Сонгуулийн дүнд нөлөөлөх боломжгүй
Ялалт байгуулсан Цахиагийн Элбэгдорж 41645 сонгогчийн саналаар илүү байна гэж бид зарласан шүү дээ. 1 хэсэг дунджаар 2-3 мянган сонгогчтой. Тэдгээр хэсгийн сонгогчид бүгдээрээ Н.Энхбаярт өгсөн байлаа ч гэсэн сонгуулийн дүнд нөлөөлөх боломжгүй. СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнтэй Ерөнхийлөгчийн сонгуулийг тойрсон асуудлаар ярилцлаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөөд 3 хонож байна. Гэтэл албан ёсны дүн гарсангүй. Хэвлэл мэдээллээр ч цөөнгүй тайлбар хийлээ. Эцэстээ шашныхан үүнд оролцож, сонгуулийн дүн өөрөөр эргэнэ, 7 дугаар сарын 1-нд болсон шиг үймээн болно гэхчлэн мэргэ төлөг, өдөөн турхиралт нь мэдэгдэхгүй юм ярих боллоо. Үүнийг юу гэж үзэж байна вэ?
СЕХ урьдчилсан мэдээг зарласан. Урьдчилсан мэдээ гэдэг бол утас, факсаар авсан мэдээлэл байдаг гэдгийг сонгогчиддоо хэлье. Монгол Улсын хувьд өргөн уудам нутагтай, дэд бүтэц тааруухан хөгжсөн зэргээс шалтгаалаад албан ёсны протокол, тогтоолоо СЕХ-нд авчирч өгөхөд цаг хугацаа орно л доо. Бид утсаар, факсаар авсан мэдээллээ УИХ-д танилцуулахын тулд албан ёсны тогтоолтой тулгаж, түүнийг үндэслэн албан ёсны дүнг гаргах ёстой юм. Хуулиараа бол нутаг дэвсгэрийн хороо /нийслэл, аймгийн сонгуулийн хороо/ гурав хоногийн хугацаанд шийдвэрээ гаргах ёстой. Аймаг сумаасаа, нийслэл дүүргээсээ мэдээгээ авна. Сум, дүүрэг нь салбар хорооноосоо, салбар хороо хэсгүүдээсээ мэдээгээ авна. Тэд бүгд өөр өөрсдийн албан ёсны тогтоолыг гаргана. Энэ тогтоолуудыг СЕХ нэгтгээд албан ёсны дүнг гаргадаг. Энэ ажлыг бид хийж байна. СЕХ-ноос ажлын хэсэг гаргасан.
Ямар учиртай ажлын хэсэг билээ?
Анхан шатны дүнг нэгтгэх ажлын хэсэг л дээ. Энэ ажлын хэсгийг СЕХ-ны нарийн бичгийн дарга ахалж байна.
Тэгвэл одоо ажил ямар шатандаа явна вэ?
Өнөөдрийн хувьд гэхэд Архангай аймаг мэдээгээ өгөөд явлаа. Баян-Өлгий, Завхан, Ховдын мэдээ онгоцоор ирж байна. Сэлэнгэ аймгийнхан машинаар наашаа гарсан. Өнөөдрийн байдлаар 8 аймгийн мэдээг албан ёсоор хүлээж аваад байна. Маргаашийн онгоцоор Баянхонгор, Говь-Алтайн мэдээг авчирна гэж бидэнд мэдэгдээд байна. Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Дархан, Орхон гэсэн аймгууд маргааш машинаар мэдээгээ авчирна гэсэн мэдээллийг сая авлаа.
Бусад аймгуудын мэдээ ирчихсэн гэж ойлгож болох уу?
Өмнөговийн мэдээ 29-д онгоцоор ирнэ. Хөвсгөл машинаар гарсан 29-нд ирнэ. Бид энэхүү мэдээллүүдийг өдөр, шөнө, ажлын бус цаг гэлтгүйгээр ирсэн даруйд нь авч байгаа.
Аймгуудын дүн цаасаар ирэхээр сонгуулийн дүнд өөрчлөлт гарч байна уу?
Нэг юмыг манай иргэд ойлгох хэрэгтэй. Урьдчилсан буюу утас, факсаар авсан мэдээллийг УИХ-д танилцуулж болдоггүй.
Дүрэм, журмын хувьд тийм байдаг л байх даа. Гэхдээ СЕХ-ны мэдээлсэн урьдчилсан мэдээллээс албан ёсны мэдээлэл өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй тийм үү?
Урьдчилсан мэдээг бол утас, факсаар авч байгаа шүү дээ. Албан ёсны мэдээг түүнтэйгээ хэр тохирч байгааг л тулгаж байгаа юм. Нийслэлийн албан ёсны мэдээ гэхэд л өчигдөр авахад утсаар авсан мэдээтэй бүх дүүрэг нь яг тохирсон. Дундговь гэхэд л утас, факсаар авсан мэдээ нь тохирч байна. Архангай, Говьсүмбэр ч ялгаагүй өмнөхтэйгөө тохирсон.
Өмнө нь нэг хэсгийн хороо огт мэдээллээ ирүүлээгүй гэж байсан. Магадгүй энд ямар нэгэн будлиан болж сонгуулийн дүнг өөрчлөхөд хүргэх юм биш биз дээ?
