1700 гаруй хэсгийн хороо ажиллана
СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын явцыг тодрууллаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Зохион байгуулахад шаардлагатай дүрэм, журам, заавраа боловсруулж байгаа. Хэсгийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх, саналын хуудсыг ямар загвараар хэвлүүлэх, сонгогчийн саналыг урьдчилсан байдлаар болон зөөврийн хайрцгаар хэрхэн авах, нэр дэвшигчдийг бүртгэх, сонгогчийн үнэмлэх олгох, түүнд тэмдэглэл хийх, саналыг хэрхэн тоолох, дүнг гаргах тухай гээд олон журам, заавар бий. Мөн хэд хэдэн маягт боловсруулж байна. Өнөөдөр /өчигдөр/ үдээс хойш Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж эдгээр төслөө хэлэцэнэ. Бид 7 хоног бүр хуралдаж байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Улс нэг тойрог болно. Хэсгийн хэчнээн хороо байгуулах вэ?
1700 гаруй хэсгийн хороо байгуулах урьдчилсан тооцоо байна. Үүнд 20000 гаруй хүн ажиллана.
Уг сонгуульд санал өгөх сонгогчдын тоо тодорхой болсон уу?
Сонгогчдын тоог үнэн зөв гаргахын тулд ИБМУТ, ҮСХ, СЕХ хамтран Ажлын хэсэг байгуулсан. ИБМУТ-ийн 1 дүгээр сарын 1-ний дүнгээр 1570000 сонгогч байна. Гэхдээ санал хураалт болох 5 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө 18 нас хүрэх хүмүүсийг үүн дээр нэмнэ. 1.6 сая сонгуулийн насны иргэн байна гэсэн урьдчилсан тооцоо хийсэн.
Намуудын удирдах дээд байгууллагууд уг сонгуульд хэнийг сойхоо шийдэж байгаа. Нэр дэвшигчийг бүртгэх эцсийн хугацаа хэзээ вэ?
4 дүгээр сарын 4-нийг дуустал бүртгэнэ. Хуулиар сонгууль зарласнаас 5 хоногийн дараа нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэлнэ. Үүнээс хойш 13 хоногийн дотор Сонгуулийн Ерөнхий Хороо тэднийг бүртгэж, үнэмлэх олгоно. Үнэмлэхээ авснаар тухайн нэр дэвшигч сурталчилгаагаа хийх эрхтэй болж байгаа юм. 4 дүгээр сарын 8-наас хойш сурталчилгаа хийнэ гэсэн үг.
Хэрэв тухайн нам нэр дэвшигчийнхээ нэрийг татах бол яах вэ?
Нэр дэвшигч нас барсан, нам нь хүнийхээ нэрийг татсан тохиолдолд санал хураахаас 18 хоногийн өмнө дараагийн хүний нэрийг СЕХ-нд бүртгүүлнэ.
Ерөнхийлөгчийн сонгуульд цөөн хүн нэр дэвшдэг учир санал тоолох үйл ажиллагаа УИХ-ынхаас арай хялбар байх болов уу?
Адилхан л хэсгийн хороод байгуулаад ажиллана. Гэвч нэр дэвшигчийн тоо цөөн учир санал тоолоход бэрхшээл харьцангуй бага гаргах байх.
“Өнөөдөр” сонин. 2009.03.10, №053. С.Уул