2018 оны 1-3 дугаар сард явагдсан сонгуулиуд
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛС | I шат – 1 дүгээр сарын 12-13-ны өдөр
II шат – 1 дүгээр сарын 26-27-ны өдөр | Чех Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2 шаттай явагддаг бөгөөд энэ удаагийн сонгуулийн дүнгээр Чех Улсын Ерөнхийлөгчөөр Милош Земан хоёр дахь удаагаа сонгогджээ. Милош Земан нь 2013 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө тус улсын Ерөнхий сайдын албыг хашиж байжээ. 2012 оноос өмнө Чех Улсын Ерөнхийлөгчийг Парламент нь сонгодог байсан юм. |
БҮГД НАЙРАМДАХ КИПР УЛС | 1 дүгээр сарын 28-ны өдөр | Бүгд Найрамдах Кипр Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болов. Ерөнхийлөгч нь 5 жилийн хугацаатай сонгогдох бөгөөд өмнө нь ял эдэлж байгаагүй, 35 насанд хүрсэн тус улсын иргэн улс төрийн намаас болон бие даан нэр дэвших эрхтэй. Энэ удаагийн сонгуулиар Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадис ДИСИ намаас дахин нэр дэвшиж, саналаа өгсөн сонгогчдын 55,99 хувийн санал авснаар улиран сонгогдлоо. Сонгуулийн удирдлагын байгууллага болох Дотоод явдлын яамны мэдээлснээр сонгогчдын ирц 73,97% байжээ. |
БҮГД НАЙРАМДАХ ФИНЛАНД УЛС | 1 дүгээр сарын 28-ны өдөр | Финланд Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Сауле Нийнисте саналаа өгсөн сонгогчдын 62,7 хувийн саналаар улиран сонгогджээ. Парламентад суудал бүхий нам, эсхүл 20 мянгаас доошгүй сонгогчдын бүлэг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. |
БҮГД НАЙРАМДАХ КОСТА РИКА УЛС | 2 дугаар сарын 04-ний өдөр | Коста-Рика улсын Ерөнхийлөгчийг болон олон мандаттай 7 тойргоос Парламентын 57 гишүүнийг сонгох Бүх нийтийн сонгууль болж, нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 3,3 сая сонгогчдын 60,7% нь саналаа өглөө. Коста-Рика улсын Сонгуулийн дээд шүүхийн мэдээлснээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь нийт саналаа өгсөн сонгогчдын 40-өөс доошгүй хувийн санал авснаар сон-гогдсонд тооцогддог бөгөөд нэр дэвшигч-дийн хэн нь ч шаардлагатай тооны санал авч чадаагүй тул Ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгуулийг 4 дүгээр сарын 01-ний өдөр явагдахаар болов. Ерөнхийлөгчийн сонгуульд 13 нэр дэвшигч, Парламентын сонгуульд улс төрийн 25 намаас нэр дэвшигчид өрсөлдөж, Үндэсний сэргэн мандлын нам -17, Иргэний хөдөлгөөний нам – 14, Үндэсний чөлөөлөх нам-10, Нийгэм-христийн нэгдсэн нам-9, Үндэсний интеграцчлалын нам-4, Нийгэм-христийн бүгд найрамдах нам-2, Либеритариан хөдөлгөөн-1 суудал авчээ. |
МОНАКОГИЙН ГҮНТ УЛС | 2 дугаар сарын 12-ны өдөр | Гүнт улсын нэг танхим бүхий парламент болох Үндэсний Зөвлөл 24 төлөөлөгчийг сонгох сонгууль болов. Үндэсний зөвлөлийг 5 жилийн хугацаагаар сонгох бөгөөд төлөөлөгчид нь хууль баталдаггүй, харин хуулийг боловсруулан Засгийн газраар батлуулахаар хүргүүлдэг онцлогтой. 24 төлөөлөгчийн 16-г нь мажоритар тогтолцоогоор сонгож, үлдсэн 8-ыг нь 5 хувийн босго давсан намуудад хувь тэнцүүлэх аргаар суудал хуваарилна. Сонгуулийн дүнгээр, 2017 онд байгуулагдсан Primo нам 21 суудал авч, олонх болжээ. Монакогийн гүнт улсын хүн ам 37 мянга. Гүнт улсын 18 насанд хүрсэн, үндсэн иргэд сонгуулийн эрх эдлэх бөгөөд нийт хүн амын 1/5 нь буюу 7245 нь сонгуулийн эрхтэй. Нийт сонгогчдын 70,4 хувь нь сонгуульд саналаа өглөө. |