Тийм, бид Баян-Өлгийн хоёр, Дорнодын Халх голын нэг хэсгийн мэдээ ирээгүй байна гэж мэдэгдсэн. Эдгээр мэдээ сонгуулийн албан ёсны мэдээнд орно. Тиймээс урьдчилсан мэдээ бага зэрэг өөрчлөгдөнө. Гэхдээ дүнд нөлөөлөхүйц хэмжээнд биш.
Хэдийгээр МАХН-ын дарга, нэр дэвшигч нь байлцан ялагдлаа хүлээсэн ч эдгээр хэсэг болон бусад хэсэгт авсан саналынхаа тоог нэмэх төлөвлөгөөтэй, түүндээ СЕХ-г бүрэн ашиглана гэсэн юм яриад байна. Магадгүй ч юм шиг?
Сонголтын дүнд нөлөөлж чадахгүй, урьдчилсан мэдээгээр бол ялалт байгуулсан Цахиагийн Элбэгдорж 41654 сонгогчийн саналаар илүү байна гэж бид зарласан шүү дээ. Нэг хэсэг дунджаар 2-3 мянган сонгогчтой. Тэдгээр хэсгийн сонгогчид бүгдээрээ Н.Энхбаярт өгсөн байлаа ч гэсэн сонгуулийн дүнд нөлөөлөх боломжгүй.
Магадгүй албан ёсоор ирээгүй байгаа аймгуудын дунд өөрчлөлт оруулчихсан, тэр нь урьдчилсан мэдээ ирүүлээгүй хэсгийн хороотой нийлээд илүү гээд байгаа 41 мянган сонгогч давчих ч боломжтой юм шиг?
Ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл факсаар авсан мэдээлэл бол эх хувийг хувилсан хувилбар шүү дээ. Тамга тэмдэгтэй ирж байна гэсэн үг шүү дээ. Харин утсаар дуудахдаа ганц нэг цифр алдсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр нь өөрчлөлт оруулж чадахгүй.
Яриагаа санал хураалтын хугацаа дууссан тэр мөч рүү шилжүүлье. 22.00 цагт хэсгийн хороод хаалгаа барихад саналаа өгч чадаагүй зуу зуун сонгогч үлдсэн л дээ. Зарим нь 21.00 цагт ирсэн ч саналаа өгч чадсангүй гэж гомдоллож байсан. Харин энэ үеэр МАХН сонгогчдын ирцийг доогуур болгохын тулд өөрсдийн хүмүүсээрээ дамжуулан хэсгийн хороодын ажлыг удаашруулсан гэсэн. Үүнийг Та юу гэж хэлэх вэ? Шуурхай ажиллаж чадсан уу?
Ер нь хэсэг, салбар, нутаг дэвсгэрийн хорооноос ямар нэгэн гомдол ирээгүй. Сонгогчдоос ч тэр, өрсөлдсөн хоёр намаас ч тэр. Манай гишүүдийн авсан мэдээллээр сумо дууссанаас хойш саналаа өгөх гэсэн сонгогчдын тоо эрс нэмэгдэж байсан. Түүнээс бол өөр мэдээлэл ирүүлээгүй.
Хуулиараа бол санал хураалт дууссанаас хойш Сонгуулийн Ерөнхий Хороо 30 хоногийн дотор сонгуулийн дүнг УИХ-д мэдүүлэх ёстой. Арай энэ хоногийг гүйцээхгүй байх л даа. Хэзээ мэдүүлэх вэ?
Бид хугацааг хүлээхгүй. Зургаан сарын ихээр сонгуулийн дүнг өргөн барина.
Ирэх долоо хоногт?
Тийм. Энэ хагас, бүтэн сайнд ажиллаад ирэх 7 хоногт гэсэн үг. Гэхдээ бид хурдан өргөн барих гээд хагас дутуу боловсруулсан дүн танилцуулж болохгүй. Нэг зүйлийг хэлэхэд бид хоол идэх ч завгүй, 24 цагийн жижүүр гаргаад ажиллаж байна.
Санал хураалт дууссаны дараа хэвлэл мэдээллийнхэн, намууд урьдчилан мэдээг өгч байсан. Харин СЕХ таг. Тэднээс авсан мэдээг сүүлд хийсэн танай мэдээтэй тулгахад ерөнхий ханатай таарч байсан. Энэ нь Та бүхний ажлын уялдаа холбоо муу байсантай холбоотой юу? Эсвэл хэсгийн хорооны гишүүдийн сонирхлын зөрчил, холбоо, хэрэгсэл муу байсантай холбоотой юу?
Намууд бол өөрсдийн ажиглагчаасаа шууд мэдээлэл авч байсан. Харин бид нутаг дэвсгэрийн сонгуулийн хорооноос, тэд салбар, хэсгийн хорооноосоо авч байсан учраас цаг хугацааны хувьд удаан байсан л даа. Тиймээс тийм хар байсан байх. Бүрэн гүйцэд мэдээллээ аваад, бодит мэдээлэл хүргэхийг л зорьсон. Намуудын мэдээллийн хувьд СЕХ-ны урьдчилсан мэдээтэй таарч байгаа. Дахин хэлэхэд хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг ямар нэгэн бульхай, луйвар хийж таны саналыг үнэгүйдүүлэх боломжгүй. Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, нарийн бичгүүд өрсөлдсөн хоёр намын хүмүүс. Тэд өөрсдөө байлцаад сонгуулийн дүнгээ хүлээлгэн өгч байгаа учраас ямар нэгэн “но” орох боломжгүй.
“Ардын эрх” сонин. 2009.5.28 №105. Л.Нарантөгс