Мөнгө тараасан нь нэр дэвшигч тодорсны дараа илэрвэл бүртгэхээс татгалзана

Будлиан үүсгэдэг гол “бай” болох сонгогчдын нэрсийн жагсаалтыг Сонгуулийн шинэ хуулиар зөвхөн УБЕГ хариуцаж, саналын хуудсыг тусгай төрөөмжөөр тоолохоор зохицуулсан билээ. Тиймээс энэ удаагийн сонгууль өмнөхөөсөө илүү онцлог, бэлтгэл ажил ч их байх нь. Энэ сэдвээр СЕХ-ны дарга Н.Лувсанжавтай ярилцлаа.

 

Сонгуулийн болоод Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу бэлтгэл ажлыг илүү өргөн хүрээнд хийх хэрэгтэй болсон. СЕХ хэрхэн ажиллаж байна вэ?

 

Сонгууль товлон зарлах хугацаа буюу дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл хийх ажлын төлөвлөгөөг СЕХ-ны ажлын хэсэг батлаад хэрэгжүүлж байна. Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулж эхэлсэн. СОнгуулийн хуулийг бусад хуультай уялдуулах талаас нь бид УИХ-ын ажлын хэсэгт 200 гаруй санал өгсөн. Сонгуулийн тогтолцооноос гадна тойрог, хэсгийн хороо байгуулах зарчимд өөрчлөлт оруулсан. Тойрог, хэсгийн хороо зөвхөн уг ажлыг гүйцэтгэх үүрэгтэй төрийн жинхэнэ болоод үйлчилгээний албан тушаалтнуудаас бүрдэнэ. Ингэснээр улс төрийн ашиг сонирхлоос тусгаарлах боломжтой болж байна. Мөн сонгогчдын нэрсийн жагсаалтыг иргэдийн шинэчилсэн бүртгэлд тулгуурлан УБЕГ гаргаж, давхардлыг арилгах, хянах ажлыг хариуцна. Ингэснээр хэсгийн хороодын ажилтнууд зөвхөн зохион байгуулах ажилдаа анхаарч чадна. Сонгуулийн сурталчилгаа явуулахад оролцогчдын эрх үүргийг зааглаж, хариуцлагыг чангалсан. Юуг хориглох тухай ч нарийвчлан оруулсан байгаа. Нэр дэвшигч хууль зөрчсөн бол бүртгэлээс хасаж, түр үнэмлэхээ авсан байсан ч эгүүлэн татна. Мөн сонгогч эрхээ эдлэхийн тулд иргэний бичиг баримтын зөрчлийг арилгах, нэрийн жагсаалтад орсон эсэхээ тодорхой хугацаанаас өмнө нягтлах үүрэгтэй болсон. Сонгогч санал худалдан авах аливаа өдөөн хатгалгад автахгүй байх ёстой. Хууль зөрчвөл 15 хоног баривчлах хүртэл шийтгэл ногдуулна. Энэ мэтээр олон шинэ зохицуулалт орсон учир бэлтгэл ажлыг өргөн хүрээнд хийж байна. Нэр дэвшигч, улс төрийн намуудаас зарцуулах зардлын дээд хэмжээг СЕХ батлах ёстой. Үүнийг ойрын үед шийдвэрлээд нийтэд мэдээлнэ. Мөн орон нутгаас сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой мэдээлэл ирүүлэхэд ашиглах маягтыг УБЕГ-тай зөвшилцөөд СЕХ батлахаар ажиллаж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд нийт 50 гаруй журам, заавар, маягт боловсруулж, шинэчилнэ. Эдгээр журам олон нийт, төрийн бус байгууллагын анхаарлыг их татаж байгаа. Тиймээс журмын төслийг цахим хуудсандаа тавьж, санал авч батлах юм.

 

Сонгогчийн саналыг татах зорилгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, эд мөнгө тараахыг хориглосон. Гэтэл нэр дэвшигчдийг тодруулах хугацаа болоогүй байна. Түүнээс өмнө УИХ-ын гишүүн, эсвэл хэн нэгэн этгээд мөнгө, эд зүйл тараавал яах вэ? Мөнгө тараасныг нь одоо баримтжуулаад нэр дэвших нь тодорхой болсон үед гаргаад ирвэл бүртгэхгүй юу?

