Хэсгийн хороодод ажиллах намуудын төлөөлөл тэнцүү байна
Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс тодрууллаа.
Сонгуулийн нутаг дэвсгэрийн хэсгийн хороод байгуулах ажлын явц ямар шатанд байна вэ?
Өнөөдрийн байдлаар сонгуулийн нутаг дэвсгэрийн хороод байгуулагдаж дууслаа. Мөн сонгуулийн хороодод ажиллах хүмүүсийн тоо ч тодорхой болсон. Нутаг дэвсгэрийн 22 хороонд 214, салбар 338 хороонд 2025 хүн, хэсгийн 1691 хороонд 16126 хүн тус тус ажиллана. Сонгуулийн хороодод 18365 хүн бий. Хэсгийн болон салбар нутаг дэвсгэрийн нийт 2000 гаруй хороо байгуулагдлаа.
Сонгогчдын нэрийн жагсаалт хэдийд бэлэн болох вэ? Сонгуулийн хороод ямар бэлтгэлтэй байна вэ?
Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нар тухайн нутагт дэвсгэрийн харъяанд оршин суугаа сонгогчдынхоо хаягийн бүртгэл, нэрийн жагсаалтыг хэсгийн хороондоо гаргаж өгөх ёстой. Хэсгийн хорооны дарга нар сонгууль болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө сонгогчдынхоо нэрийн жагсаалтыг гаргаж гарын үсэг зурж баталгаажуулах үүрэгтэй. Ирэх долоо хоногийн Баасан гараг гэхэд энэ бүхэн бэлэн болох юм. Санал хураахаас 15-аас доошгүй хоногийн өмнө сонгогчид нэрийн жагсаалттай танилцах боломжтой. Эдгээр ажил хэсгийн хороодод эд хийгдэж байна.
Сонгуулийн зардлын хувьд УИХ-аас баталж өгсөн төсөвт багтаахад хэсгийн хороонд ажиллах хүний урамшуулал тодорхой хувиар хасагдах уу?
УИХ-аас 4 тэрбум төгрөг баталж өгсөн. Энэ зардалд багтааж сонгуулийг зохион байгуулна. Бид нэлээд хэмнэлттэй хандаж, тооцоо судалгаатай төсвийг орон нутагт хүргүүлж байна. Сонгуулийн Ерөнхий Хороо саналын хуудас, сонгогчийн үнэмлэх, хуулийн болон заавар, журмын эмхэтгэл зэргийг хэвлүүж байгаа. Үүний зэрэгцээ орон нутагт нь зардлыг нь өгөөд хэвлүүлэх заавар маягтууд ч бий. Ингэснээр тээврийн зардлыг хэмнэх бололцоотой. Өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулийн үед хэсэг, хороодод ажилласан ажилтнуудад 108000 төгрөгийн урамшуулал өгсөн. Харин энэ удаа хэсгийн хорооны ажилтнуудад 70 гаруй мянган төгрөгийн урамшуулал ногдоно.
Саналын хуудсыг хэдий хэмжээний нөөцтэй хэвлэх вэ?
Хэвлэх зардлын хувьд ч ялгаагүй хэмнэлт гаргана. Сонгогчийн үнэмлэхийг арван хувийн нөөцтэй хэвлэдэг байсан. Одоо таван хувийн нөөцтэй хэвлэхээр төлөвлөсөн. Саналын хуудас нөөцлөхөд дахин ашиглагдахгүй үлддэг.
Хэсгийн хороодод намуудын төлөөллийг ямар байдлаар хуваарилж байна вэ?
Нутаг дэвсгэрийн хороодыг байгуулахад хэд хэдэн хориглосон заалт бий. Хэсгийн хорооны бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтан орох, нэр дэвшигчийн намуудын төлөөлөл давамгайлах, хороодын дарга, нарийн бичгийн дарга нар нэг намынх байхыг тус тус хориглодог. Сонгуулийн Ерөнхий Хороо энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүллээ. Хэсэг, салбар хороодод аль нэгэн намын төлөөлөл давамгайлаагүй ижил тэнцүү байдлаар хуваарлагдсан.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгаа ид өрнөж байна. Аль нэгэн нам сонгуулийн штабаас санал гомдол ирсэн үү?
Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэд Хэвлэл мэдээллийн зөвлөлийг өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт байгуулсан. Хэвлэл мэдээллийн зөвлөл сурталчилгааны тэнцвэрт байдалд хяналт тавих ёстой. Бүрэлдэхүүнд нь хэвлэл мэдээлийн байгууллагаас, иргэний нийгмийн болон нэр дэвшүүлсэн намуудаас төлөөлөл орж ажиллана. Тухайлбал, МАХН, АН-аас тус бүр нэг, иргэний хөдөлгөөнүүдээс хоёр нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Нэр дэвшигчид болон иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хэлэлцээд Зөвлөлийн хурлаасаа санал зөвлөмж гаргах үүрэгтэй. Өнгөрсөн оны 3 дугаар сард Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ажиллах журмыг баталсан.
Нэр дэвшигчдийн сурталчилгааны цагийн хуваарийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад ямархуу байдлаар хуваарилж байгаа вэ?
Сонгуулийн Ерөнхий Хороо Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулахаас өмнө орон даяар нэвтрүүлэг цацдаг 6 телевиз, 1 радиогийн хуваарийг баталж өгсөн. Хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн телевиз, радиогоор явуулах төлбөртэй, төлбөргүй сурталчилгааны хуваарийг Сонгуулийн Ерөнхий Хороо боловсруулдаг. Нэр дэвшүүлсэн хоёр намын холбогдох хүмүүсийг байлцуулан сурталчилгааны хуваарийг ижил тэнцүү байдлаар баталж өгсөн.
“Үнэн” сонин. 2009.04.21, №076. Б.Дорж