БҮГД НАЙРАМДАХ ЖИБУТИ УЛС | 2 дугаар сарын 23-ны өдөр | Жибути улсын парламентын сонгууль болж, нийт бүртгэгдсэн 194 мянга гаруй сонгогчдын 67,1 хувь нь саналаа өгчээ. Сонгуулийн дүнгээр, эрх баригч хүчин болох “Ерөнхийлөгчийн олонхийн төлөө Холбооны эвсэл” парламент дахь 65 суудлын 57-г авч, Жибутын хөгжлийн нам–Ардчилал, шударга ёсны төлөө сөрөг хүчний холбоо 7 суудал, Нэгдмэл ардчилагчдын төв 1 суудал авсан байна. Жибутийн Үндэсний ассамблейн 65 гишүүнийг 5 жилийн хугацаагаар сонгох бөгөөд нийт суудлын 80 хувийг мажоритар тогтолцоогоор, үлдсэн 20 хувийг 10 хувийн босго давсан намуудад пропорциональ тогтолцоогоор хувь тэнцүүлэн хуваарилдаг. 2013 оны сонгуулиар эмэгтэйчүүдийн квот 10 хувь байсан бол энэ удаагийн сонгуулиар 25 хувь болтол өсгөжээ. |
БҮГД НАЙРАМДАХ АРМЕН УЛС | 3 дугаар сарын 02-ны өдөр | Армен Улсад Ерөнхийлөгчийн сонгууль бол, анх удаа Ерөнхийлөгчөө сонгохдоо нийт ард түмний санал хураалтаар бус, Үндэсний Хурлаас 7 жилийн хугацаагаар сонгожээ. Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчид 40 нас хүрсэн, сүүлийн зургаан жилийн турш зөвхөн Армен улсын харъяат байсан, мөн сүүлийн 6 жил тус улсад байнга оршин суусан, армен хэлтэй, сонгуулийн эрх бүхий иргэн нэр дэвших эрхтэй бөгөөд зөвхөн нэг удаа л сонгогдоно. Ерөнхийлөгчид Үндэсний хурлын төлөөлөгчдийн 1/4-ийн дэмжлэг авснаар нэр дэвшиж, төлөөлөгчдийн 3/4-ынх нь саналыг авснаар сонгогдоно. Харин хэн нь ч ийнхүү дэмжлэг авч чадахгүй бол 2 дахь шатны санал хураалтад бүх нэр дэвшигчийг оруулж, төлөөлөгчдийн 3/5ынх нь дэмжлэг авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно. 2 шатны санал хураалтаар хэн нь ч шаардлагатай тооны санал авч чадахгүй бол 3 дахь шатны санал хураалтад хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигчиййг оруулан олонхийн санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгодог. Хэрэв эдгээр санал хураалтаар Ерөнхийлөгчийг сонож чадахгүй бол 10 хоногийн дотор Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин шинээр явуулдаг байна. Армен улсын 4 дэх Ерөнхийлөгчөөр Армен Саркисян сонгогдов. |
ИСЛАМЫН БҮГД НАЙРАМДАХ ПАКИСТАН УЛС | 3 дугаар сарын 03-ны өдөр | Пакистан Улсын Парламентын дээд танхим–Сенатын сонгууль болж, дөрвөн муж, Холбооны Засгийн газрын овог аймгийн нутаг дэвсгэр, Исламабадаас Сенатын 52 суудлын төлөө 135 нэр дэвшигч өрсөлдөв. Сенатын нийт 104 гишүүд нь 6 жилийн хугацаагаар сонгогддог, 3 жил тутам 50 хувийг нь ротациар сонгоно. Үлдсэн 52 төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2021 онд дуусна. Сенатын 104 суудалд Исламабадаас 4, Холбооны Засгийн газрын овог аймгийн нутаг дэвсгэрээс 8, дөрвөн муж тус бүрээс 23 төлөөлөгчийг сонгодог юм. |
БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛС | 3 дугаар сарын 04-ний өдөр | Итали Улсад бүх нийтийн парламентын сонгууль болж, 2017 оны 11 дүгээр сард батлагдсан Сонгуулийн шинэ хуулийн дагуу зохион байгуулагдав. Уг сонгуулиар Депутатуудын танхимын 630 төлөөлөгч, Сенатын 315 гишүүнийг тус тус сонгожээ. Итали Улсын Парламентын 18 дахь удаагийн сонгуультай хамт Лацих, Ломбарди мужид орон нутгийн сонгууль явагдсан байна. |
БҮГД НАЙРАМДАХ САЛЬВАДОР УЛС | 3 дугаар сарын 04-ний өдөр | Сальвадор улсад Парламентын сонгууль болов. Хууль тогтоох ассамблейн 84 төлөөлөгчийг 3 жилийн хугацаагаар сонгоно. Тэдгээрийн 20 төлөөлөгчийг нэг мандаттай тойргоос шууд сонгох бөгөөд, 64-ийг нь олон мандаттай 14 тойргоос намын нэрийн жагсаалтаар сонгодог. Сальвадор улсын 14 муж тус бүр олон мандаттай тойрог болж, тухайн мужийн хүн амын тооноос хамаарч тойрогт 3-16 мандат ногдоно. |
БҮГД НАЙРАМДАХ СЬЕРРА-ЛЕОН УЛС | 3 дугаар сарын 07-ны өдөр | Сьерра-Леон улсад Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болов. Тус улсын Парламентын бүрэлдэхүүнд 124 гишүүнээс гадна парламентын спикер, Ерөнхийлөгч багтдаг. Гишүүдийн 12 нь муж тус бүрийн төлөөлөл болон сонгогддог. Бүх нийтийн сонгуулийг 5 жил тутамд пропорциональ тогтолцоогоор явуулна. Парламентын гишүүнээр 21 насан хүрсэн, англи хэлний мэдлэг сайтай, намын гишүүд сонгогдох эрхтэй. Ерөнхийлөгч нь парламентын дэмжлэг авч Засгийн газрыг бүрдүүлэх бөгөөд, Дээд шүүхийн дарга, шүүгчдийг томилдог байна. |
БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛС | 3 дугаар сарын 11-ний өдөр | Куба Улсад болсон парламентын сонгуулиар Ардын Засгийн Үндэсний Ассамблейн гишүүдийг сонгохын зэрэгцээ орон нутгийн сонгуулийг хамт зохион байгуулжээ. Энэ сонгуулиар Үндэсний Хурлын 605 гишүүнийг сонгосон бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 8 сая гаруй иргэнээс 85,65 хувь нь саналаа өгсөн байна. Ассамблейн гишүүдийг нэг мандаттай тойргоос сонгоно. Нэр дэвшигчид сонгогдохын тулд 50-иас дээш хувийн санал авах шаардлагатай, ийм тооны санал авч чадаагүй тохиолдолд тухайн тойрогт дахин сонгууль явуулдаг. Куба улсын сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу нэр дэвшигчдийн 50% нь орон нутгийн төрийн байгууллагын албан хаагчид, үлдсэн нь эмэгтэйчүүд, залуучууд, оюутнууд, фермерүүдийн бүлгийн болон хувьсгалыг хамгаалах хороодын төлөөллүүд байдаг. |
КОЛУМБЫН БҮГД НАЙРАМДАХ УЛС | 3 дугаар сарын 11-ний өдөр | Колумби Улсын парламентын сонгуулиар Сенатын 102, Төлөөлөгчдийн Танхимын 166 гишүүнийг сонгосон байна. Төлөөлөгчдийн танхимын 162 гишүүнийг олон мандаттай 33 тойргоос пропорциональ тогтолцоогоор сонгодог бөгөөд хоёр гишүүнийг афроколумбийн төлөөлөл, индианы төлөөлөл болон колумбийн дүрвэгсдийн нэгдлээс тус бүр нэг гишүүнийг сонгодог ажээ. Харин 102 сенаторыг 2 аргаар сонгоно: - 100-г нь улсынхаа нийт дэвсгэрээс пропорциональ тогтолцоогоор, - 2 сенатчийг уугуул колумбчуудад зориулан байгуулдаг 2 тойргоос мажоритар тогтолцоогоор сонгоно. Нийт 36 сая сонгогчтой. |
