25 дугаар тойрог шүүхийн эцсийн шатны шийдвэрийг хүлээнэ
Сонгуулийн шинэтгэлийн талаар хийсэн зөвлөгөөний дараа СЕХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнтэй уулзаж, 25 дугаар тойргийн асуудал болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярилцлаа.
25 дугаар тойргийн асуудлыг СЕХ өмнөх хуралдаанаараа шүүхийн албан ёсны бичиг ирэх хүртэл хойшлуулсан. Шүүхээс танайд бичиг ирсэн гэж сонссон. Одоо СЕХ хуралдах уу?
УИХ-д өргөн барьсан тогтоол дээр “Маргаантай байгаа нэг мандатын асуудлыг хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэсний дараа СЕХ дахин авч хэлэлцэнэ” гэдэг заалт байгаа.
Тэгэхээр дараа дараачийн шүүхийн шийдвэрийг хүлээх юм уу?
Дээд шүүхээс эцсийн шийдвэр гарна. Тогтоолд өөрчлөлт ороогүй болохоор тэр хүртэл энэ талаар хэлэлцэхгүй.
Дээд шүүх С.Эрдэнийн ялыг хэвээр нь үлдээвэл дөрөв дэх мандатын хувьд хуулийн ямар зохицуулалт байх вэ? Дараагийн хүнийг оруулах боломжтой болох уу?
Дараагийн хүнийг оруулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Энэ асуудлыг СЕХ дээр яриагүй байна. Тогтоолд заасны дагуу л ажиллана.
Тогтоолыг хүчингүй болгох боломж байна уу?
Үүнийг СЕХ-ны хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Одоогоор хурал товлоогүй.
Дахин сонгууль явуулах боломж байна уу?
СЕХ-ны хуралдаанаар шийднэ.
Сая Азийн сангаас сонгуулийн шинэтгэлийн талаар судалгаа хийж, зөвлөмжүүд өгч байна. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө зөвлөмжөөс тусгаж авах боломж бий юу?
Энд өгч буй зөвлөмжүүдэд хэрэгжүүлэх боломжтой болон эргэж харахаас өөр аргагүй зүйл байна. Тухайлбал, сонгуулийн тухай хууль тогтоомжуудыг бид боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орчихсон болохоор дараа дараачийн сонгуулиудыг ямар системээр явуулж, хуульд яаж өөрчлөлт оруулах талаар ярьж байгаа. Харин сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зөвлөмжүүд нь зүйтэй юм. Судалгаанаас харахад манай сонгогчдын нэлээд хэсэг нь Ерөнхийлөгчийн сонгууль хэзээ болох, Ерөнхийлөгч юу хийдэг талаар мэдэхгүй байна. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зорилгоор СЕХ өнгөрсөн оны УИХ-ын сонгуулиар гарын авлага хийж тараасан. Гэвч тэдгээр гарын авлага нь нэг суманд 2-3 ширхэг очиж байсан учраас хүрэлцээгүй. Цаашдаа үүнийг өргөжүүлж, айл өрх бүрт нэг гарын авлага очдог болгох хэрэгтэй юм. Нөгөө талаас, сонгуулийн хэсгийн хороодод ажиллаж буй гишүүдийн боловсролыг дээшлүүлэхгүй бол болохгүй гэдэг нь өнгөрсөн сонгуулийн явцаас харагдлаа. 25 дугаар тойрог гэхэд тойргийн хорооны тогтоолоо хэд хэдэн удаа гаргасан шүү дээ. Нийт нэр дэвшигчийнхээ авсан саналын тоо, хувийг бичдэг байхад зөвхөн эхний дөрвийнх нь нэрийг бичиж, бусдыг нь орхигдуулсан удаатай. Тэгэхээр ийм зөрчил гаргуулахгүйн тулд тэдний мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй байна.
Нэрийн жагсаалт, хаягийн бүртгэлийг боловсронгүй болгох чиглэлээр юу хийх шаардлагатай вэ?
Гадаад орнуудад сонгогчдын нэрийн жагсаалтыг нэг сараас доошгүй хугацааны өмнө олон нийтэд мэдээлдэг юм байна. Манайд 15 хоногийн өмнө танилцуулдаг. Ер нь бусад орнуудтай харьцуулж үзвэл бидний ажил маш шахуу явагддаг юм байна. Уг нь нийтэд эртхэн мэдээлснээр сонгуулийг будлиагүй явуулах, элдэв зөрчил гарахаас нь сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа.
Зөвлөмжөөс авч болмооргүй зүйл байна уу?
Сонгуулийн үеэр сонгуулийн хуультай холбоотой маргаан зөрчлүүдийг мөрдөн шалгах хуульчдын баг ажиллуулах санал байсан. Үүнийг сайн ярилцаж байж шийдвэрлэхүй бол хэлмэгдүүлэлт шиг зүйл болж магадгүй гэдэг болгоомжлол байна. Эрүүгийн хуулийн хүндрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг сонгуульд оролцуулах нь зүйтэй эсэхийг хэлэлцэх нь чухал.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд саяхан өөрчлөлт орсон. Та бүхэн ч бэлтгэл ажилдаа орсон байх. Энэ хуультай холбоотой хүндрэл бэрхшээл бий юу?
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өнөөгийн цаг үетэй зохицсон нэлээд өөрчлөлт орсон. Энд нэг их бэрхшээл байхгүй. Ганцхан санхүүгийн хувьд бэрхшээл үүсч магадгүй. Тухайлбал, хуульд орсон нэмэлт өөрчлөлтөд урамшуулал, болзошгүй үед буцалтгүй тусламж олгох талаар заасан ч баталсан төсөвт тусаагүй.
УИХ-аас 4 тэрбумыг баталж өгсөн. Бодит байдал дээр хэд хэрэгтэй байгаа юм бэ?
Бодит тооцоогоор 4.5 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. Үүнийг нь бид багасгаад 4 тэрбум 250 сая төгрөгт багтаахаар тооцоо гарсан. Санал авах хуудасны маягт, сонгогчийн үнэмлэх хэвлүүлэх зэрэг зардлыг 10 төгрөгөөр бууруулахад ийм хэмнэлт гарах тооцоо бий. Хэвлэх үйлдвэрүүд 10 төгрөг бууруулж хэвлэж өгөх эсэх нь тодорхойгүй. Ямартаа ч бид ийм зорилт тавьсан. Мөн тойрог, хэсгийн хороодын унаа, хоолны зардал их гардаг. Тиймээс үүнийг нь бид аль болох багасгаж гаргаад мөнгөө хүргэх зорилт тавьж байна. Хүрэхгүй бол дахиад УИХ-д хүсэлт тавих байх.
“Өглөөний сонин”. 2009.02.05, № 024. М.Уранчимэг