ТАЙЛАНДЫН ВАНТ УЛС ПАРЛАМЕНТИЙН СОНГУУЛЬ
Тайландын Вант Улсад 2019 оны 3-р сарын 24-ний өдөр Төлөөлөгчдийн танхимын 500 гишүүнийг сонгох бүх нийтийн сонгууль болж өнгөрлөө. Сонгуульд нийт улс төрийн 77 нам оролцсон бөгөөд үүнд эрх баригч гол хоёр нам ч багтжээ.
Тус улсад 2017 онд шинэ Үндсэн хуулийг баталж, Улсын Ерөнхий сайдыг зөвхөн Төлөөлөгчдийн танхимын гишүүдээс сонгодог байсныг өөрчилж Сенат болон Төлөөлөгчдийн танхимын нийт гишүүдээс сонгох болжээ. Мөн сонгуулийн тогтолцоог өөрчилсөнөөс гадна өмнө нь 400 байсан сонгуулийн тойргийг 350 болгон багасгажээ.
Энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан бөгөөд сонгогч бүр тойрогт нэр дэвшигчдийн төлөө болон намын нэрийн жагсаалт дахь нэр дэвшигчдийн төлөө нэгдсэн нэг санал өгсөн байна.
Саналаа өгөхөөр нийт 51,239,638 сонгогч бүртгүүлсэн ба сонгуулийн ирц 74,59%-тай байв. Харин гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 2019 оны 1-р сарын 28-наас 2-р сарын 19-ний өдрүүдэд авч, урьдчилсан санал хураалтыг 2019 оны 3 сарын 24-ний өглөө 08.00- 17.00 цагийн хооронд явуулжээ.
Сонгуулийн хороо нь санал авах өдрийн 20.00 цагт хэвлэлийн бага хурал хийж нийт саналын 95%-ийг тоолсоны дараах байдлаар сонгуулийн албан бус дүнг мэдээлэх ёстой байсан ч 21.30 цаг хүртэл хойшлуулж мэдээлэл хийжээ.
Сонгуулийн комиссын даргын хийсэн мэдээллээр сонгуулийн ирц 66%-тай байсан тухай хэлээд гадаад улс дахь сонгогчдын санал хураалтын ажиллагаа болон урьдчилсан санал хураалтын талаарх мэдээллийг өгчээ. Харин сонгогчийн саналыг тоолоход гарч байгаа хүндрэлтэй байдлаас үүдэн сонгуулийн албан ёсны дүнг 2019 оны 5-р сарын 9-ний өдөр зарлахаар болжээ. Одоогийн байдлаар, Palang Pracharath нам 119 суудал, Pheu Thai нам 135 суудалтай болж хамгийн парламентад олон суудалтай нам болж, үлдсэн суудлын ихэнхийг Future Forward , Democratic and Bhumjaithai намууд тус тус авч байгаа ажээ.