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС | 3 дугаар сарын 18-ны өдөр | Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж Владимир Путиныг 6 жилийн хугацаагаар дахин сонгосон байна. Ерөнхийлөгчийн сонгуульд “Оросын бүх ардын холбоо” намаас Сергей Бабурин , Оросын Комму-нист намаас Павел Грудинин, Оросын Либерал ардчилсан намаас Владимир Жириновский, бие даан нэр дэвшигч Владимир Путин, “Иргэний санаачлага” намаас Ксения Собчак, “Оросын коммунис-тууд” намаас Максим Сурайкин, “Роста” намаас Борис Титов, “Яблоко” намаас Григорий Явлинский нарын 8 нэр дэвшигч өрсөлдөв. Сонгуулийн дүнгээр Владимир Путин сонгогчдын 76,69 хувийн саналыг авч ОХУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдов. Сонгогчдын саналыг ОХУ-ын нутаг дэвсгэр дээрх 97300, гадаад улсад байгуулагдсан 401 санал авах байранд авсан бөгөөд сонгогчдын ирц 67,54% байлаа. |
НИДЕРЛАНДЫН ВАНТ УЛС | 3 дугаар сарын 21-ний өдөр | Нидерландад олон нийтийн санал асуулга болов. Нидерландын Парламентын 2 танхимаар дэмжигдэн батлагдсан Мөрдлөгийн тухай хууль 5-р сарын 01-нээс хэрэгжих байсан боловч уг хуульд тусгагдсан иргэдийн интернэт дэх хувийн мэдээллийг цуглуулах талаар Ерөнхий тагнуул, аюулгүй байдлын алба, Байлдааны тагнуул, аюулгүй байдлын албаны зэрэг тусгай албадад эрх олгосон заалтуудыг эсэргүүцэгчид уг санал асуулгыг санаачилсан байна. Санад асуулгад нийт сонгогчдын 51,5 хувь нь оролцож, тэдгээрийн 48,7% нь хууль хэрэгжүүлэхийг эсэргүүцэн, 47,3% нь дэмжсэн дүн гарчээ. Санал асуулгатай хамтатган орон нутгийн сонгууль явагдсан байна. |
ТУРКМЕН УЛС | 3 дугаар сарын 25-ны өдөр | Туркмен улсын Парламент (Межлис)-ын болон орон нутгийн Хурлын сонгууль болжээ. Парламентын гишүүнийг 5 жилийн хугацаагаар сонгох ба 125 суудлын төлөө 284 нэр дэвшигч өрсөлджээ. Туркмен улсад Ардчилсан нам, Хөдөө аж ахуйн нам, Аж үйлдвэрлэгчдийн болон бизнес эрхлэгчдийн нам гэсэн 3 улс төрийн намтай. Эдгээр намуудаас 168 хүн, иргэдийн бүлгээс 116 хүн нэр дэвшсэн. Санал хураалт 2604 санал авах байранд явагдаж, нэрийн жагсаалтад 3,3 сая сонгогч бүртгэгдсэн бөгөөд сонгогчдын ирц 91,69% байлаа. Гадаад улсад байрладаг дипломат төлөөлөгчийн газруудад тус улсын 16 мянга гаруй иргэд саналаа өгчээ. Мөн анх удаа зарим санал авах байранд явагдаж буй санал хураалтыг онлайнаар шууд дамжуулж үзүүлсэн байна. |
АРАБЫН БҮГД НАЙРАМДАХ ЕГИПЕТ УЛС | 3 дугаар сарын 26-28-ны өдөр | Египет Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болов. Ерөнхийлөгчид 2 хүн нэр дэвшин өрсөлдөж, одоогийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси бие даан нэр дэвшиж, 21.8 сая сонгогч буюу нийт саналаа өгсөн сонгогчдын 97,08 хувийн саналаар Египет улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 59 сая сонгогчдын 41,05% нь санал хураалтад оролцжээ. |