Дахин санал хураалтад тэрбум орчим төгрөг зарцуулагдана
Ээлжит бус чуулганы өчигдөрийн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн техник, технологи, зарцуулах төсвийг баталлаа. Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд 9.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөлд тусган хэлэлцүүлсэн билээ. Гэвч энэ мөнгийг танаж, СЕХ-гоор дамжуулагдах Орон нутгийн сонгуулийн зардлыг 5.2 тэрбум төгрөгөөр баталлаа. Үүний 1.4 тэрбумыг нь орон нутгийн төсвөөс гаргахаар болсон юм. Дээрх асуудалтай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжаваас дараах зүйлийг тодрууллаа.
Орон нутгийн сонгуулийн төсөв батлагдлаа. 9.2 тэрбум төгрөгөөр яригдаж байсан санхүүжилт 5.2 тэрбум болтлоо буурлаа. Зардлын хувьд асуудал гарах болов уу?
Хуульд зааснаар Орон нутгийн сонгууль хоёр эх үүсвэрээс санхүүжиж байгаа. Нэгдүгээрт, улсын төсвийн эх үүсвэрээс, нөгөө нь Орон нутгийн төслөөс санхүүжих учиртай. Ээлжит бус чуулганы хуралдаанаар төсвийн тодотгол батлагдсан. Тодотголтой уялдуулан улсын төсвөөс буюу Сонгуулийн Ерөнхий Хороогоор дамжиж санхүүжих тэр төсвийг УИХ батлах ёстой. Энэ хүрээнд зардлыг сая баталлаа. Энэ нь Орон нутгийн сонгуульд СЕХ-гоор дамжиж хэдэн төгрөг зарах вэ гэдэг шийдэл болж байгаа юм. Хуульд заасны дагуу орон нутгийн төсвөөс гарах хөрөнгө нь 2012 оны Төсвийн тухай хуулиараа төсөвт суугаад Орон нутагт татаас хэлбэрээр оччихсон. Өөрөөр хэлбэл, нийтдээ СЕХ-гоор дамжиж 5.2 тэмбум төгрөг зарцуулагдах боллоо. Үүний 1.4 тэрбум төгрөг нь орон нутгийн төсөвт татаас хэлбэрээр ирнэ. Хуучин хуульд заасны дагуу саналын хуудас хэвлүүлэх зардал гэж тусгагдсан байсан юм. Гэвч автоматжуулахтай холбоотой саналын хуудсыг төвлөрсөн шугамаар СЕХ хэвлүүлэх учраас орон нутагт очсон энэ хөрөнгийг буцаан СЕХ-ны дансанд төвлөрүүлж, зарцуулахаар болсон. Ийм шийдлийг УИХ гаргаж, тогтоолоо өнөөдрийн /өчигдөрийн/ хуралдаанаараа баталлаа.
Яригдаж байсан 9.2 тэрбум төгрөг 5.2 тэрбум болсон ч асуудал гарахгүй гэсэн үг үү?
9.2 тэрбум төгрөг бол тогтоолд тусгаж, өмнө нь хэлэлцэгдэж байсан хөрөнгө. Үүнийг Сангийн яамтай ярилцаж 5.2 тэрбум болтол нь буулгасан гэж хэлж болно. Энэ бол зөвхөн СЕХ-гоор дамжиж хийгдэх зардал. Үүний цаана орон нутагт дөрөв, таван тэрбум орчим төгрөгийг тухайн тухайн Хурлуудаар нь батлаад Орон нутгийн сонгуульд зарцуулахаар хөрөнгийг нь баталсан байгаа.
Хичнээн тойрог, хэсгийн хороо байгуулагдах вэ? Орон нутагт мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх талаар хуульчлагдлаа. СЕХ-ноос ямар арга зүйн зөвлөгөө өгөх вэ?
Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө гэж хуульчлагдлаа. Үүний зэрэгцээ сонгуулийн автоматжуулалтыг СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төв хариуцан зохион байгуулна гэж хуульчилсан. Ер нь Орон нутгийн сонгуульд СЕХ хоёр үүрэгтэй оролцож байна. Нэгдүгээрт, автоматжуулалтын асуудлыг зохицуулах нь. Төсөв хөрөнгө, техник технологийн шийдлийг нь удирдлагаар хангаж, бусад байгууллагатай харилцан ажиллана. Түүнчлэн Улсын бүртгэлийн хуульд өөрчлөлт орж сонгогчдын нэрийн жагсаалтыг байнга хөтөлж, гаргаж байх үүрэг нь УБЕГ-т шилжсэн. Тэгэхлээр УБЕГ өөрийн шугамаараа ажиллана. Ийм байдлаар СЕХ оролцохоор боллоо. Арга зүйн зөвлөгөө өгнө гэдэг нь хуулийг тэгж хэрэглэ гэж тайлбарлаж, чиглэл өгөх үүрэг биш. Харин хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг л асуудал юм. Иймээс СЕХ арга зүйнхээ хувьд орон нутагт ажиллана.
Сонгуулийг арваннэгдүгээр сарын 21-нд зохион байгуулахаар хуульчлагдсан нь хэтэрхий оройтож сонгууль явуулж байна гэх шүүмжлэл дагуулах боллоо. Хугацааны хувьд нааш нь татах боломж байсан уу?
