Санал тоолох автомат машины нэг бүрийнх нь үнэ 3200 ам.доллар
Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагууд өчигдөр сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийж дууссаны дараа Н.Лувсанжав даргаас дараахь зүйлийг тодруулсан юм.
Дээд шүүхээс Сонгуулийн хуулийн ямар ямар зүйл заалтад тайлбар авахаар хүргүүлсэн юм бэ?
Сонгуулийн хуулийн 40-өөд зүйл заалтаар хандсан. Ер нь сонгуулийн өмнө Дээд шүүхээс уламжлал болгон хуульдаа тайлбар хийдэг. Тэгэхээр шашин шүтлэг, захиргааны арга хэмжээ гэх мэт зүйлд тайлбар хийх байх. Үүний хажуугаар хууль шинэчлэгдсэнтэй холбоотой тайлбар хийх асуудлууд байна. Жишээлбэл, санал хураах цагийн хуваарийг нарийн тайлбарлах хэрэгтэй. Учир нь манай улсад цагийн зөрүүтэй аймгууд байдаг шүү дээ.
Орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах хуультай байгаа. Гэтэл зарим гишүүд ингэх боломжгүй гээд хуулийн төсөл өргөн барьсан байна?
УИХ-ын сонгуулийн хувьд автомат системээр явуулна гэдэг шийдлийг гаргачихсан. Ингэж автоматаар санал тоолж байгаа юм чинь хоёр сонгуулийг нэг өдөр явуулах боломжтой гэсэн тайлбар байгаа. Гэхдээ орон нутгийн сонгуулийг автомат системээр явуулахтай холбоотой техник технологийн шийдлүүдийг бэлэн болгох хэрэгтэй. Түүнчлэн хуульдаа сонгуулийн төв байгууллага нь УИХ-ын сонгуулийг л зохион байгуулдаг. Харин орон нутгийн сонгуулийн хуулиар орон нутгийн сонгуулийн хороод байгуулагдаж ажлаа явуулдаг. Тэгэхээр энэ хоёр сонгуулийг нэг хороо байгуулан явуулах боломжгүй. Тиймээс юуны өмнө хуулийн орчинг нэг болгох учиртай. Тэгээд ч автомат систем маань орон нутаг, УИХ-ыг сонгуулийн саналыг зэрэг тоолох боломжтой юу, үгүй юу гэдэг эргэлзээтэй. Мөн саналын хуудсуудыг ялгавартайгаар хэвлэх шаардлага ч тулгарна. Ягодоогийн байдлаар 26 саналын хуудсыг зурагтай оруулахаар байгаа. Түүнээс цааш сум, аймгийн саналын хуудсыг хийнэ гэвэл өөр өөр төрлийн 400 орчим саналын хуудсыг бэлдэх шаардлага гарна. Мөн хэсгүүдэд ажиллах автомат машинд програм суулгах ажил шаардагдана. Энэ мэт бэрхшээл, цаг хугацааны асуудлыг бодож үзэх хэрэгтэй. Гэхдээ үүнийг УИХ л шийднэ.
Гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг ямар хэлбэрээр авах вэ? Тавих хяналт ямар байх бол?
Гадаадад байгаа иргэдийн саналыг авах асуудлыг хуульд тусгасан. Гэхдээ манай улсын дипломат төлөөлөгчтэй орнуудад амьдарч байгаа иргэд л санал өгөхөөр хуульчилсан. Түүнчлэн ингэж саналаа өгөхийн тулд гадаадад буй иргэд зөвхөн намыг л дэмжих боломжтой. Учир нь аль нэг тойрогт харъяалагддаггүй болохоор тэр. Харин тэдний саналыг 14 хоногийн өмнө авч битүүмжлэн ирүүлсэн байх ёстой. Тэгээд санал тоолох хугацаанд уг хайрцгийг задална.
Сурталчилгаа, санал худалдах гэх мэт асуудлуудад танайхаас хяналт тавина. Хяналтыг яаж тавих юм?
Ер нь бол сонгуульд оролцогчид өрсөлдөгчдөө л хяналт тавина. Мөн хэвлэл мэдээллийнхэн, сонгуулийн шат шатны байгууллагууд хяналтыг тавих болно. Гэхдээ хамгийн гол нь сонгогч өөрөө үүргээ хүлээж, хариуцлагаа ухамсарлах ёстой.
Автомат системийн ханган нийлүүлэлт ямар шатандаа байгаа бол?
Америкийн компанитай гэрээгээ хийчихсэн. Эхний таван машин ороод ирчихсэн байгаа. Харин хоёрдугаар сарын дундаас тавдугаар сар хүртэл бусад машин нийлүүлэгдэнэ. Манайхаас хоёр мянга таван зуун ширхэг машин захисан байгаа. Нэг бүрийнх нь үнэ гурван мянга хоёр зуун ам.доллар. Ерөнхийдөө 2500 машин хүрэх байх. Үүнтэй холбоотой 1800 хүн мэргэшүүлэн ажиллуулахаар болж байх шиг байна. Ингэхдээ мэдээллийн технологийн мэдлэгтэй хүмүүсийг шалгаж авна.
Намын тойрогт зарцуулах мөнгөний хэмжээг тогтоосон байна. Үүнийг ямар үндэслэлээр тогтоов. Хуульд нийцэж байгаа юм уу?
Хуулийн 37 дугаар зүйлд зааснаар Сонгуулийн Ерөнхий Хороо тойрогт нэг нэр дэвшигчээс зарцуулж болох мөнгөний дээд хэмжээг тогтоосон. Мөн тухайн сонгуульд оролцож буй нам, эвслийн зарцуулж болох мөнгөний хэмжээг ч тогтоосон. Үүнд барьсан гол зарчим бол нутаг дэвсгэрт байгаа хүн амын нягтралын хэмжээ юм. Өөр баримталчих зарчим гэхээр зүйл байдаггүй. 2008 онд тогтоосон жишгийг л дагасан гэх үү дээ. Ингэхдээ бид нэг нэр дэвшигчийн тойрогтоо зарцуулах мөнгөний хэмжээг эхлээд тогтоосон юм. Тэгээд нийт тойрогт нэг намаас есөн тэрбум төгрөг зарцуулж болох юм гэсэн тооцоог гаргаад байна.
Сонгуулийн автомат системийг худалдаж авах асуудал нэлээд маргаантай байсан. Үүнд тайлбар хийхгүй юу?
Энэ бол улир болсон асуудал.
Л.Мөнхтөр. Өдрийн сонин. 2012.02.07, № 036