Ямар ч тогтолцоо, саналын хуудаст тохирох автомат машин сонгоно

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн болон тус Хорооны ажилтнууд УИХ-ын гишүүдэд өчигдөр мэдээлэл өгчээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ТББХ-ны ажлын хэсгийн хуралдаанд СЕХ-ныхон оролцож сонгуулийн санал тоолох автомат машиныг худалдан авах бэлтгэл ажлын талаар танилцуулсан байна. Энэ талаар СЕХ-ны дарга Н.Лувсанжаваас тодруулав.

 

Ирэх сонгуулийн саналын хуудсыг автомат машинаар тоолно гэсэн. Энэ ажлын бэлтгэлийг хэр хангаж байна вэ?

 

Хуулийн хугацаанд бэлтгэл хангах зорилт тавин ажиллаж байгаа.

 

Сонгуулийн тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Хуульд нийцүүлэн автомат машиныг худалдаж авна хэмээн өнгөрсөн хавар мэдэгдэж байсан шүү дээ.

 

Хуулийн шийдлийг харж бэлтгэл хангах гэж байгаа нь үнэн. Хаврын чуулганы төгсгөл хүртэл хуулийг нэлээд харсан. Гэхдээ сонгуулийн тогтолцоо ямар байх, саналын хуудас нь ямар хэлбэртэй байх эсэхээс үл хамаарч ямар ч тогтолцоо, саналын хуудаст тохирох технологийг сонгох шийдэл гаргасан.

 

Ямар нэгэн компанитай гэрээ байгуулсан уу? Хаанаас худалдаж авахаар төлөвлөсөн бэ? Хэдэн төгрөгийн үнэтэй, хэдэн машин авах гэж байгаа вэ?

 

Түүнийг одоогоор хэлэх боломжгүй. Яагаад гэвэл компаниудын сонгон шалгаруулалт явж байна, ажлын хэсэг ажиллаж байгаа, туршилт хийгээд дуусч байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарахаар ямар технологи, ямар компани сонгосныг нийтэд зарлана. Түүнээс наана сонгон шалгаруулалтын дүн гараагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй.

 

Ажлын хэсгийн хуралдааны үеэр шинэ автомат машиныг ажиллуулах мэргэжилтнүүдийн тухай ярьсан гэж сонссон. Мэргэжилтнүүдийг тусгайлан бэлтгэх үү?

 

Мэдээлэл технологийн талаар мэдлэгтэй хүмүүсийг дайчилна. Сургаж, эрхийн үнэмлэх олгож байж сонгуулийн техниктэй харьцах эрхийг нь өгнө. Энэ бол нүсэр ажил.

 

Одоогийн хүчин төгөлдөр хуулиар Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг хамтад нь хийхээр заасан. СЕХ хоёр сонгуулийг нэгэн зэрэг явуулах боломжтой юу?

 

СЕХ-ны бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй. Орон нутгийн сонгуулийн хороо ороннутгийн сонгуулийг тусад нь зохион байгуулна. Хоёр өөр субъект сонгуулийг зохион байгуулдаг. Манайх УИХ-ын сонгуулиа л хариуцна.

 

Саналын хуудсыг автомат машинаар тоолохоор бол сум суурин газруудын цахилгааны асуудлыг гишүүд нэлээд хөндсөн гэсэн. Үүнийг яаж шийдвэх вэ?

 

Эрчим хүчний асуудлыг шийдэх боломж бий. Бидний ашиглах гэж байгаа технологид ч ийм шаардлага байгаа. Манайд ч цахилгааны эх үүсвэрийн технологийн дэвшлүүд байгаа учраас шийдэх боломжтой гэж үзэж байна.

 

Зууны мэдээ. 2011.09.27, 228