ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэгтэй хамтран дээр дурдсан хуулиудын төслийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын дэд дарга нар, байнгын хороодын дарга нар, УИХ дахь намын бүлгийн ахлагчид Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна сонгуулийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагууд болох Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Улсын дээд шүүх, Хууль зүйн яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн, харъяатын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөллүүд оролцов. Түүнчлэн Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 24 намын дарга нар, тэдгээрийн төлөөллүүд, сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, мониторинг хийж ажиллахад идэвхтэй оролцон ажилладаг Сонгогчдын боловсрол төв ТББ, Нээлттэй нийгэм форум ТББ, Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн болох Бодлогод залуусын хяналт ТББ, Глоб интернэшнл ТББ, Мидас ТББ-аас төлөөлөгчид хүрэлцэн ирж хэлэлцүүлэгт оролцлоо.
Хэлэлцүүлэгт оруулж буй төслүүдийг боловсруулахдаа одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримтлан гурван шатны сонгуулийн харилцааны онцлогийг тус бүрийнх нь хуулийн төсөлд тусгасан юм.
Ажлын хэсгээс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хуулиудын төсөлд санал авахаар улс төрийн 28 нам, 16 төрийн байгууллага, 9 төрийн бус байгууллагад урьдчилсан хүргүүлсэн бөгөөд улс төрийн 8 нам, төрийн 8 байгууллага, төрийн бус 2 байгууллагаас хуулийн төслүүдэд саналаа бичгээр ирүүлжээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намын төлөөлөгчид дээр дурдсан 3 хуулийн төслийн төлөөр өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж, олон талаас нь хэлэлцэн тодорхой саналууд дэвшүүлж байлаа.
Уг хэлэлцүүлгийн явцад гарсан болон хэлэлцүүлгээс өмнө бичгээр ирүүлсэн саналуудыг Ажлын хэсэг нэг бүрчлэн авч үзэж эхний байдлаар боловсруулсан хуулиудын үзэл баримтлал, төслүүдэд тусгах боломжтой саналуудыг тусган улам боловсронгуй болгон сайжруулах болно гэдгээ Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ дурдаж байлаа. Мөн тэрээр уг хуулиудын төслийн хэлэлцүүлгийг үүгээр хязгаарлахгүй, дахин сайжруулан боловсруулж төслүүд дээрээ дахин санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэх замаар ажиллана гэдгээ илэрхийлэв.