ОХУ-ын нутаг дэвсгэрийн зарим нэгжид 9 дүгээр сарын 23-ны өдөр явагдсан дахин болон нэмэлт санал хураалтын талаарх мэдээлэл

2018 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ОХУ-ын нутаг дэвсгэрийн 4 нэгжид сонгууль явагдаж, 2 нэгжийн гүйцэтгэх засаглалын тэргүүн, 2 хотын захирагч, нутгийн удирдлагын байгууллагын 1 төлөөлөгчийг сонгов.

 

Бүгд Найрамдах Дагестан Улс

 

Дагестан Улсын 2 дүүргийн тэргүүнийг сонгох сонгуулийн дахин санал хураалт явагдаж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй сонгогчдын 59,36 хувь нь санал хураалтад оролцжээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр 2 дүүргийн тэргүүнээр бие даан нэрээ дэвшүүлэгчид сонгогдсон байна. 

 

 Хабаровскийн хязгаар нутаг

 

Хабаровскийн хязгаар нутгийн захирагчийн сонгуулийн дахин санал хураалт явагдаж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй сонгогчдын 47,49 хувь нь санал хураалтад оролцлоо. Сонгуулийн төв комиссоос санал хураалтыг хүчинтэй тооцсон шийдвэр гаргажээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр “Оросын Либерал-Ардчилсан Нам”-ын Хабаровскийн бүсийн салбараас нэр дэвшигч Сергей Иванович Фургал саналаа өгсөн сонгогчдын олонхийн буюу 69,57 хувийн санал авснаар тус хязгаар нутгийн захирагчаар сонгогдсонд тооцогдов.


Владимирск муж

 

Владимирск мужий захирагчийн сонгуулийн дахин санал хураалт явагдаж, сонгуулийн санал хураалтыг хүчинтэйд тооцсон байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй сонгогчдын 38,29 хувь нь санал хураалтад оролцжээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр “Оросын Либерал-Ардчилсан Нам”-ын Владимирск бүсийн салбараас нэр дэвшигч Владимир Владимирович Сипягин саналаа өгсөн сонгогчдын олонхийн буюу 57,03 хувийн санал авснаар мужийн захирагчаар сонгогдсонд тооцогдов.

 


 

Томск муж

 

Томск мужийн Каргасокск дүүргийн Новоюгиний Төлөөлөгчдийн Зөвлөлийн 4 дэх удаагийн сонгуулийн нэмэлт санал хураалт явагдаж, сонгуулийн санал хураалтыг хүчинтэйд тооцсон байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 26,64 хувь нэмэлт санал хураалтад оролцов. Сонгуулийн олон мандаттай тойргоос 2 төлөөлөгчийг сонгох сонгуулийн урьдчилсан дүнгээр “НЭГДМЭЛ ОРОС” бүх Оросын Намын Каргасокск дүүргийн салбараас нэр дэвшигч Фадеева И.В., бие даан нэрээ дэвшүүлэгч Алексеенко Л.Р. нар олонхийн саналыг авч сонгогдов.