Хугацаа их тулгуу болсон. Учир нь санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө хэсгийг байгуулсан байх ёстой. Хэсгийг аймаг, сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулна. Иймээс хууль батлагдсаны дараагаар Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран аймаг, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд хэсэг байгуулахад юу анхаарах вэ гэдэг арга зүйн чиглэлээ өгч, тэр дагуу ажиллаж байна. Хэсэг хамгийн түрүүнд байгуулагдана. Үүний цана төлөөлөгчдийнхөө тоог тодорхойлох, мөн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хийх асуудлын талаар хуульд нэмэлт орж, үүний дагуу хийгдэх болж байна. Энэ бүх зүйлийг орон нутаг зохион байгуулахад тодорхой хугацаа хэрэгтэй.
Автоматжуулсан системтэй холбоотой сонгуулийн тов хойшлогдсон гэж үнэн үү?
Автоматжуулалтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нэр дэвшигчид санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө тодорсон байх шаардлагатай. Учир нь 2000 гаруй төрлийн саналын хуудсыг янз бүрийн тоогоор хэвлүүлнэ. Үүндээ дүйцүүлэх нэр дэвшигчдийн мэдээллийг санал авах төхөөрөмжид суурилуулахад цаг хугацаа шаардах учраас энэ ажил нэлээд эртнээс зохион байгуулалттай явагдах хэрэгтэй. Иймэрхүү онцлогтой сонгууль болж байна.
Хяналтын тооллого явуулах талаар хуульд тусгагдсан байх аа?
Хяналтын тооллого хийхээр хуульд тусгасан.
Сонгуулийн ирц хүрэхгүй байж магадгүй гэсэн болгоомжлол бий. СЕХ-ноос энэ талаар ямар арга хэмжээ авч, хэрхэн анхаарлаа хандуулж ажиллах вэ?
Бүх зүйлийн баталгаа нь СЕХ байхгүй нь ойлгомжтой. Ирцийг бүрдүүлэхийн тулд эхлээд хуулиа сайн сурталчлах хэрэгтэй. Мөн иргэд өөрсдөө сонгуульдаа идэвхтэй оролцох нь чухал. Түүнчлэн улс төрийн намууд ч мөн сонгогчдоо оролцуулах бүх ажиллагааг хийх хэрэгтэй юм. Орон нутгийн Засаг захиргаанууд ч өөрсдийнхөө чиг үүргийн дагуу иргэддээ хуулийг хүргэж сурталчлах, сонгогчид саналаа өгөх боломж нөхцөлийг нь хангах тал дээр санаачилгатай ажиллах шаардлагатай. Ингэж байж л энэ сонгуулийг амжилттай давж гарна.
УИХ хэзээ бүрэн бүтэн болох вэ? Дөрвөн гишүүдийн асуудлыг хэзээ эцэслэх нь тодорхойгүй байсаар Орон нутгийн сонгуультай золголоо. Энэ талаар тодорхой хариулт өгөхгүй юу. Дахин санал хураалтыг Орон нутгийн сонгуультай хамтатган явуулна гэсэн үг үү?
Төрийн байгуулалтын байнгын хороо СЕХ-ны ажилтай танилцахдаа чиглэл өгсөн юм. Тодруулбал, дахин санал хураалтыг Орон нутгийн сонгуультай хамтатган зохион байгуулах нь зүйтэй гэж. Энэ асуудлыг СЕХ хурлаараа ярилцаад шийднэ. Ер нь хоёр томоохон дүүрэгт дахин санал хураалт явуулахад зөвхөн автоматжуулалтад гэхэд л 250 мянган ам.долларын зардал гарна. Үүний цаана хорооны зохион байгуулалтын зардал гээд тоочвол тэрбум орчим төгрөг шаардлагатай. Тэгэхээр Орон нутгийн сонгууль явагдахаар байгаа энэ нөхцөлд саналын хуудсыг хоёр дүүрэгт, хоёр хүний нэр бичиж, давхар явуулахад технологийн хувьд болохгүй зүйлгүй. Тийм учраас бараг Орон нутгийн сонгуультай хамтатгах болов уу гэсэн чигтэй байна.
Өвөрхангайн тойргийн хоёр гишүүний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Өвөрхангайн хоёр нэр дэвшигчийн тухайд Нийслэлийн шүүхэд давж заалдсан гомдол бий. Өвөрхангайн сум дундын шүүх дээр тойргийн хорооны нэхэмжлэлтэй хэрэг шийдэгдэх ёстой байх. Энэ хэргүүд шийдэгдсэний дараагаар асуудлыг нэг тийш нь болгоно. СЕХ энэ асуудлыг санаатайгаар хойш татаж, хэн нэгний үгэнд ороод байгаа зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. СЕХ хуулийн шийдэл нь тодорхой болсон үед маш тодорхой шийдвэр гаргах л бодлого баримталж байгаа.
Нэр дэвшигчийн сурталчилгааны зардлыг хэдээр тогтоосон бол?
Нэр дэвшигчийн сурталчилгааны зардлыг тогтооно. СЕХ нийтлэг, ерөнхий зардлын хуваарийг нь батална. Үүний үндсэн дээр ИТХ-ын Тэргүүлэгчид тухайн орон нутагтаа нэр дэвшигч дээд тал нь хичнээн төгрөг зарцуулах зардлын хэмжээг тогтоох юм. Тийм учраас хоёр шатны шийдвэр гарна гэсэн үг. Иймээс урьдчилж хэлэх боломжгүй.
Л.Нинжсэмжид. Нийгмийн толь. 2012.09.19, № 183