Хан-Уул дүүргийн шүүх С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг хууль зөрчсөн болохыг нь тогтоосон.

СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас УИХ-ын сонгуультай холбоотой зарим асуултад хариулт авлаа.

 

Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт хэзээ болох вэ? Зарим эх сурвалж санал хураалт хойшлогдсон гэж мэдээлж байна?

 

СЕХ 2012 оны сонгуулийн дүнг нэгтгэж албан ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгалаа. Дүнг айлтгахдаа бид 72 сонгогдсон нэр дэвшигчийн нэрийг айлтгасан. УИХ-ын сонгуулийн 22, 26 дугаар тойрогт сонгогчдын 28 хувиас дээш санал авсан нэр дэвшигчид мандатын тооноос дутуу болсон учир үлдсэн тус бүр нэг мандатын төлөө хуульд зааснаар дахин санал хураалт явуулахаар болоод байна. Дахин санал хураалтыг тойргийн хорооноос наадмаас өмнө буюу ирэх ням гаригт зохион байгуулахаар товлосон боловч энэ хугацаанд саналын хуудсыг хэвлэх, бусад техник арга хэмжээг авч амжихгүй болсон. Тиймээс СЕХ-ноос дахин санал хураалтыг жич зарлахыг тойргийн хороонд чиглэл болгоод байна. Ер нь дахин санал хураалтыг намар зохион байгуулах байх.

 

Дахин санал хураалтыг намар явуулах хууль эрх зүйн орчин байгаа юу?

 

Хуульд яг тэдэнд дахин санал хураалт явуулна гэж заагаагүй. Хэрэв тойрогт явагдсан санал хураалт хүчингүй болсон бол тойргийн хороо долоо хоногийн дотор дахин санал хураалт зарлах ёстой. Харин энэ тохиолдол хүчингүйд тооцсон асуудал биш. Сул орон тоо гарсан юм. Тиймээс тухайн тойргийн хороо нөхцөл байдлаа харгалзаж үзээд дахин санал хураалтыг хэдийд явуулахаа шийднэ. СЕХ тойргийн хорооны өмнөөс мэдэгдэл хийж байгаагийн шалтгаан нь бид автомат машин зэрэг техник хангамжийг бэлтгэсний дараа сонгууль болох учраас урьдчилж хэлээд байгаа юм. Гэсэн ч шийдвэрийг тойргийн хороо гаргана.

 

Өвөрхангай аймгаас сонгогдсон МАН-ын нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчсөн болохыг шүүхээс тогтоосон гэсэн. Нэр дэвшигчдийн асуудлыг СЕХ-ноос хэрхэн шийдвэрлэх вэ?

 

Өвөрхангайн 10 дугаартойрогт нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг Хан-Уул дүүргийн шүүхээс хууль зөрчсөн болохыг нь тогтоосон шийдвэр гарсан. Тиймээс бид асуудлыг тойрог дээр нь нягтлуулахаар шилжүүлнэ. Тойрог дээрээ яригдаад асуудал тодорхой болсон тохиолдолд дахин ярих юм.

 

Хэрэв Өвөрхангай аймгаас сонгогдсон МАН-ын хоёр нэр дэвшигчийг түдгэлзүүлбэл дараагийн нэр дэвшигчид нь УИХ-д орж ирэх үү?

 

Тэр асуудал одоохондоо яригдах боломжгүй. Тойргийн хороонд нь шилжүүлнэ. Тойргийн хороо шийдвэрийг гаргана.

 

Увс аймагт нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгогчдод мөнгө тараасан хэрэг бас яригдаж байгаа?

 

Увс аймгийн нэр дэвшигчдийн хувьд эрүүгийн хэрэг үүсгэх асуудал яригдсан. Албан ёсоор хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон нэр дэвшигчдийн хувьд хуулийн дагуу тойргийн хорооноос олгосон түр үнэмлэхээ цуцлах эсэхийг шийдэх ёстой. Увсын нэр дэвшигчдийн хувьд буруутай нь шүүхээр шийдэгдээгүй байна. Шалгагдаж байгаа. Гэхдээ сонгогдсон нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчид өргөн барихгүй байх шалтгаангүй учир өнөөдөр өргөн барьсан.


УИХ-ын гишүүний тангараг өргөсний дараа шүүхээр буруутай нь тогтоогдвол хэрхэх вэ?

 

УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах Үндсэн хуульд заасан үндэслэлийн дагуу шийдэгдэнэ. Мэдээж УИХ-ын чуулганаар шийднэ.

 

Зарим тойргийн маргаан шийдэгдээгүй байхад сонгуулийн эцсийн дүнг арай эрх зарлаж байгаа юм биш үү?

 

Сонгуулийн эцсийн дүнг зарлахад эрт, орой гэж байдаггүй. Санал хураалт болсноос хойш 15 хоногийн дотор Ерөнхийлөгчид айлтгах хуулийн хугацаатай. Бид хуулийн хугацаагаа дуусахаас өмнө л зарлаж байгаа хэрэг.

 

Зууны мэдээ, 2012.07.06, № 161