СЕХ дээд шүүхийн шийдвэрийг хүлээнэ

УИХ-ын 76 дахь гишүүний нэрийг шүүхийн шийдвэр гартал Ерөнхийлөгчид айлтгахгүй хэмээн СЕХ мэдэгдэж байсан. Гэтэл Баянгол дүүргийн шүүхээс С.Эрдэнэ нарт холбогдох хэргийг эцэслэсэн ч СЕХ өнгөрсөн 7 хоногт энэ асуудлыг хэлэлцэхээс татгалзсан. Шүүх гаргасан шийдвэрээ албан ёсоор СЕХ-нд ирүүлээгүй болохоор ийнхүү хойшлуулсан хэрэг. Харин уржигдар Баянгол дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрээ албан ёсоор СЕХ-нд хүргүүлжээ. Энэ талаар СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс тодруулав.

 

Баянгол дүүргийн шүүх албан ёсоор шийдвэрээ ирүүлжээ. СЕХ хэзээ хуралдаж 25 дугаар тойргийн асуудлыг эцэслэх вэ?

 

25 дугаар тойргоос сонгогдсон эхний гурван хүний нэрийг УИХ-д өргөн барихдаа өгсөн СЕХ-ны тогтоолын хоёр дахь заалтад “Маргаантай байгаа нэг мандатын асуудлыг хуулийн байгууллага эцэслэн шийдсэн хойно СЕХ авч хэлэлцэнэ” гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, шүүхийн эцсийн шийдвэрийг Дээд шүүх гаргадаг. Дээд шүүхээс шийдвэр гартал СЕХ  хүлээнэ.

 

Дээд шүүх С.Эрдэнэ нарт оноосон ялыг хэвээр үлдээвэл хуулийн ямар зохицуулалт байгаа вэ? Авсан саналаар нь С.Эрдэнийн дараагийн хүний нэрийг өргөн барих уу?

 

Дараагийн хүнийг УИХ-д оруулах тухай хуулийн заалт байхгүй. СЕХ ярьж байж шийднэ.

 

СЕХ өнгөрсөн 7 хоногт хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг нэмүүлэх үндэслэлээ гаргасан гэсэн. Хэдэн төгрөг шаардлагтай байгаа вэ?

           

УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг 4 тэрбум төгрөгт багтаан зохион байгуулах үүрэг өгсөн. СЕХ энэ талаар тооцоо хийхэд хүрэлцэхгүй байна. Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн үеэр ажилласан хүмүүст урамшуулал олгох, албан үүргээ гүйцэтгэж яваад гэмтэж бэртэх, амь насаа алдсан бол нэг удаагийн мөнгөн тусламж үзүүлнэ гэж оруулсан. Үүнийг тооцоход 4.5 тэрбум төгрөг шаардагдах юм билээ. Гэхдээ бид үүнийг багасгаад 4.2 тэрбум төгрөгт сонгууль зохион байгуулах боломжтой гэж үзсэн. Сонгуулийн зардлын ихэнх нь саналын хуудас, сонгогчийн үнэмлэх хэвлэх, ажиллаж буй хүмүүст хоол, унааны мөнгө олгох зэрэгт гардаг. Үүнээс илүү багасгах боломжгүй. Хэрэв бүр хүрэлцэхгүй бол УИХ-д дахин хүсэлт тавина.

                                    “Үндэсний шуудан” сонин. 2009.02.05, № 028. Ч.Гангэрэл