Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сонгууль 2019 оны 4-р сарын 11-нээс 5-р сарын 19

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентийн доод танхим болон зарим мужийн хууль тогтоох байгууллагын гишүүдийг сонгох Ерөнхий сонгууль 2019  оны 4-р сарын 11-нээс эхлэн 5-р сарын 19-нийг дуусталх өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдаж байна.       

 

Парламентийн сонгуулиар доод танхим буюу “Лок Сабха”-ын 545 гишүүний 543-ыг нэг мандат бүхий тойргоос харьцангуй олонхийн (FPTP) аргаар сонгож, хоёр гишүүнийг Ерөнхийлөгч нь Англи-Энэтхэг мужийн сонгуулийн бүсээс нэр дэвшүүлнэ.

 

Тус улсын нутаг дэвсгэр 15 мужид хуваагдах ба  сонгуулийн 543 тойрогт сонгогчдын санал хураалтын үйл ажиллагааг 7 бүсчлэлтэй зохион байгуулж байна. Хамгийн эхний санал хураалт 4-р сарын 11-нд болж, Лок Сабхагийн 91 төлөөлөгчийг сонгоход 142 сая хүн саналаа өгч, сонгогчийн ирц 69.45 хувьтай байв. Харин 4-р сарын 18-ны өдрийн санал хураалтаар 159.9 сая сонгогч оролцож, 95 төлөөлөгчдийн төлөө саналаа өгч, сонгогчдын ирц 69.43 хувьтай байжээ. 4-р сарын 23-ны өдөр санал хураалт явагдах бүс нутгийн сонгогчид 116 төлөөлөгчийг сонгоно. Санал хураалтын хамгийн сүүлийнх 5-р сарын 19-ний өдөр явагдах юм.

 

Сонгуульд 18 насанд хүрсэн, тухайн санал өгөх газраа байнга оршин суугаа, Энэтхэгийн Сонгуулийн комиссоос олгосон, хүчин төгөлдөр сонгогчийн үнэмлэхтэй иргэн саналаа өгөх эрхтэй. Харин сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, эсвэл сонгуультай холбоотой бусад зөрчил гаргасан сонгогчид санал өгөхийг хориглосон.

 

Сонгуульд 18-19 насны нийт 15 сая иргэн анх удаа саналаа өгч байгаагаас гадна гуравдагч хүйсийн иргэд анх удаа сонгуульд саналаа өгөх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн 2015 оны Энэтхэг-Бангладешийн хилийн хэлэлцээрийн дагуу хоёр тал өөрсдийн газар нутгийг солилцсоноор, тэдгээр нутгуудад амьдарч буй иргэд анх удаа Энэтхэгийн Ерөнхий сонгуульд оролцож саналаа өгч байна.

 

Ерөнхий сонгуулийн санал хураалтад оролцох нийт сонгогчдын тоо 2014 оны Ерөнхий сонгуулиас хойш 84.3 саяар нэмэгдэж энэ удаагийн сонгуульд 900 сая сонгогч болсноор дэлхийн хамгийн том, ардчилсан сонгуулийг Энэтхэг улс зохион байгуулж байгаа юм. Сонгогчдыг хүйсийн байдлаар нь авч үзвэл нийт сонгогчдын 468 сая нь эрэгтэй, 432 сая нь эмэгтэй, 38,325 нь гуравдагч хүйсийн төлөөлөл байна. Гадаад улсад явагдах санал хураалтад оролцож саналаа өгөхөөр нийт 71,735 Энэтхэг иргэд сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгүүлжээ.

 

Энэ удаагийн сонгуульд улс төрийн 50 гаруй нам оролцож байна. Тус улсын гол хоёр нам болох Ерөнхий сайд Нарендра Модигийн тэргүүлдэг барууны Бхаратия Жаната (BJP) нам, зүүний Энэтхэгийн Үндэсний Конгресс (INC) нам болон бүсийн бусад намууд эвсэл байгуулан оролцож, Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэхээр өрсөлдөж байгаа юм.

 

1984 оноос хойш Энэтхэг улсад зохион байгуулагдаж байгаа сонгуулиудад улс төрийн аль ч нам олонхи болж байгаагүй тул эвсэл байгуулах нь элбэг байдаг. Харин энэ удаагийн сонгуульд үндэсний 4 эвсэл өрсөлдөж байгаа ч Энэтхэгийн улс төрийн онцлог байдлаас шалтгаалан тэдгээр эвслүүд сонгуулийн дараа задран унах магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.

 

Сонгуулийн комиссын дарга Сунил Арорагийн хэлснээр, “…сонгуулийн үйл ажиллагаанд 5 сая гаруй төрийн албан хаагч, хамгаалалтын албаныхан оролцож байгаа бөгөөд тэд сонгогчдын байгаа бүхий л газарт уул хад, ой модон дахь тосгонуудад явганаар, завиар, нисдэг тэргээр хүрч ажиллаж байна. Сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааг товлохын тулд хүүхдийн сургуулийн амралт, ургац хураалтын хугацаа гээд олон асуудлыг харгалзах шаардлагатай байсан” гэжээ. Мөн тэрээр хэлэхдээ, “Facebook, Twitter, Google, Youtube зэрэг нийгмийн цахим сүлжээнд сонгуулийн сурталчилгааны үеэр худал мэдээ, үзэн ядах гэмт хэрэгтэй холбоотой нийтлэгдэж буй мэдээ мэдээлэл, нийтлэлийг хянах асуудлыг хариуцсан хүмүүс ажиллаж байгаа бөгөөд улс төрийн намууд тэдгээр нийгмийн цахим сүлжээгээр дамжуулан хийх өөрсдийн сурталчилгааны материалыг ажиглагчдын зөвлөлөөр оруулж, гэрчилгээ авсны үндсэн дээр нийтэлж байгаа юм байна.Сонгуулийн комиссоос сонгуулийн сурталчилгааны зурагт хуудсандаа цэрэг, зэвсэгтэй холбоотой зураг, дүрс ашиглахгүй байхыг улс төрийн намуудаас хүсчээ.

 

Таван долоо хоногийн турш явагдахсонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа 5-р сарын 19-нд дуусч, санал тоолох үйл явц 2019 оны 5-р сарын 23-ны өдрөөс эхлэн явагдах бөгөөд сонгуулийн үр дүнг тухайн өдрөөс эхлэн танилцуулах юм байна.