 

Иргэдийн саналыг татах зорилгоор байсан уу, үгүй юу гэдэг асуудал байгаа. Хэдийгээр нэр дэвшигчийг тодруулах хуулийн хугацаа болоогүй ч өөрийгөө сурталчлаад явдаг хүмүүс бий. Үүнд хэн хяналт тавих вэ? Иймэрхүү олон асуудлаар иргэд СЕХ-нд хандаж байна. Тиймээс бид хуулийн холбогдох заалтуудаар тайлбар авахаар Дээд шүүхэд ойрын үед хандана. СЕХ ганцаараа хяналт тавьж хүчрэхгүй, тиймээс төрийн бус байгууллага, нам, эвсэл, иргэдтэй хамтран ажиллах болно. Хэрэв тодорхой үндэслэл, баримттай мэдээлэл ирвэл бид эрх бүхий байгууллагаар түүнийг шалгуулна. Хууль зөрчсөн нь тодорхой болсны дараа тухайн хүн нэр дэвшигч болоод гараад ирвэл түүнийг бүртгэхгүй.


Гадаадад байгаа монголчууд сонгох эрхээ эдлэх боломжтой болсон. Гэвч энэ бүхнийг хэрхэн зохион байгуулах нь ойлгомжгүй байх шиг байна?

 

Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг улсад амьдардаг, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, мөн сонгуулийн санал хураалтад орох хүсэлтээ илэрхийлж, сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн байх шаардлага тавьж байгаа. Хилийн чанадад байгаа иргэд маань зөвхөн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор л саналаа өгнө. Тэдний саналыг санал хураах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө урьдчилж цаасаар авна. Аль улсад хэдний өдөр санал авахыг СЕХ, ГХЯ-ны хамтарсан журмаар тогтоох юм. Улмаар тэдний саналыг битүүмжлээд нааш нь ирүүлнэ. Монголд санал хурааж тоолох цагт л гадаадад суугаа иргэдийн саналыг зэрэг тоолно. Өмнө нь тоолохгүй. Гадаадад байгаа иргэдийн саналыг авахад хяналт сул байдлыг аль нэг намын эрх ашигт нийцүүлж ашиглах боломтой гэх мэт хардлаа гарч байна. Хамтарсан журмыг батлахын өмнө олон нийт, нам, эвслийн саналыг авна. Хяналтыг ч нарийвчлан зохицуулна. Мөн тухайн улс орон бүрт сонгуульд оролцож буй нам, эвслийн төлөөлөл байгаа. Тэд санал хураах явцад ажиглагчаар оролцох боломжтой.

 

Биеэр ирж саналаа өгөх боломжгүй иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авах уу?

 

Эрүүл мэндийн шалтгаанаар болон гал түймэр унтраах гэх мэт нийтийн ажиллагаанд дайчлагдсан, захиргааны зөрчил гаргасан болон байцаан шийтгэх албадлагын ажиллагааны улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон иргэдийн саналыг л холбогдох байгууллагын тодорхойлолт, магадлагааг үндэслэн зөөврийн хайрцгаар авна. Ийм иргэд урьдчилан бүртгүүлсэн байх ёстой, мөн тэдний саналыг нэг өдрийн өмнө авах юм.

 

Санал тоолох гэж гол ажил бий. Тусгай төхөөрөмжөөр саналын хуудсыг тоолох анхны сонгууль болох гэж байна. АНУ-ын “Dominion Voting” компаниас санал тоолох төхөөрөмж авахаар болсон. Түүнийг хэзээ оруулж ирэх вэ?

 

Үүнтэй холбоотой зайлшгүй шийдэх асуудал байгаа. Санал тоолох машиныг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж, зөвшилцсөн. АНУ-ын “Dominion Voting” компанийг сонгоод энэ сарын 9-нд гэрээрээ байгууллаа. Өмнөх “ES and S” компаниас ялгаатай нь тэд Монголын гэрээний загварыг хүлээн зөвшөөрч, манай хуулийн дагуу баталгаа гаргахаар болсон. Машин эвдэрсэн тохиолдолд үнэ төлбөргүй засаж өгнө. Тиймээс гэрээ манай талд ашигтай. Одоо уг компани гэрээнд заасны дагуу банкны үүргийн гүйцэтгэлийн баталгаагаа гаргуулахаар ажиллаж байгаа. Техник хэрэгслээ авчрахад гаалийн болон НӨАТ-ыг Монголын тал хариуцна. СЕХ-ноос уг татварыг чөлөөлж өгөөч гэсэн хүсэлтийг УИХ-д тавиад хүлээж байна. Хоёрдугаар сарын эхээр эхний таван машиныг авчирна. Улмаар сонгуулийн хуулийн шаардлагад нийцүүлэн санал тоолох, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах тусгай програм зохион бүтээх юм. Энэ хамгийн чухал ажил. Эхний ээлжинд авчирсан машинуудад програмыг суурилуулж, аудит хийлгээд болно гэж үзсэний дараа 1900 орчим хүнийг сургаж, гэрчилгээ олгоно. Тэд хэсгийн болон тойргийн хороо, СЕХ-нд ажиллаж, тоног төхөөрөмжийг хариуцна. “Dominion Voting” компанитай хамтран ажиллаж буй манай Интерактив компани болон СЕХ-ны дэргэд байгуулах Мэдээллийн технологийн төв сургалтыг хариуцах юм. Хоёрдугаар сарын сүүлчээс тавдугаар сарын 10-ны хооронд санал тоолох нийт 2500 төхөөрөмж авна. Гэрээгээ хугацаа тулгаж хийсэн учир АНУ-ын тал тээврийн зардлаа хариуцахаар болсон. Машинуудыг онгоцоор авчрахаар төлөвлөж байна.

