Хоёр сонгуулийг хамт явуулах боломжтой

СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс дараахь асуултад хариулт авлаа.

Сонгуулийн санал авах, тоолох машин ирсэн гэсэн мэдээлэл байна. Хэдэн машин ирээд байна вэ?

 

Гэрээнд заасан ёсоор 2500 машин орж ирэх ёстой. Үүнээс 740 нь графикт хугацаандаа ирээд байна. Энэ машинуудыг нэг бүрчлэн шалгаж, хүлээж авах ажиллагаа хийгдэж эхэлсэн. Уг ажилд нэг талаас машин нийлүүлж байгаа АНУ-ын “Dominion Voting Systems”, нөгөө талаас СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн ажилтнууд оролцоод шалгаж байна.

 

Dominion Voting Systems” компаниас Монголд нийлүүлсэн энэхүү машин нь саяхан АНУ-ын Флорида мужийн орон нутгийн сонгуулийн дүнг будлиулсан мэдээ байна. Энэ мэдээллийг Сонгуулийн Ерөнхий Хороо нягталж үзсэн үү?

 

Энэ мэдээллийг нягталсан. АНУ-ын мэргэжилтнүүдээс нь хүртэл тодруулсан. Танай машиныг сонгуульд ашиглах үеэр алдаа гарсан уу гэхэд “Тэр алдаа гарсан машин манайх биш” гэсэн хариу өгсөн.

 

Сонгуулийн Ерөнхий Хороо бол сонгууль зохион байгуулах, хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага. Сонгуулийн хуулийн зарим заалт Цэц дээр уначихлаа. Сонгууль зохион байгуулахад ямар нэгэн хүндрэл учрах уу?

 

Энэ бол Цэц, УИХ хоёрын харилцааны асуудал. Сонгуулийн Ерөнхий Хороо бол хуулийг хэрэгжүүлэх л үүрэгтэй. Бид хэрэгжүүлнэ. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авсан ч, аваагүй байсан ч ялгаагүй Сонгуулийн Ерөнхий Хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх болно. Ямар нэгэн хүндрэл үүсэхгүй гэдгийг хэлье.

 

УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил ямар төвшинд явна вэ? Цаг хугацаандаа амжиж байгаа юу?

 

Хуулийн хүрээнд явж байна. Тойрог, хэсгийн хороог байгууллаа. Одоогоор 1904 хэсэг буюу сонгуулийн санал авах газрыг байгуулаад байна. Анзаарч харвал өмнөх жилүүдтэй харьцуулахад хэсгийн тоо эрс нэмэгдсэн. Энэ бол Сонгуулийн хуулиар нэг хэсэгт ногдох сонгогчийн тоог цөөлсөнтэй холбоотой. Өмнө нь дүүрэгт 6000 хүртэл сонгогчтой хэсэг байсан бол одоо дээд тал нь 3000 сонгогч байхаар хэсгүүдийг байгууллаа. Өөрөөр хэлбэл, нэг хэсэгт ногдох сонгогчийн тоо 2 дахин цөөрсөн.

Мөн сонгогчдын нэрийн жагсаалтыг 3 дугаар сарын 15-ны дотор Улсын бүртгэлийн ерөнхий газрынхан www.burtgel.mn цахим хуудсанд байршууллаа. Алдаа мадаг байгаа эсэхийг Сонгуулийн Ерөнхий Хороо, бүртгэлийн байгууллага хамтран нягталж байна. Ер нь Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан ёсоор нийтдээ 50 гаруй заавар, журам, маягт боловсруулж гаргах ёстой юм. Үүнээс 20 гаруйг нь батлаад байна. Дахиад 10 гаруй загварын төсөл нь бэлэн болсон. Сонгууль товлон зарлахаас өмнө бүх журмаа бэлэн болгож, тов гарсны дараа тойрог, хэсгийн хороод руу тараана.

 

Сонгуулийн хуультай холбоотой маргаан нэлээд байна. Цэцийн шийдвэрээс гадна СЕХ-ноос Улсын Дээд шүүхэд хандаж тайлбар хүссэн ч хариу өгсөнгүй. Энэ нь Сонгуулийн Ерөнхий Хороо нь Сонгуулийн хуулиа ойлгож байна уу гэсэн хардлагыг төрүүлээд байна. Та ямар тайлбар хийх вэ?

 

Улсын Дээд шүүхэд асуудал тавих болсон шалтгаан нь өөр юм. 1992, 1996, 2004, 2008 оны сонгуулийн үеэр Улсын Дээд шүүх хуулиар тайлбар гаргаж байсан. Тэр үед гаргаж байсан тайлбарууд нь УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга гаргахаар байхгүй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх хуучин хуулийн хэдийн хэд гээд тайлбараа гаргачихсан байсан. Тэр бүх тайлбар нь хуучин хууль хүчингүй болохоор дагаад хүчингүй болчихсон. Тиймээс л СЕХ-ноос тайлбараа сэргээж өгөөч гэж Улсын Дээд шүүхэд хандсан юм. Түүнээс Сонгуулийн Ерөнхий Хороо хуулиа хамгийн сайн ойлгож байгаа. Бид хэлэлцэх явцад нь саналаа өгч байсан, боловсруулалтад нь ч оролцсон. Сонгуулийн Ерөнхий Хороо нь хуулиа ойлгохгүй байна гэж зарим хүн л мушгиад байгаа хэрэг.

 

УИХ, Орон нутгийн сонгуулийг хамт явуулах асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хороо ямар байр суурьтай байгаа вэ? Нэг өдөр зэрэг явуулах хуулийн заалт нь хэвээр байна. Үүнийг биелүүлэх боломжтой юу?

 

Хуулиар нэг өдөр явуулна гэж заасан учраас нэг өдөр явуулж л таарна. Энд боломжтой, боломжгүйн тухай асуудал байх ёсгүй. Сонгуулийн Ерөнхий Хороо хуулийг хэрэгжүүлнэ. Жишээ нь, Татварын хуулиар та татвар төлөх ёстой гэсэн бол татвар төлөөд л явдаг. Түүнээс татвар төлөх бололцоотой юу гэж асуудаггүй биз дээ? Үүнтэй яг адилхан.

 

Тэгвэл бэлтгэл ажил хангагдаж байна уу? АН-ын бүлгээс Ерөнхий сайдад хандаж Орон нутгийн сонгуулийн бэлтгэлийг хангуулах чиглэл хүртэл өгсөн байсан?

 

Хуулийн дагуу Орон нутгийн ИТХ-ын сонгуулийг орон нутаг нь өөрөө зохион байгуулдаг. Сонгуулийн Ерөнхий Хороо бол арга зүйн зөвлөгөө л өгдөг. Бид орон нутагт арга зүйн зөвлөгөө өгч байгаа. Хуулиа хэрэгжүүл гэж байгаа.    

 

             “Үндэсний шуудан” сонин. 2012.04.03, № 079. Ч.Ган