Ухаалаг үнэмлэх хэвлэж амжаагүй байсан ч санал хураалтад нөлөөлөхгүй

УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас зарим зүйлийг тодрууллаа

 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэж эхэлсэн ч эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа. Үүнээс гадна Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг Парламентаар хэлэлцэж байна. УИХ-ын үйл ажиллагаанаас шалтгаалан сонгуулийн бэлтгэл ажилд саад бэрхшээл учирч байна уу?

 

Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор СЕХ-ны ажил зогсохгүй. Цэц дүгнэлт гаргасан заалт бол сонгуулийн дүнг тооцохтой л холбоотой асуудал юм. Сонгууль болсны дараа санал тоолоод, эцсийн дүн гарсан хойно 48-аас 28 руу гулсахыг шийдэх учир бэлтгэл ажилд нөлөөлөхгүй.

 

УИХ сонгуулийн товыг зарлалгүй удааширвал цаг хугацаанд нэлээд шахагдах байх. Сонгуулийг хойшлуулах боломжтой юу?

 

Хойшлуулна гэдэг яриа гаргаж болохгүй. Энэ талаар хаана ч албан ёсоор яриагүй. Тиймээс сонгууль хойшилчихвол гэдэг асуултад хариулмааргүй байна.

 

УИХ-ын сонгуулийн товыг хэзээ өргөн барих вэ?

 

Энэ долоо хоногт багтаагаад саналаа өргөн барина. УИХ зохих журмаараа шийдэх байх.

 

УБЕГ-ын дарга өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ сонгуулийн өмнө ухаалаг үнэмлэхийг бүрэн хэвлэж амжихгүй гэсэн. Мөн үнэмлэх хэвлэлт нэг сараар хойшилно гэсэн мэдээлэл ч байна. Тэгэхээр сонгуулийг автоматжуулсан хэлбэрээр явуулахад хүндрэл үүсэх юм биш үү?

 

Ухаалаг үнэмлэх хэвлэж амжаагүй байсан ч энэ нь санал хураалтад нөлөөлөхгүй. Хуульд цахим үнэмлэхээр сонгууль өгнө гэсэн заалт байхгүй. Иргэний үнэмлэхийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулгаж саналын хуудас олгоно гэж л байгаа.

 

Орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулахаар шийдвэл бэрхшээл тулгарах уу?

 

Хоёр сонгуулийг хамт явуулахад ямар хүндрэл гарах вэ гэдгийг СЕХ албан ёсоор УИХ, Засгийн газарт бичгээр өгсөн. Мөн сонгуулийн автоматжуулсан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа компани нь ч албан ёсоор саналаа өгсөн. УИХ дээрх бүх байдлыг харгалзаж Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлах байх. Ямар шийдвэр гаргах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ямар ч байсан одоогоор УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилд ямар нэгэн саад алга. СЕХ төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлаа хийж байна.

 

УИХ шийдвэрээ гаргах юм бол хоёр сонгуулийг цуг явуулах боломж хэр харагдаж байна вэ?

 

Цуг явуулахад хүндрэлтэй, цаг хугацааны асуудал байгааг СЕХ албан ёсоор илэрхийлсэн. Хоёр сонгуулийг цуг зохион байгуулахад, ялангуяа автоматжуулсан хэлбэрээр цуг явуулна гэвэл үүнийг хэрэгжүүлэхэд хэцүү.

 

Орон нутгийн сонгуулийн зардлыг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Хэдэн сая төгрөгийн зардал төсөвлөсөн бэ?

 

Орон нутгийн сонгуулийн хоёр эх үүсвэрээс санхүүжүүлдэг. Зардлын нэг хэсгийг нь тухайн орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу ИТХ баталдаг. Улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг нь УИХ батална. Энэ зардлыг СЕХ тооцоолоод 2012 оны улсын төсөвт 760 шахам сая төгрөг суулгасан байгаа.

 

УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу энэ жил гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн саналыг авна. Хилийн чанадад санал хураалтыг хэрхэн зохион байгуулах журам батлагдсан уу?

 

Журмыг боловсруулан бэлэн болгосон. Одоо Засгийн газрын хуралдаанаар уг журмыг хэлэлцэж, саналаа нэгтгэх байх. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон намын бүлгүүдийн саналыг авахаар журмын төслийг хүргүүлсэн. Эхнээсээ саналууд ирж байгаа. Ойрын үед СЕХ ГХЯ-тай хамтран уг журмыг батална.

 

Гадаадад байгаа иргэдийн саналын хуудасны битүүмжлэлийг хэрхэн хангах вэ? Саналын хуудсуудыг шуудангаар авчрах уу, тусгай бие төлөөлөгч авчрах уу?

 

Гадаадад байгаа иргэд саналын хуудсаа бөглөөд дугтуйд хийж битүүмжилнэ. Ингээд зохих журмын дагуу тээвэрлэн авчирч СЕХ дээр тоолно. Мэдээж саналын хуудсуудыг зүгээр шууданд хийгээд явуулчихгүй.

 

Нэр дэвшигчид хууль бусаар сурталчилгаа явуулсан талаар гомдол ирж байна уу?

 

Бидэнд албан ёсоор ирсэн гомдол алга. СЕХ нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсийг хууль зөрчин сурталчилгаа хийхгүй байх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан анхааруулж байгаа. Сонгуулийн өмнө юу хийх хориотой вэ гэдэг мэдээллийг өгч байна.  

 

Хэрвээ саналын хуудсыг автоматаар тоолох боломжгүй тохиолдол үүсч гараар тоолох нөхцөл үүсвэл эрх зүйн талаас яаж зохицуулах вэ?

 

Гараар тоолох асуудал аль ч хуульд байхгүй. Тийм нөхцөл үүсээгүй байхад ингэнэ тэгнэ гэж хэлж чадахгүй. УИХ шийдвэрээ гаргаад, төсвөө баталсан. Сонгуулийн автоматжуулсан системийг л хэрэгжүүлэхийн төлөө СЕХ ажиллана.

 

СЕХ дагаж мөрдөх журмынхаа хэдэн хувийг батлаад байна вэ?

 

Нийт журмын тал хувийг батлан гаргасан. Нэлээд хэдэн журам удахгүй гарна. Сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой хэд хэдэн журам гарах ёстой. Энэ журмын дагуу нэлээд шинэлэг ажлууд зохион байгуулна. УИХ-ын сонгуулийг товлон зарлачихвал сурталчилгаа эхлэхээс өмнө холбогдох журмаа батлахын төлөө ажиллана.

 

Г.Санчир. Үндэсний шуудан. 2012.04.18, № 092