 

Санал тоолох явцыг автоматжуулахаар цахилгаан тасрахаас эхлээд сүлжээнд нэвтэрч төхөөрөмжийг хакердах гэх мэт эрсдэл гарч болзошгүй. Энэ бүхнээс хэрхэн хамгаалах вэ?

 

Энэ бол нэг саналын хуудсыг 5-8 секундэд тоолох хүчин чадалтай машин. Нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангасан. Тиймээс ямар нэг байдлаар ажиллагааг өөрчлөх, саатуулах боломжгүй. Уг машиныг АНУ болон бусад улс оронд ашигладаг. Алдаа гаргасан хувь нь маш бага байсан, чанарын гэрчилгээгээ авчихсан. Төхөөрөмжийг наймаг цаг ажиллах хүчин чадалтай зай дагалдаж ирнэ. Аргагүй тохиолдол гарч цахилгаан тасарвал уг машин автоматаар найман цаг ажиллах боломжтой гэсэн үг. Мэдээж санал хураалтын үеэр цахилгаан тасалдуулахгүй байх нөхцөлөө Монгол Улс хангана шүү дээ. Мөн уг машин мэдээллээ дамжуулах модемтэй. Үүрэн телефоны компаниудын тусгай сувгаар хакердах боломжийг хаасан битүү сүлжээнд мэдээллээ дамжуулна. Уг машиныг битүү сүлжээнд  ажиллахаар зохион бүтээсэн. Дээрээс нь санал хураалтын дүнг гуйвуулсан гэж үзвэл нам, эвслийн ажиглагч саналын хуудасны дүрсэн болон тоон мэдээллийг шүүх боломжтой. Хуудас бүрийн зургийг авч хадгална. Ингэж нягтлаад дүнг тулгачих учир ямар нэг луйвар, будлиан хийх оролдлого бүтэхгүй.

 

Төхөөрөмжийн эх кодыг олон нийтэд ил болгох эсэх асуудал бий. Энэ талаар нөгөө тал ямар хариу өгсөн бэ?

 

Уг компанийн програм зохиогчийн эрх LINUX компанид байдаг юм билээ. Тэдний програм хангамжийн эх код цахим хуудастаа ил тод байдаг. Түүгээр ороод ямар үйлдлийн системтэй машин болохыг үзэх боломжтой. Бид software-ийн эх кодоо өг гэсэн шаардлагыг тэдэнд тавьсан ч “Энэ кодыг ил болгочихвол буруугаар ашиглаад сонгуулийн үеэр будлиан гарч болзошгүй. Тиймээс хяналтгүйгээр өгөхгүй. Харин Монголын талаас хуулийн дагуу уг машин, програм хангамжийг хянаж гэрчилгээ олгох ажлын хэсэгт ашиглуулу болно” гэсэн. Ийм байдлаар гэрээгээ тохирсон. Тэгэхээр кодоо нууж будлиан хийх нь гэж хардах хэрэггүй.

 

Сонгууль зохион байгуулахад төсөвлөсөн 24 тэрбум төгрөг хүрэлцэж байна уу?

 

Долларын ханш өсөж байна, тиймээс 24 тэрбум төгрөг хүрэлцэхгүй байх магадлал өндөр. Гэхдээ бид төсөвтөө багтаахаар хичээж байна. Төсөв баталсны дараа хуулиудыг баталсан учир нэмэлт хөрөнгө шаардах зүйл гарах байх. Тухайлбал, хуульд хэрэв хэн нэгэн этгээд иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авсныг нотолсон, бодит мэдээлэл өгсөн хүнд тараасан мөнгөнөөс нь 10 дахин илүү урамшуулал олгоно гэсэн. Төсөв хүрэлцэхгүй бол Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргуулаад, дараа нь төсөвт тодотголхийх замаар шийдэх гарц бий.

 

С.Туул. Өнөөдөр, 2012.01.20, № 016