Орон нутгийн нөхөн болон дахин сонгуулийн дүн гарлаа
2018 оны 6 дугаар сарын 24-нд Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгууль боллоо.Баян-өлгий, Булган, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 30 сумын 44 хэсэгт аймгийн ИТХ-ын 2 мандат, сумын ИТХ-ын 50 мандатын төлөө нөхөн болон дахин сонгууль болж 90 нэр дэвшигч өрсөлдсөн байна.
8 аймгийн 12 сумын 17 хэсэгт ирц хүрээгүйн улмаас аймгийн ИТХ-ын 1 мандат, сумын ИТХ-ын 21 мандатын төлөөх нөхөн болон дахин сонгуулийн нэмэлт санал хураалт 2018-ны оны 6 дугаар сарын 30-ны өдөр явагдав.
Нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын 2 мандатын төлөө МАН-аас 2 нэр дэвшигч, АН-аас 2 нэр дэвшигч буюу нийт 4 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас нэр дэвшигчид олонхийн санал авч аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.
Харин сумын ИТХ-ын 30 мандатын төлөө МАН-аас 27, АН-аас 19, АН-МАХН-ын "ТӨВ НУТАГ" эвслээс - 3, МАХН – аас 3, бие даан нэрээ дэвшүүлэгч - 4 буюу нийт 56 хүн нэр дэвшсэнээс МАН-аас нэр дэвшсэн 21 нэр дэвшигч, АН-аас нэр дэвшсэн 9-н нэр дэвшигч тус тус олонхийн санал авч сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.