. Надаар бэлтгэгдсэн гарын шавь маань УИХ-д сууж л байна. Зарим нь ч сайд болчихож. Тэгэхээр сонгуулийн ийм утгаар тайлбарлаж, ойлгоно гэвэл хэт өрөөсгөл асуудал болно. Харин Г.Батхүүгийн гэж нэр заагдаад байгаа Өвөрхангайн тойрогт нэр дэвшсэн хүмүүсийн асуудал шүүх дээр байгаа юм билээ. Шүүхээс СЕХ-нд шийдвэрүүдээ ирүүлсэн. Тухайн шийдвэрүүд болон намуудаас ирсэн саналууд дээр манай ажлын албаны шинжээчид ажиллаж байгаа. Удахгүй дүгнэлт гарах байх. Үүний дараа СЕХ-ны хурлаар асуудлыг авч хэлэлцэнэ.

 

Удахгүй Орон нутгийн сонгууль болно. Саяхан хууль нь батлагдлаа. Бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа бол?

 

Бэлтгэл ажил хуульд заасны дагуу хэрэгжиж байгаа. Хэсэг хороод байгуулагдсан. Аймаг, дүүрэг, сумын сонгуулийн хороог байгууллаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 1905 хэсэг байгуулж байсан бол одоо 1998 болж өссөн байна. Мөн нам, эвслүүд гишүүдээ нэр дэвшүүлэх ажлаа хийж байна. Маргааш /өнөөдөр/ хуулийн хугацаа нь дуусгавар болох учир аль намаас хэн хаана дэвших нь тодорхой болох байх. Түүнээс гадна энэ удаагийн сонгуулиар автоматжуулсан системийг ашиглахаар болж, хуульчилсан. Саналын хуудасны загварыг гаргаж, сонгуулиар хэрэглэх загвар маягтуудыг ч баталлаа. Ийм маягаар сонгуулийн бэлтгэл ажил хуулийн дагуу хангагдаж байна.

 

Энэ удаа хэдэн нам өрсөлдөх бол?

 

Хоёр эвсэл, таван нам оролцохоор СЕХ-нд материалаа ирүүлсэн. Энэ байдал аймаг, сум, дүүрэгт өөр өөр байгаа. Зарим аймагт гурван нам байхад нөгөө аймагт нь таван нам өрсөлдөхөөр бүртгүүлсэн байх жишээтэй. Хамгийн олон нам оролцох тойрог нь Чингэлтэй дүүрэг. Энэ тойрогт улс төрийн зургаан хүчин өрсөлдөхөөр болж байна.

 

“Шударга ёс” эвслийн хувьд зарим тойрогт эвсч, заримд нь дангаараа оролцоно гээд байгаа. Энэ хуульд нийцэх үү?

 

Аймаг, сум, дүүргийн сонгуулийг явуулах хуульд энэ тухай тодорхой заасан. Намууд дангаараа болон эвсэл байгуулан сонгуульд оролцож болно гэсэн заалттай. Энэ хуулийн дагуу хоёр эвсэл, таван нам буюу нийт улс төрийн долоон хүчин сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.

 

Сонгуульд өрсөлдөх, нам, нэр дэвшигчид сурталчилгаагаа ямар хуваарь, заалтын дагуу хэзээнээс эхлүүлэх вэ?

 

Сонгуульд өрсөлдөгчид буюу нэр дэвшигчид нэр дэвших мандатаа авсан өдрөө сурталчилгаагаа явуулж болно. Энэ нь ойролцоогоор санал хураалт явуулахаас 14 хоногийн өмнө байж таарах байх.

 

УИХ-ын сонгуулийн зарим тойрогт нэр дэвшигчдийн босго оноо нь хүрээгүйгээс дахин санал хураалт явуулахаар байгаа. Дахин санал хураалтыг хэзээ явуулах вэ?

 

Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн эдийн засаг болоод ирцийн байдлыг нь авч үзээд орон нутгийн сонгуультай хамт явуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Бас Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга СЕХ-ны удирдлагуудтай уулзахдаа ийм саналыг гаргаж, үндэслэлийг хэлж байсан. Аль ч талаас нь үзсэн дахин санал хураалтыг орон нутгийн сонгуулиас тусад нь явуулах боломжгүй байгаа юм. Тэгэхээр хамт явуулах бэлтгэлийн хангаж байгаа.

 

Орон нутгийн сонгуулийг явуулах хугацаа ойртож байна. Гэтэл ирц бүрдүүлэх боломжгүй гэсэн шүүмжлэл гараад байна?

 

Энэ асуудлыг УИХ хэлэлцээд ирэх арваннэгдүгээр сарын 21-нд сонгууль явуулахаар баталсан. Харин манайх цаг хугацаа тавих эрх зүйн үндэсгүй учраас УИХ-ын шийдвэрийг л хэрэгжүүлнэ.

 

Та бүхэн ирцийг бүрдүүлж чадах уу?

 

Ирцийг хангах ажилд бид анхаарал тавьж байна. Аль болох өндөр ирцтэй байлгаж иргэд сонгогчдыг сонгох эрхээ эдлэхэд нь тусалж арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Өнөөдөр л гэхэд орон нутгийн сонгуультай холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг хэвлэж гаргалаа. Энэ баримт бичигт Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Автоматжуулсан системийн тухай хууль, цагийн хуваарь багтсан. Үүнээс гадна иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан сурталчилгааны ажлаа эрчимжүүлэхээр болсон.

 

Эвслээс намын жагсаалтаар сонгогдсон Ц.Оюунбаатар хэзээ тангаргаа өргөх вэ?

 

Хэзээ тангаргаа өргөхийг хувь гишүүн өөрөө мэднэ. Нэг үгээр хэлбэл тангаргаа цаг хугацаандаа багтаж өргөөгүй бол анх чуулганд суусан өдрөө тангараг өргөнө гэсэн хуулийн заалттай. Энэ заалтын дагуу л шийдэгдэх байх.    

 

            Л.Мөнх. 2012.10.09, № 241